Т.Мөнхзул: Менингококкт халдварын нэн хүнд үед 4-6 цагийн дотор цусархаг тууралт гарна


ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Т.Мөнхзул менингококкт халдварын шинж тэмдэг, нууц үеийн хугацааны талаарх мэдээлэл, зөвлөгөөг хүргэлээ.
Хэрхэн халдварлах вэ?
Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь богино, хэдэн цагаас эхлээд 20 хоног хүртэл, дунджаар 6-7 хоног байдаг. Тус халдвараар бүх насны хүн өвчлөх эрсдэлтэй бөгөөд тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.
Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
  • Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
  • Биеэр цусархаг тууралт гарах
  • Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
  • Олон удаа бөөлжих
  • Хоолонд дургүй болох, ядарч сульдах
  • Татах
  • Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
  • Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх.
Хүнд явцтай үед 12 цагийн дотор цусархаг тууралт хөл, гараас эхэлж гарна. Нэн хүнд үед 4-6 цагийн дотор хөл, гуя, нуруу, цээж, нүүрээр цусархаг тууралт гарч, богино хугацаанд хүндэрдэг өвчин юм.
Хэрвээ шалтгаан тодорхойгүй өндөр халуурвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Менингококкт халдварын улирал болж байгаа тул өрх, дүүргийн эмч нар хүүхдэд үзлэг хийхдээ хянамгай анхаарах хэрэгтэй.
Эх сурвалж: ARSLAN

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан