Ганц хурууны хөлдөлтөөс болж хордлогод орж амь насаа алдах тохиолдол бий


Биеийн аль нэг хэсэг хөлдөж гэссэний дараа хордлогын бодисууд нь бие рүү орж үхэлд хүргэх аюултай байдаг. Бүтэн гар, хөл хөлдсөн тохиолдолд хагалгаа хийхгүй бол үхэх эрсдэлтэй. Үүнээс гадна гар, хөлийн ганц хуруу хөлдсөн ч эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Хөнгөн зэргийн хөлдөлт гээд эмнэлгийн тусламж авахгүй орхих үе байдаг. Гэтэл ганц хурууны хөлдөлтөөс болж хордлогод орж амь насаа алдах тохиолдол байдаг.
ХӨЛДӨЖ БАЙНА ГЭДГИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ
Биеийн аль нэг эрхтэн хөлдөж байгаа тохиолдолд эхлээд маш ихээр даарна, хэсэг хугацааны дараа халуу дүүгэж, өвдөлт мэдрэгдэнэ. Халуу дүүгэж өвдөх үед тухайн хэсэг цайж, мод шиг хатуу болж эхэлбэл хөлдөлт явагдаж байна гэсэн үг. Энэ нь хөлдөлтийн эхний шинж тэмдэг бөгөөд энэ тохиолдолд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
ХӨЛДСӨН ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ
Хөлдсөн үед хамгийн түрүүнд дулаан газарт орж хөлдсөн эрхтнээ гэсгээж, мөн халуун зүйл уух хэрэгтэй. Цусан хангамж нь байхгүй болж хөлдсөн эрхтэн дулаан температурт орохоор цус нь гүйж улмаар цэврүүтэх, өвдөх, хорсох шинж тэмдэг илэрнэ. Гэтэл хүмүүс хөлдсөн хэсгээ хүйтэн зүйлээр үрэх, усанд хийх гэх мэт буруу арга хэмжээ аваад байдаг. Хөлдсөн хэсгээ заавал дулаан температурт гэсгээх хэрэгтэй. Дулаацуулсны дараа гэрийн нөхцөлд эхний ээлжид баавгайн тос, шар тос, өмхий тос түрхэж болно. Түүнийхээ дараа шууд эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
ХӨЛДӨХГҮЙ БАЙХ ХАМГИЙН САЙН АРГА БОЛ ТАСРАЛТГҮЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙХ
Биеийн аль нэг эрхтнээ хөлдөөгөөд ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь хөдөлгөөнгүй нэг газар удаан байснаас үүдэлтэй байдаг. Хөлдөхгүй байхын тулд тасралтгүй хөдөлж, алхах хэрэгтэй. Гэхдээ алхах үедээ хэт хурдан, хэт удаан явж болохгүй.
Хэт хурдан явах нь биеэс хөлс ялгаруулж улмаар хөлдөх эрсдэлийг улам нэмэгдүүлдэг.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан