Омикроны омог: Өмнөд Солонгос иргэддээ гадаадад хийх аялалаа цуцлах зөвлөмж өгчээ

Өмнөд Солонгосын эрх баригчид дэлхий даяар COVID-19 цар тахлын шинэ омог “Омикрон” вирус тархаж байгаатай холбогдуулан иргэддээ гадаадад зорчихыг дахин нэг сараар цуцлах зөвлөмжийг өгсөн гэж тус улсын Гадаад харилцааны яам мэдээлжээ.
Яамны зөвлөмжид:
-Нэгдүгээр сарын 13-ныг хүртэл зайлшгүй бус гадаадад зорчих аялалаа цуцлах, хойшлуулах,
-Хэрвээ яг одоо гадаадад байгаа бол вирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, жишээлбэл, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг зөвлөжээ.

Өмнөд Солонгост коронавирусын шинэ тохиолдлын тоо хоёр дахь өдөр дараалан 6000-аас бага бүртгэгджээ. Тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас (KDCA) мэдээлснээр, Мягмар гаригт тус улсад COVID-19 халдварын 5567 шинэ тохиолдол бүртгэгдэж, COVID-19-тэй хүнд өвчтэй өвчтөнүүдийн тоо 906-д хүрч, дээд амжилт тогтоожээ. Өдөрт нас барсан хүний тоо 94-өөр тоологдсон байна.
Мөн Өмнөд Солонгост COVID-19 цар тахлын “Омикрон” шинэ хувилбарын 119 тохиолдол бүртгэгджээ. Вирусын тархалтыг зогсоохын тулд эрүүл мэндийн байгууллагууд  улс даяар вакцинжуулалтын кампанит ажлыг эрчимжүүлэхэд анхаарч эхэлжээ.
Ням гаригаас эхлэн Засгийн газар анхан шатны болон нэмэлт вакцинжуулалтын хоорондох хугацааг өмнөх 4-5 сарын оронд гурван сар болгон бууруулсан байна. Өмнөд Солонгосын нийт хүн амын 81.3% нь вакцинд бүрэн хамрагдаж, 83.8% нь COVID-19 вакцины эхний тунг, 13.9% нь нэмэлт вакцин хийлгээд байгаа аж.

Даваа гарагт тус улсад ресторан, кафе, боловсролын байгууллага, интернет кафе зэрэг олон тооны аж ахуйн нэгжүүд дээр вакцинтай иргэдийг нэвтрүүлэх систем ажиллаж эхэлсэн байна. Энэ нь байгууллагуудаар зөвхөн бүрэн вакцин хийлгэсэн эсвэл COVID-19-ийн шинжилгээний хариу сөрөг гарсан хүмүүс л үйлчлүүлэх боломжтой аж.
Хэрвээ энэ арга хэмжээг дагаж мөрдөхгүй бол 1.5 сая вон буюу 1260 долларын торгуул ногдуулах бөгөөд журмыг зөрчсөн аж ахуйн нэгжийг хаах хүртэл арга хэмжээ авах гэнэ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан