Эмч М.Батбаяр: Ковидоор өвчилсөн нэг хүнд 200 мянган төгрөг зарцуулаад 2.1 сая төгрөг улсаас авч байна

“Ковид-19” вирусийн эмчилгээний улаан бүсэд өнөөдөр мянга мянган эмч, ажилтнууд цаг наргүй ажиллаж байгаа билээ. Үүний адил М.Батбаяр эмч хувийн хэвшлийн “Авецина” эмнэлэгт халдварын голомтод ажиллаж байсан нь саяхан. Гэвч эмнэлгийн зүгээс эмч, ажилчдынхаа хөдөлмөрийг дорд үнэлж, өвчтөний түүхийг худлаа бичиж, Эрүүл мэндийн даатгалаас их хэмжээний мөнгө шамшигдуулж байгааг өөрийн нүдээр харсан тэрээр хууль ёс шаардсаныхаа төлөө ажлаа өгчээ.
Улаан бүс нэрээр улсын төсвийн мөнгийг зарим эмнэлгүүд хэрхэн шамшигдуулж байгаа талаар анагаах ухааны магистр, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, эмч М.Батбаяртай ярилцлаа.

-”Ковид-19” вирус Монгол Улсад хүндхэн нөхцөл байдалтай байна. Улаан бүсэд ажиллах эмч, мэргэжилтнүүд хомсдож байгааг албаныхан өдөр бүр мэдэгдсээр байгаа. Гэтэл тань шиг туршлагатай эмч гэртээ суухад хүргэсэн үйл явдал юу байв?

-”Ковид-19” вирус бол Монгол Улсыг ихээхэн нэрвэж байна, ард түмний эрүүл мэнд ч хүндхэн байна. Би эрүүл мэндийн салбарт 36 жил ажилласан эмч хүний хувьд сэтгэл өвдөж сууна.

Би хувийн хэвшлийн “Авецина” эмнэлэгт 2011 оноос хойш зөвлөх эмчээр ажиллаж ирсэн. Өнгөрсөн зургадугаар сарын 20-нд эмнэлгийн удирдлын зүгээс “Манайх “Ковид-19”-өөр өвдсөн хүмүүсийг эмчлэхээр болсон. Улаан бүсэд ажиллах нь байна. 14 хоног байрлаж ажиллана. Бэлтгэлтэй ирээрэй” гэсний дагуу ажиллаж эхэлсэн. Ингээд наймдугаар сарын 20 хүртэл улаан бүсийг хариуцаж багийнхнаа удирдаж ажиллалаа. Энэ хугацаанд 14 хоногийн хугацаатай гурван удаа ээлжинд гарсан байдаг. Манай ээлжинд дөрвөн эмч ажилласан. Бид тухайн үед хоёр сар орчим ажиллахдаа цалин хангамж, урамшуулал аваагүй байлаа. Тэр үетэй давхцан эмнэлэгт санхүүжилтийн 400 гаруй сая төгрөг орж ирснийг дуулсан. Тиймээс эмч, ажилтнууд маань нэгдэж цалин урамшууллаа авах асуудлыг удирдлагуудад тавьсан юм. Тухайн үед улаан бүсэд ажиллаж байгаа эмч ажилтнууд 3 хүртэлх сая төгрөгийн урамшуулал авч байгаа мэдээлэл гарсан шүү дээ. Эмнэлгүүд ч эмч нартаа өгсөн байсан. Бид ч энэ жишгээр авах нь гэж ойлгож байсан. Учир нь манай эмнэлгийн хувьд боловсон хүчин хомс. Сувилагч бараг байхгүй. Эмч нар өөрсдөө цагийн тариагаа тарьж, өвчтөнөө хүлээн авч, өвчтөний түүхийг бичих гээд хэд хэдэн ажлыг хариуцаж хийдэг байсан.

