Б.Буянтогтох: Вакцины хамрагдалтаар 65-69 насныхан 110.9 хувиар тэргүүлж байна

Коронавирусний халдварын эсрэг вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохтой уулзаж тодруулав.


-Манай улс нийт хүн амынхаа 60 хувийг цар тахлын эсрэг вакцинжуулалтад бүрэн тунд хамруулаад байна. Манайх шиг хүн ам цөөн орны хувьд энэ нь олон улсын жишгээр хэр үзүүлэлт вэ? Энд хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Энэ талаар тодруулна уу?

-Монгол Улс нийт хүн амын 60.1 хувь нь вакциндаа хамрагдаж чадлаа. Энэ бол маш сайн үзүүлэлт юм. Вакциныг богино хугацаанд эрчимтэй зохион байгуулж байна. Одоо 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалт явагдаж байна. Хүүхдүүдийг бүрэн вакцинд хамруулснаар хүн амын 70 орчим хувийг дархлаажуулах юм.

Хэрэв манай улс хүн амынхаа 60.1 хувийг вакцинжуулж амжаагүй бол энэ оны 9 дүгээр сарын 1 гэхэд халдварын тохиолдол нэг саяд хүрнэ гэсэн судалгаа гарч байсан. Хэдийгээр манай улс хүн амынхаа 60.1 хувийг вакцинжуулсан ч гэлээ тайвшрах цаг болоогүй.


-Манай улсад "Дельта" хувилбарын 7 тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байгаа. Энэ нь нэмэгдсэн үү? Үүнээс яаж урьдчилан сэргийлж байна вэ?

-Коронавирусний тодорхой тооны сорьцуудад судалгаа хийхэд 93,3 хувь нь "Альфа" вирусний хувилбар, 5,6 хувь нь "Дельта" вирусийн хувилбар байна. Өнгөрсөн 6 дугаар сараас хойш гарсан цар тахлын 2 дах том давлагаа бол "Альфа" вирусний хувилбар байсан гэж үзэж болно. "Дельта" нь маш хурдан тархдаг, хүндрэл ихтэй хувилбар юм. Тодруулбал, тархах чадвар нь 40-80 хувь, эмнэлэгт хэвтэх эрсдэл 2 дахин өндөр байгаа. Энэ нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлах хэрэгтэй байна.


-Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутгийн эмнэлгүүд ямар нөхцөл байдалтай байна вэ? Халдварын тохиолдол илэрлээ, өвчиллөө гэхэд хамгийн наад захын тусламж үзүүлэх боломж хэр бүрдсэн вэ?

-Өдөрт илэрч байгаа халдварийн тоог харьцуулж үзэхэд халдварын тохиолдол аймаг, орон нутагт их илрээд байгаа мэт боловч нийслэл, орон нутагт ялгаагүй буурч байгаа. Нийслэл бол нэг айл. Түүн шиг аймаг, орон нутаг бол 21 айл. Гэхдээ орон нутгийг эмнэлгийг нийслэлтэй харьцуулах боломжгүй. 


-Манайд вакцинжуулалтын нөлөө өнөөдрийн байдлаар ямархуу байдалтай байна вэ?

-Өнөөдрийг хүртэлх статистик мэдээллийг хараад үзвэл нийт батлагдсан тохиолдлын 80 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр, үлдсэн 20 гаруй хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд гэсэн хүмүүс байна. Вирусний эсрэг вакцины нөлөөлийг тооцож үзвэл цаашид батлагдсан тохиолдлын 85 хувь нь хөнгөн хэлбэрээр тусах юм.


-Ирэх сарын 15-наас эхлэн вакцины 3 дахь тунг буюу “Бүүстэр” тун хийнэ гэсэн мэдээлэл байсан Энэ талаар тодруулна уу?

-Цар тахлын эсрэг хийх вакцины “Бүүстэр” буюу гурав дах тун тунгийн талаар ДЭМБ-аас хараахан зөвлөөгүй байна. Шалтгаан нь дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинжуулалт хүртээмжгүй байгаа. Дэлхийн зарим улс оронд гурав дах тун байтугай эхний тунг хийж амжаагүй байхад энэ талаар ярих нь зохимжгүй гэж үзэж буй. ЭМЯ-наас өгсөн өнөөдрийн мэдээллээр 8 дугаар сард багтаж зорилтот бүлэгт хандсан гурав дах тунгийн вакцинжуулалтыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөг танилцуулсан. Гэхдээ зөвхөн төлөвлөх, судалгаа хийх үүрэг даалгавар өгсөн.


-Нийт вакцинд хамрагдсан хүмүүсийг насны ангиллаар харьцуулбал хэдэн насны иргэд илүү идэвхитэй байна вэ?

-Насны ангиллаар харьцуулбал зорилтот бүлгийн 65-69 насныхан 110.9 хувь (64,469), 60-64 насныхан 101.8 хувь (107,212), 55-59 насныхан 100.6 хувийн (142,818) хамрагдалтаар тэргүүлж байна. Хүн амыг вакцинжуулах нь халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулах, хүндрэл, эндэгдлээс сэргийлэх буюу бууруулах гол зорилготой. Дэлхий даяар 194 улс оронд нийт 3,696,135,440 тун вакцин хийгээд байна.


-Эх орондоо ирээд тусгаарлагдаж байгаа иргэдэд тусгаарлалтад байх хугацаанд нь вакцин хийх боломжгүй юу?

-Боломжгүй. Учир нь гаднаас коронавирус зөөвөрлөгдөх магадлал нэн өндөр байгаа тул шинжилгээ авч ажиглалт хийж байгаа юм. Ингэх хэрэгтэй байна. Иргэд тусгаарлалтын хугацаа дуусмагц вакциндаа бүрэн хамрагдах боломжтой. Ер нь бол дельта хувилбар гадаадаас зөөвөрлөгдөж орж ирэх магадлал өндөр байна. Тэгэхээр ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн яг тэр зочид буудал дээр нь шинжилгээнд хамруулах, шинжилгээний үр дүнг гаргах ажлыг зохион байгуулаад явж байна. Хэрэв тухайн хүн хоёр дахь тунгаа хийлгэсэн бол шинжилгээ өгөөд гэртээ байна. Гэхдээ гэрийн хорионд тодорхой хугацаанд байх ёстой. Байнга араас нь утасдаж шинж тэмдэг илрүүлэх ийм зүйлийг хийгээд явж байна. Яг өнөөдөр бол энэ тандалтыг бид нар гадаадаас ирж байгаа хүмүүс дээр идэвхтэй ажиллаж байна. Тэгэхээр аль болох л үүнээс хамаарсан дельтагийн тархалт гаргахгүй гэдэг тал дээр онцгой анхааран ажиллаж байна.

Дахин хэлье, гадаадаас ирсэн хүмүүс хэрэв вакцинд хамрагдаагүй л бол тэгээд үргэлжлээд вакцинд хамрагдаад явах боломжтой. Тодорхой хугацаанд хөл хорионд ороод бас өөрөө хэрэв вирустэй байх юм бол вакцин хийх хүмүүс нь ч эрсдэлд орох аюултай учраас тэр тал дээр бол тодорхой хугацаанд хорионд байгаад гарч ирээд вакциндаа хамрагдах бүрэн бололцоотой. Ганц нэг хоногийн л зөрөө гарна.


-Удахгүй ЭЕШ эхэлнэ. Мөн их, дээд болон дунд сургуулийн хичээлийг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэж байгаа. Ингэснээр иргэдийн хөл хөдөлгөөн ихэснэ. Энэ үед ямар арга хэмжээ авах вэ?

-Улсын шинжтэй үйл ажиллагааг бол зохион байгуулах байх гэж бодож байна. Халдварт өвчин бол мэдээж хөдөлгөөнтэй холбоотойгоор нэмэгдэх эрсдэлтэй. Зөвлөмжөө дагаад явбал халдвар гарахгүй, халдвар авахгүй, тараахгүй байх бололцоотой. Амны хаалтаа зүүгээд, хүн хоорондын зай бариад, гараа угаагаад, ариутгаад явбал халдварлах магадлал маш бага шүү дээ.



Гэрэл зургийг Н.Батбаяр

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан