ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан төрөлхийн өндгөвчний хавдартай найман настай хүүхдэд дурангийн мэс засал эмчилгээг амжилттай хийжээ. “Найман настай охины гэдэс өвдлөө” гэсэн зовуурьтай орон нутгийнхаа эмнэлэгт хандсан байна. ЭХО оношилгооны зургаар хүүхэд өндгөвчний хавдартай, мэс засал хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан тул ЭХЭМҮТ рүү илгээжээ.
Ийм эмгэг хүүхдэд хэр зэрэг тохиолддогийн ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяраас тодруулахад, Жилд 10 гаруй хүүхэд ирдэг. Өндгөвчний төрөлхийн уйланхайтай болон хортой, хоргүй хавдартай хүүхэд ирдэг. Уйланхайтай бол мэс засал хийхгүй, эмээр эмчилж болно. Энэ хүүхдийн тухайд үр хөврөлийн гаралтай хоргүй хавдар байсан учир дурангаар мэс заслын эмчилгээ хийсэн.
-Хүүхдийн бие ямар байна вэ?
-Хагалгааны дараах хяналтын хугацааг дуусгаад, эмнэлгээс гарсан. Хүүхэд бүрэн эдгэрнэ.
-Энэ мэс заслаас үүдэж цаашид эрүүл мэндэд нь ямар нэг сөрөг ул мөр үлдэх үү?
-Хүүхэд эрүүл болсон. Нэг өндгөвчнийх нь оронд хоргүй хавдар үүссэн байсан. Хавдрыг авсан учир том болоод жирэмслэх, нөхөн үржихүйн үйл ажиллагаанд ямар нэг сөрөг нөлөө гарахгүй.
-Төрөлхийн ийм эмгэгтэй хүүхдийг эрт илрүүлж, эмчлүүлэх ямар боломж байна вэ?
-Ямар нэг зовуурь илэрсэн үед нь эмнэлэгт хандаж байна. Эсвэл эрүүл мэндийн өөр шалтгаанаар эмнэлэгт ирээд санамсаргүй байдлаар оношлогдох тохиолдол бий. Ийм эмгэг ихэвчлэн өсвөр насны хүүхдэд тохиолддог. Энэ удаагийнх бага насны хүүхэд байлаа гэв.