Гэтэл эмнэлгийн удирдлагуудын зүгээс эмч нарын урамшуулалд 1.5 сая төгрөг өгөх боломжтой гэснээр бидний зөрчилдөөн үүссэн. Хангалттай хэмжээний санхүүжилт ороод ирчихсэн байхад халдвартай бүсэд улаан гараараа ажиллаж байсан цөөхөн эмч нартаа омогдож, хөдөлмөрийг нь үнэгүйдүүлсэнд маш их гомдсон. Нөгөө талаар зөвхөн цалин хөлстэй холбоотой асуудал ч биш. "Ковид-19" нэрээр шаардлага хангаагүй эмнэлгүүд маш их мөнгө угааж байгааг өөрийн нүдээр харсан. Тэр шударга бус зүйлтэй эвлэрэх ёс зүй байгаагүй учраас эмнэлгийн удирдлагатай зөрж, ажлаа өгөхөд хүрсэн.
-Шаардлага хангаагүй эмнэлгүүд мөнгө угааж байна гэдгийг тодруулахгүй юу. Өөрийнхөө ажиллаж байсан эмнэлгийг хэлж байна уу?
-Тийм ээ. Бид бол ард түмний эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн хүмүүс. Тиймээс би өвчтөнөө эмчлэх үүрэгтэй, амьд авч гарах ёстой. "Ковид-19" вирус бол маш хүнд өвчин. Ядаж л халдвар аваад хэвтэж байгаа хүмүүсийн тодорхой хэсэг нь архаг суурь өвчтэй байдаг. Тэдгээрт тохирсон эмчилгээг бид хийх ёстой. Гэтэл эмнэлгийн зүгээс зөвхөн "Ковид-19"-ийн эмчилгээг хийнэ гээд илүү зардал төсөвлөхгүй байх явдал наад захын жишээ.Цаашлаад хөнгөн өвчтөнийг хүндэвтэр болгож өвчтөний түүх бичихийг шаарддаг, тав болон долоо хоноод эмнэлгээс гарсан өвчтөнийг заавал 10 хоногоор бичүүлэх зэргээр маш их зөрчилтэй явдал улаан бүсэд болсон.
-Хөнгөн өвчтөнийг хүндэвтэр болгож, заавал 10 хоног хэвтүүлсэн гэж бичдэг нь ямар учиртай юм бэ?
-Санхүүжилт нэмж авах гэж л тэр шүү дээ. Бидний олж сонссоноор хөнгөн өвчтөний 10 хоногийн эмчилгээний зардалд улсаас 900 гаруй мянган төгрөг төсөвлөдөг бол хүндэвтэр өвчтөнд 2.1 сая төгрөг төсөвлөдөг юм билээ. Тиймээс бүх өвчтөнийг хүндэвтэр болгож, бүгдийг нь 10 хоногоор өвчтөний түүх бичүүлдэг байсан. Олон зуун хүн хэвтэж, эмчлүүлээд гарсан. Тэгэхээр ямар хэмжээний мөнгө төгрөг завшсан байх вэ. Гэтэл үүнийг нь хянадаг шалгадаг нэг ч газар байдаггүй юм билээ. Бараг хоорондоо сүлжээ болчихсон байдаг нь ажиглагдсан. Эмнэлгээс худлаа мэдээлэлтэй өвчтөний мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын сан руу шивдэг юм. Гэтэл эрүүл мэндийн даатгалын байцаагч "Танайх арай хэтэрхий байна. Бүх өвчтөнөө хүндэвтэр болгож бичиж байна. Ядаж цөөн хэдийг нь хөнгөн болго" гэх агуулгатай зүйл ярьж байсныг мэдэх юм. Үүнээс л тодорхой харагдаж байгаа байх.
-Хяналт шалгалт ирдэггүй байсан хэрэг үү?
-Ерөөс ирж байгаагүй. Яах вэ, нэг удаа өвчтөний гомдлын мөрөөр ЭМЯ-наас хоёр мэргэжилтэн ирээд шалгаад явахдаа "Танай эмнэлэг үнэхээр шаардлага хангахгүй байна. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс үүнийг шалгадаггүй хэрэг үү. Яагаад ийм халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөөгүй газар улаан бүс болгодог байна аа" гээд гайхаад явцгаасан. Тэгээд л таг болцгоосон доо.
-Архаг суурь өвчтэй хүмүүст шаардлагатай эм тариаг хийхээс цааргалдаг байсан гэлээ. Тэгвэл ковидын эмчилгээнд нэг өвчтөнд хэдий хэмжээний зардал гаргадаг байсан юм бол?
-Хамгийн ихдээ л эм, ор хоног, хоол, эмчийн цалин гээд нийлээд 200 мянга орчим төгрөг л зарцуулагдаж байсан. Бид чинь эмийн үнэ ханш ямар байгааг мэднэ шүү дээ. Өрхийн эмнэлгүүдийн тараадаг эмийн багцыг л өвчтөнүүдэд өгдөг. Дээр нь хэдэн удаагийн дусал тариа, ингээд л бол оо. Ингэж 200 мянган төгрөг зарцуулаад 2.1 сая төгрөг болгож улсаас авч байсан даа. Үүнийг л хараад эмч хүний ёс зүйн үүднээс маш их дургүй хүрсэн. Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын сангаас захын хувийн эмнэлэг ингэж дураар авирлаж мөнгө завшиж болдог хэрэг үү. Уг нь энэ сангийн мөнгө чинь монгол хүн бүрийн эрүүл мэндийн үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хуваарилагдах ёстой шүү дээ.
-Цар тахлын үед өвчтөн хүлээж авах эмнэлгийг тодорхой шалгуураар сонгож байгаа гэлцэж байгаа. Танайх тэдгээр шаардлагад нийцэж чадаж байв уу. Ер нь улаан бүс болгохын өмнөх бэлтгэл, хяналт шалгалт гэх зэрэг ЭМЯч юмуу дээд байгууллагаас хяналт шалгалт, арга зүйн зөвлөгөө өгч байв уу?
-Зөвлөх эмчийн хувиар эмнэлгийн бүхий л үйл ажиллагааг би мэдэх хэмжээний хүн. Миний мэдэхээр ямар нэгэн хяналт шалгалт, арга зөвлөгөө ерөөс тухайн үед өгөгдөөгүй. Нэг л өдөр "Ковид эмчилнэ" гээд л биднийг дуудсан. Мэдээж Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрсөн байх.
Ингэхдээ боловсон хүчин, тусгай хувцас хэрэглэл хангалт, эмийн нөөц ямар байгааг нарийн шалгах ёстой. Эмч нарт гэхэд ковидын тусламж яаж үзүүлэх талаар арга зүйн зөвлөгөө, сургалт ч хийх ёстой. Гэтэл тухайн эмнэлэг маань магадлан итгэмжлэгдээгүй. Бид чадахаараа ажиллаж байсан ч халдвар хамгааллын нөхцөл байдал маш муу орчинтой. Хүнд өвчтөнүүд хэвтэж байхад эмнэлгийн дээд давхарт барилгын ажил өдөр бүр хийгээд л явж байх жишээтэй. Улаан бүс хэрнээ өвчтөний эргэлт ямар нэгэн хяналтгүй, орж гарч л байдаг. Сэтгэлтэй, зүтгэлтэй эмч нарын хөдөлмөрийн үр дүнд ямартаа ч өвчтөнүүд маань ихэнх нь хөнгөн өвчлөөд эдгэрээд, баярлаад гарцгааж байсан.
-“Авицена” эмнэлгийн удирдлага гэж ямар хүмүүс байх юм?
-Эмнэлгийн эзэн бол ГССҮТ-д мэс заслын эмч хийж байсан н.Амгаланбаатар гэж хүн бий. Зүй ёсны шаардлага тавихад "Шалгуулдаг газраараа яваад цалингаа аваарай" гэж элдэв бусаар хэлсэн дээ. Эхнэр нь дунд мэргэжлийн хүн. Эмнэлэгт сувилагч, менежер, санхүү гээд олон төрлийн ажил хариуцдаг. н.Амгаланбаатар бол улаан бүсэд өөрөө орж үзээгүй, эмнэлгийн гаднаас л ажилчдаа удирддаг. Улаан бүсэд хэдэн эмч нар нь яаж цаг наргүй ажиллаж байгааг мэдэхгүй. Мэдэх ч сэтгэлгүй байсан нь ажилласан цалин, урамшуулал олгоход харагдсан даа.
Амгаланбаатар эмч өөр ч эмнэлэг, сувиллуудтай. "Авецина" эмнэлгээс гадна "Аюурвейд", "Филошип" гэсэн эмнэлэгтэй. Эдгээр эмнэлгүүд нь мөн л магадлан итгэмжлэгдээгүй. Анагаахын сургууль төгссөн хүнийг шууд л захирлаар нь тавьчихаад олон жил ажиллаж байгаа. Боловсон хүчин байхгүй хэрнээ мөн л ковидын эмчилгээг хариуцаж ажилласаар байгаа юм билээ. Яг л "Авецина" эмнэлгийн жишгээр улсын төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө завшиж байгаа. Эртхэн дээ, УИХ-ын гишүүд хамаарал бүхий компаниуддаа ЖДҮ олгосон хэрэг мандсан. Тэдгээр ЖДҮ авсан компани дотор Амгаланбаатар эмчийн мэдлийн "Баруун-зүүн эх" сувилал 500 сая төгрөгийн зээл авсан асуудал АТГ-т шалгагдаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байсан.
-Та энэ асуудлаар АТГ-т хандсан гэв үү?
-Нүдэн дээр илт хууль бус үйлдэл хийж, эмч ажилтнуудаа хууль бус зүйл хийхийг шаардаж мөнгө завшиж байсныг шалгуулахаар АТГ-т наймдугаар сарын 20-нд гомдол гаргасан. Гэтэл нэг сарын дараа "Нийслэлийн прокурорын газраас ярьж байна. Таны гомдол нотлогдохгүй байна" гэж утсаар яриад тасалсан. Маш харамсалтай байна. Улаан цагаан улсын мөнгө завшиж, тав хоног хэвтсэн өвчтөнийг 10 хоног болгож, хөнгөн өвдсөн хүмүүсийг хүндэвтэр гээд зөвхөн нэг хүн дээр нэг сая гаруй төгрөг завшиж, хэдэн зуун хүнд ингэж худлаа өвчтөний түүх үүсгэж байгаа үйлдэл ашиг сонирхол, авлига албан тушаалын хэрэг биш байж таарахгүй. Эмч хүний ёс зүйд хэзээ ч таарахгүй, харж эвлэрч чадахгүй байсан учраас улаан бүсээс гарсан. Надтай хамт хоёр ч эмч маань халшраад гарсан даа.
Б.ЭНХЗАЯА
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан