Дэлхийн хүн амын 99 хувь нь бохирдсон агаараар амьсгалж байна


ЖЕНЕВ. /VOA/.
 Дэлхийн хэмжээнд жилд 13 сая хүн хүрээлэн буй орчинтой холбоотой шалтгаанаар, түүнээс долоон сая гаруй хүн агаарын бохирдлын улмаас нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.ДЭМБ-ын шинэ тайлан дэлхий дахин бараг бүхэлдээ эрүүл бус агаараар амьсгалж байгааг нотолжээ. Иймд агаарын бохирдлын түвшнийг бууруулахын тулд чулуужсан түлшний хэрэглээг зогсооход яаралтай арга хэмжээ авахыг тус байгууллага уриалсан байна. Агаарын бохирдол нь олон тэрбум хүний эрүүл мэндэд аюул учруулж, олон сая хүн урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр нас барахад хүргэж байгааг тайланд тодотгожээ.
ДЭМБ-ын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн асуудал хариуцсан хэлтсийн мэргэжилтэн Софи Гамигийн хэлснээр, Ойрхи Дорнодын зүүн хэсэг, Зүүн Өмнөд Ази, Африкийн бүс нутагт агаарын чанар хамгийн муу байна.
 
“Жилд нас барж байгаа долоон сая хүний дийлэнх нь бага, дунд орлоготой орнуудын иргэд байна. Гэхдээ энэ нь өндөр орлоготой орнуудад нөлөөлөхгүй байгаа гэсэн үг биш. Бид агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тооцоолохдоо нас барагсдын тоог ашиглаж байгааг та бүхэн мэднэ. Гэхдээ агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийг бодитоор тооцоолох хэрэгтэй. Агаарын бохирлын улмаас маш их зардал гарч байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
ДЭМБ-ын тайланд олон агаарын бохирдуулагчийн хэмжээ нь бага байсан ч ихээхэн хор хөнөөл учруулж байгааг онцлон тэмдэглэжээ. Тодруулбал, тоосонцор уушги, судсанд гүн нэвтэрч, улмаар зүрх судасны өвчин, цус харвалт, амьсгалын тогтолцооны өвчнүүдийг үүсгэдэг байна. Тайланд азотын исэл буюу NO2 нь астма болон амьсгалын замын бусад өвчнийг үүсгэдэг хэмээн бичжээ.
ДЭМБ-ын Хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Мариа Нейрагийн хувьд бохирдуулагч тоосонцор нь хүний биеийн бараг бүх эрхтэнд нөлөөлөх боломжтой учир үүнийг тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаантай давхцаж буй эрүүл мэндийн томоохон асуудал гэж нэрлэжээ. Иймээс агаарын бохирдлын шалтгааныг ижил аргаар шийдвэрлэх ёстой гэж М.Нейра хэлсэн байна.
 
“Цэвэр, орчин үеийн, тогтвортой сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжих үйл явцыг хурдасгах хэрэгтэй байна. Та бид эрүүл мэндээ хамгаалахын тулд эрчим хүчний үйлдвэрлэлийн чулуужсан түлшнээс хамааралтай байдлыг өөрчлөх шаардлагатай гэдэгтэй бүгд санал нийлэх байх гэж бодож байна” гэж тэрбээр ярьжээ.
ДЭМБ-ын зүгээс аюулгүй, боломжийн үнэ бүхий нийтийн тээврийн системийг бий болгох, тээврийн хэрэгслээс ялгарах утаатай холбоотой зохицуулалтуудыг чангатгах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, эрчим хүч үйлдвэрлэхэд хөрөнгө оруулах, аж үйлдвэр, хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан