Толгой таллаж өвдөх эмгэгээр /мигрень/ шаналж буй хүмүүсийн хувьд Америкийн эрдэмтдийн санал болгож байгаа эмчилгээний шинэ арга ихээхэн найдвар төрүүлж байна. Аризона муж улсын их сургуулийн анагаах ухааны коллежид хийсэн клиник туршилтын явцад, ногоон өнгийн гэрлийг байнга цацруулснаар толгойн архаг өвдөлтийн давтамж, эрчмийг бууруулах боломжтой гэдгийг баталсан байна.
Толгой хүчтэй, давтамжтайгаар базалж өвдөх байдлаар төв мэдрэлийн системд нөлөөлдөг эмгэгийг мигрень /migraine/ гэдэг. Мигрень нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал, мэдрэлийн системийн хэт ачааллаас хамааран дангаар ба хавсарсан хэлбэрээр үүсдэг. Толгойн өвдөлт хэдэн цагаар зогсохгүй хэдэн өдрөөр үргэлжлэх тохиолдол бий.
Дээрх туршилтын дүнг Толгойн өвчлөлийг судлах олон улсын нийгэмлэгээс эрхлэн гаргадаг Cephalalgia гэдэг сэтгүүлд нийтэлсэн байна. Лондонд төвтэй энэ буяны байгууллага 30 гаруй орны хэдэн мянган эрдэмтдийг эгнээндээ нэгтгэдэг.
Өдөр бүр ногоон гэрлийн туяагаар 2 цагийн хугацаанд 2 сар хагасын турш “шарах” явцад туршилтад оролцогчдын ихэнхийнх нь хувьд толгой өвдөх давтамж хамгийн багадаа хоёр дахин буурсан байна.
Туршилтыг санаачлагч, Анагаах ухааны коллежийн мэдрэлийн мэс заслын профессор Мохаб Ибрагим-ын ярьснаар, түүхэнд анх удаа ногоон гэрлийн эмчилгээний туршилтыг хийснээр “фототерапи буюу гэрлийн эмчилгээ нь толгойн архаг өвдөлттэй тэмцэх арга мөн” гэдгийг баталжээ. Туршилтын дүн профессорын хүсэн хүлээж байснаас хамаагүй илүү байжээ.
“Мэдрэлийн маш хүнд эмгэгүүдийн нэг болох мигренийг эмчлэх аргыг олж чадлаа, туршилтын үр дүн надад маш их найдвар төрүүлж байна” хэмээн профессор ярилаа.
Хэвийн байдлаар ажиллаж амьдрах боломжийг үгүй хийдэг, маш их зовиур шаналгаа авчирдаг толгой таллаж өвдөх өвчнөөр /мигрень/ дэлхий даяар 1 тэрбум орчим хүн өвддөг болохыг ДЭМБ-ын мэдээлэлд дурдсан байна. Дэлхийн насанд хүрсэн хүмүүсийн 1,7-4 хувь нь сард 15 хоногоос доошгүй хугацаанд толгой өвдөх зовиурыг мэдэрдэг ажээ.
Амьдрал бэлэглэгч ногоон гэрэл
Мигренийг эмээр эмчлэх боломж тун хязгаарлагдмал бөгөөд өвчин намдаагч эм уусан олон хүнд ноцтой гаж нөлөөнүүд илэрдэг байна. Ийм учраас толгойн архаг өвдөлтийг намдаахын тулд эмчилгээний гипноз хийх, когнитив зан байдлын мэдрэлийн эмчилгээ хийх, ботокс тарих гэх мэт олон аргыг хэрэглэдэг.
Гэрлийн эмчилгээний шинж чанарын талаар эмч нар өмнө нь сайн мэддэг байсан боловч мигрень өвчний үед ийм төрлийн эмчилгээг өнөөг хүртэл ашиглаж байсангүй. Тухайлбал, тодорхой долгионы урттай гэрлийн цацраг нь шарх эдгэрэлтийг түргэсгэж, нүүрний ясны холбоос үенүүдийн үйл ажиллагаа алдагдсанаас үүдэлтэй өвдөлтийг намдаадаг болохыг клиник туршилтуудын явцад баталж байв.
Хөх, ногоон гэрлүүд нь туршилтын амьтдад мэдрэлийн системийн хямралаас үүдэлтэй архаг өвдөлтийг намдаах үйлчилгээ үзүүлж байгааг хулгана дээр урьдчилан туршилт хийсэн Аризонагийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Харин хулгануудын нүдийг боосон үед гэрлийн эмчилгээний нөлөө огт байгаагүй аж. Тэгэхээр харааны мэдрэмж нь гэрлийн эмчилгээний шинж чанарыг тодорхойлж байна гэсэн үг.
Аризонагийн эмч нар туршилтад сайн дураараа оролцсон 60 хүнийг хоёр хэсэгт хуваагаад тэдэнд тус бүрд нь гэрлийн диодон тууз өгчээ. Тэдний заримд нь ногоон гэрэл цацруулагч, бусдад нь ердийн өдрийн гэрэл цацруулагч өгсөн байна. Ингээд 10 долоо хоногийн туршид өдөр бүр 2 цагийн хугацаанд өөрсдөд нь өгсөн багажаар туршилтыг хэрхэн хийх тухай зааварчилжээ. Тогтоосон хугацаа өнгөрсний дараа хоёр бүлэгт хийсэн туршилтын үр дүнгүүдийг харьцуулсан байна.
Гэтэл бүлгүүдэд хийсэн туршилтын дүнгүүдийн зөрүү асар их байсан нь эмч нарыг үнэхээр гайхшруулжээ. Өдөр бүр ногоон гэрлийг ашиглаж байсан сайн дурынхны 2/3-ынх нь толгой өвдөх давтамж 60 хувиар, өвдөлтийн эрчим 8-аас 3,2 хүртэл /10 баллын шатлалаар/ буурчээ. Үүний зэрэгцээ туршилтад оролцогчдод мигрень өвчний илрэл дор хаяж 2 дахин буурсан байна.
Ногоон гэрлийн диодыг авсан сайн дурынхны биеийн байдал эрс сайжирсан бөгөөд тэд /нэгээс бусад нь/ эмчилгээний ногоон дэнлүүг гэр рүүгээ дуртайяа авч явжээ.
Ингээд хяналтын бүлгийн сайн дурынхан дээр эмчилгээний нөлөөг шалгаж үзэхээр шийдэв. Тэднийг өдрийн гэрэлгүйгээр хоёр долоо хоног амраасны дараа ногоон гэрэл цацруулагчийг өгч, өмнөхийн адил 10 долоо хоногийн хугацаатай туршилт явуулахад үр дүн нь яг ижил байв.
“Ногоон гэрлийн гэх мэт эмийн бус эмчилгээ нь эм уух дургүй эсвэл өөрсдөд нь эм үйлчилдэггүй олон өвчтөнд маш их ач тустай” гэдгийг Аризонагийн коллежийн Мэдээгүйжүүлэлт, бодис судлалын тасгийн профессор, туршилтыг санаачлагчдын нэг Амол Патвардан онцлон хэллээ.
“Түүнчлэн бидний хэрэглэсэн аргын бас нэгэн давуу тал нь гаж нөлөө огт байхгүй, нойрыг сайжруулахаас гадна амьдралын чанарын бусад үзүүлэлтийг дээшлүүлдэг явдал юм” хэмээн тэрбээр ярилаа.
Аризонагийн их сургуулийн цахим хуудсанд бичсэнээр, Европ, Ази, Африкийн олон эмч нар профессор Ибрагимд хандаж, туршилтанд ашигласан гэрэлтүүлгийн нарийн тодорхой үзүүлэлтүүдийг бидэнд өгөөч гэсэн хүсэлтийг ирүүлсээр байгаа аж.
“Гэрлийн диод нь хямд төсөр учраас эмчилгээний энэ хувилбарыг туршаад үзэх боломжтой. Ялангуяа бага орлоготой хүмүүсийн хувьд эмэнд мөнгөө зарцуулахын өмнө сайтар бодох хэрэгтэй” гэдгийг профессор зөвлөлөө.
Б.Адъяахүү Эх сурвалж: ВВС