Хааяа ч болов нүдний шилээ тайл


Харааны шилтэй хүмүүс сайн мэднэ дээ. Ямар үед хүмүүсийн царай өөлөх юмгүй цэвэрхэн харагддагийг, ямар үед одод хамгийн тод гэрэлтдэгийг. Хүсэн хүлээсэн хариулт чинь биш байж магадгүй ч, нүдний шилээ тайлсан үед л бидэнд ингэж харагддаг юм.
Уг нь харааны шилийг би хорвоо ертөнийг “төгс” харахын тулд зүүдэг юм. Гэтэл заримдаа бүхнийг төгс харахаас залхаад, нүдний шилээ тайлах үед бүдэгхэн харагдаж байгаа юм бүхэн өөр өөрийнхөөрөө “төгс” харагдаж эхэлдэг. Шилээ зүүсэн үед бүх хүний царайн дээрх өө сэв тод харагдана. Шилээ зүүсэн үед бүх гэрэл тэрүүхэндээ л ёлтойж харагдана. Харин шилээ тайлмагц…бүх хүн дөнгөж төрсөн хүүхдийнх шиг цэвэрхэн арьстай, гудамжны гэрэл, тэнгэрт түгсэн одод бүрэлзэхээрээ ердийнхөөсөө ч илүү тод, том гэрэлтэж харагддаг. Тиймээс л би хааяа нүдний шилээ авчихдаг.
Үүнтэй жишиж болохоор зүйл бидний амьдралд түгээмэл тохиолддогийг саяхнаас анзаарч эхэллээ. Юу гэвэл, бид бүгдээрээ л эргэн тойрондоо болж байгаа үйл явдал болгоны талаар яв цав, нарийвчлангуй мэдэхийг хичээдэг. Хэн нэгний хэлсэн таагүй үгийг “Чи сая юу гэсэн бэ?” гэж ирээд л давтаж хэлүүлнэ. Ямар нэг бэрхшээл, асуудал тулгармагц, мөн чанар, учир шалтгааныг нь олж, түүнийг “тод харах”-ын тулд өөрийгөө шаналгана. Хэвлий хэсэгтээ багахаан өөх нэмсэн байсан ч, түүнийгээ харахгүй байхын оронд байн байн толинд харж, улам ихээр гутарна. Бидний бүхнийг төгс мэдэх гэж хичээдэг зан заримдаа бүхнийг “төгс биш” гэдгийг мэдрүүлж уур бухимдалд хүргэдэг.
Яг ийм үед, миний өгөх зөвлөгөө бол зүгээр л “нүдний шилээ тайл”. Зарим зүйлийг тод харах гэж оролдох нь өөрт л таагүй мэдрэмжийгавчирдаг. Тиймээс зүгээр л бүдэг чигээрээ нүдэнд чинь үзэгдэж байг. Тэгвэл чи аз жаргалтай хэвээрээ үлдэж чадна. Зарим үгийг сонсох үедээ дүлий юм шиг аашил. Зарим үед мартамхай хүн шиг л тоохгүй дүр эсгэ. Амьдралд болж байгаа сөрөг үйл ядал, зовлон бэрхшээл бүрийн талаар дахин дахин тунгаан бодож түүний талаар сайтар мэдэх гэж оролдох шаардлагагүй. Харааны шилээ тайлчихаад, юм болгоныг бүдэгхэн харж байгаа хүн шиг л мэдээгүй дүр эсгэж, ач холбогдол бүү өг.
Нүдний шилээ тайлчихсан явах үед минь, үргэлж л амьдралынхаа талаар гомдоллож явдаг нэг танил минь надтай мэндэлж зөрснийг би хараагүй байж. Дараа нь түүнээс утсаар энэ тухайгаа сонсохдоо би дотроо юу гэж бодсон гээч, “Хааяа ч болов зарим таагүй зүйлсийг харахгүй өнгөрч болдог минь ямар их аз вэ” гэж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан