“Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораториудын мөнгө угаалт-II

Шинжилгээнд хамрагдсан 90 мянган хүний олонхынх нь хариу буруу гарсан гэв үү
Вируст гепатит өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас жил бүр дэлхий дахинд 1.45 сая хүн нас бардаг. Энэ өвчин монголчуудыг ч тойролгүй дайрч, дэлхийн бусад орны нэгэн адил аюулын харанга дэлдэх болсон. 2014 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар манай улсад гепатитын В, С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн амьдарч байгаа гэсэн тоо бий. Иймээс улс, үндэстнээрээ В, С вирусийг илрүүлэхийн төлөө хөдөлж, энэ өвчнийг хяналтдаа авч, эмчлэх болсон нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2017 он. Ийн улсынхаа хэмжээнд бодлого боловсруулж, ажиллаж буй орон дэлхийн хаана ч үгүй аж. Иймээс ч “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг ДЭМБ байгууллага сайшаан хүлээн авч, дотоодын төдийгүй олон улсын эмч, мэргэжилтнүүдээс эхлээд энгийн иргэд, ээж, аав, хамаатан саднаа энэ өвчнөөс болж алдсан хүмүүс алга ташин, баярласан. 

28 ЛАБОРАТОРИЙН 13 НЬ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭГҮЙ

В, С вирусийн шинжилгээгээр монголчуудад хамгийн танил “Хаппи веритас” төв хүртэл энэ шалгалтад хариу өгөхөөс татгалзжээ. Түүнчлэн “Гялс” анагаах ухааны төвийн лаборатори, UB нэгдсэн лаборатори шалгалтад тэнцээгүй байв. Мөн тэнцээгүй лабораториудын дотор улсын эмнэлгийн нэр ч байв. Орон нутагт ийм төрлийн шинжилгээ хийх эрхтэй цөөхөн эмнэлгийн нэг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори “Вирусийг тоолохгүй байгаа” гэж мэдэгджээ. Эдгээр лабораторид тусгай зөвшөөрөл олгож, энэ төрлийн шинжилгээ хийж, Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авах эрх олгосон газар нь ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар. Гэтэл нэг ч удаа ийм төрлийн шинжилгээ хийж байгаагүй эмнэлгийн байгууллага яаж яваад тусгай зөвшөөрөл авчихсан нь сонин. Тэр байтугай зарим лаборатори иргэдээс авсан шинжилгээгээ нөгөөдөө дамжуулсан хэрэг ч гарчээ.  “Бид чадна” гэж иргэдээс шинжилгээ авч, түүнийгээ өөрсдөөсөө арай дөнгүүр нэгэн рүүгээ явуулсан байгаа юм. Хэрэв шинжилгээний хариу үнэн, зөв гарч байвал тэд бие биедээ дамжуулах нь дүүрч. Гэтэл өнөөх дамжуулсан лабораторийн хариу нь ч буруу байжээ. 
Энэ мэт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт хамрагдаж, В,С вирусээ тоолуулсан иргэдийн хэдийнх нь хариу үнэн, хэд нь буруу гэдгийг мэдэх арга алга. Эх сурвалжийн мэдээлснээр 90 мянган хүний хариу худлаа гарсан байх магадлалтай гэсэн. Хамгийн гол нь иргэд итгэж, найдаж байсан эмнэлэгтээ, эмчдээ хууртжээ. Гэсэн ч тэд өнөөг хүртэл хууртаж байгаагаа мэдээгүй явна. Шалгалтад тэнцээгүй лабораториудад хариуцлага тооцохдоо холбогдох байгууллагынхан зөвхөн вирус тоолох шинжилгээ хийх эрхийг нь цуцалсан байна. Үнэндээ, тэдний бусад шинжилгээний хариу нь ч үнэн, зөв гарч байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Иймээс энэ лабораториудыг эрүүл мэндийн салбарт дахин үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах ёстой. Гэтэл өнөөх хэд маань эрүүл мэндийн салбарыг доромжилж, “Бид тоног төхөөрөмжөө шинэчилчихлээ. Дахиад зөвшөөрөл өгөөч” хэмээн таваргаж яваа сурагтай. Бид эмнэлэг, эмчид найдаж шинжилгээ өгдөг. Эмнэлэг, лаборатори нь хувийнх байх тусмаа төлбөр өндөр, үүнийгээ дагаад чанар, үйлчилгээ нь ч сайн гэдэгт итгэдэг. Гэтэл В, С вирусийг тоолох зөвшөөрөлтэй 28 лабораторийн 13 нь шалгалтад тэнцээгүй, нэг нь хариу өгөхөөс татгалзсан, мөн нэг нь шинжилгээ хийхгүй байгаа гэсэн нь лабораториудын тал нь шаардлага хангахгүй байгаа нь, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үнэн дүр төрхийг илчилж байна.

ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЭРХГҮЙ ЛАБОРАТОРИУД ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖ БАЙНА

Өвчтөний шинжилгээний хариу үнэн, зөв, бодитой гарах ёстой. Энэ хууль дүрэм эрүүл мэндийн салбарт ягштал мөрдөгдөх ёстой. Учир нь үүний цаана хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, амьдрал, амь нас яригддаг. Гэтэл энэ шалгалтад тэнцээгүй лабораториуд ийм төрлийн шинжилгээ хийдгээ өдөр, шөнөгүй рекламддаг. Телевизээр реклам явуулах хэр баргийн эмнэлгийн байгууллагад хүндрэлтэй. Зарим нь бүр одоо ч гэсэн “Эрүүл мэндийн даатгалаас лабораториудтай хийсэн гэрээгээ цуцалсан. Иймээс төлбөрөө төлж, шинжилгээ хийлгэ” хэмээн иргэдийг залилж байна. 
 Энэ 13 лабораторитой адил үйл ажиллагаа явуулдаг лабораторийн эмч “Бидний орлого хийсэн шинжилгээндээ таардаг. Тоног төхөөрөмжөө шинэчлэхийн тулд их хэмжээний зээл авсан болохоор тэрнээсээ хэтэрдэггүй. Тиймээс бид сурталчилгаанд хөрөнгө гаргаж чаддаггүй. Реклам явуулснаар тэд ашиг олдог. Гэхдээ иргэд хохироод үлддэг” гэсэн юм. Шаардлага хангаагүй лабораториуд олон улсад хүлээн зөвшөөрдөггүй аппарат ашиглаж, 10 мянган төгрөг ч хүрэхгүй оношлуураар шинжилгээ хийж, даатгалаас 120 мянган төгрөг авахын төлөө эмчийн ёс зүйгээ уландаа гишгэсэн нь энэ. Мөн зарим нь лабораторийн мэргэжилтэнгүй байсан гэдгийг бид өмнөх дугаартаа бичсэн. Уг нь энэ салбарт ажиллахын тулд хүний их эмчээр төгсөж, дараа нь 1.5 жил тусгай лабораторийн сургалтад сууж, жил бүр мэргэжил дээшлүүлэх ёстой.

ЭРҮҮЛ ХҮНИЙГ В, С ВИРУСТЭЙ БОЛГОЖЭЭ

ДЭМБ-аас дээрх 28 лабораторид хөндлөнгийн хяналт хийжээ. Тодруулбал, юу нь тодорхойгүй таван сорьцыг лабораториудад илгээсэн байна. Ингэхдээ лабораториудыг нөгөөгөөс нь ялгах, нэрийг нь нууцлахын тулд кодолжээ. Энэ хариугаа лабораториуд тодорхой хугацааны дотор буцааж илгээх ёстой. Гэтэл хариугаа илгээсэн лабораториудын 70 гаруй хувийнх нь хариу буруу байжээ. Бүр зарим лаборатори эрүүл хүний сорьцыг В, С вирустэй болгон тоолсон байв. 

НЭГ ХҮНИЙ ХОЁР ӨӨР ХАРИУ

Шинжилгээний хариу зөрсөн нэг жишээг дурдая. Нэгэн эмэгтэй жирэмсний хяналтад орохын тулд В, С вирус тоолох зөвшөөрөлтэй хувийн лабораторид шинжилгээ өгчээ. Хариу нь 4.21 буюу С вирустэй гэж гарсан байна. Хэд хоногийн дараа өөр лабораторид шинжилгээ өгөхөд эрүүл гарчээ. Бүсгүй эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг байсан тул жил болгон урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэдэг. Тухай бүрт эрүүл гэж гардаг байж. Ингээд эргэлзсэн бүсгүй ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид шинжлүүлэхэд эхний хариутай таарч, вирустэй болох нь тогтоогджээ.  Энэ бол нэг л жишээ. Үүний цаана мянга мянган хүн вирусээ тоолуулж, гарсан хариу нь худлаа байх магадлалтай байгаа юм. 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ЮУ ХИЙНЭ ВЭ

Лабораторид хийж байгаа шинжилгээний хариу үнэн, зөв эсэхийг энгийн хүн хараад мэдэх боломжгүй. Иймээс үүнд мэргэжлийн байгууллага хяналт тавих ёстой. Иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохироод байхад энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Мэргэжлийн хяналтын байгууллага үүнд хяналт тавьж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрхтэй цорын ганц газар нь гэнэ. Гэтэл нөхцөл байдал ийм хэмжээнд хүрчихээд байхад тэд өнөөдрийг хүртэл юу хийсэн бэ.  Энэ бол тэд ажлаа хийхгүй байгаагийн илрэл. Хэрэв тэд ажлаа хийж байсан бол эдгээр лабораториуд үйл ажиллагаа явуулж, иргэдийг эд хөрөнгө, эрүүл мэндээр нь хохироохгүй байх байлаа. Лабораториудын хариуцлагагүй байдлаас болж, хохирсон иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ. 
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан