Өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлд вакцинд хамрагдаагүй хүмүүс багтаж байгаа

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хөл хорионы дараа иргэдийн хөдөлгөөний идэвх огцом нэмэгдсэн. Халдварт өвчний үед хөдөлгөөн ингэж нэмэгдэх нь халдвар улам тархах гол хүчин зүйл болдог юм.
Өнөөдөр 1,000 тохиолдол шинээр илэрч байгаа нь цаашид 1,300 болж нэмэгдэж боломжтой гэдгийг R утга харуулж байна. Нөхцөл байдал цаашид энэ хэвээрээ байвал халдвар улам нэмэгдэхээр байна.
Халдвар авсан хүмүүсийн тухайд, 25-44 насныхан хамгийн ихээр халдварт өртсөн байгаа юм. Гэхдээ сүүлийн үед  хүүхдийн өвчлөл нэлээд нэмэгдэх хандлагатай байна.
Тухайлбал,
  • 0-4 насны хүүхэд 22.3 хувь
  • 5-9 насны хүүхэд 32.3 хувь
  • 10-14 насны хүүхэд 31 хувь
  • 15-17 насны хүүхэд 14.3 хувийг эзэлж байна.
Мөн хүүхдийн дунд бүртгэгдсэн халдварын дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол гаднаас зөөвөрлөгдсөн хүүхдийн өвчлөлийн тохиолдол ердөө 24 бүртгэгдсэн.
Тодруулбал, хүүхдийн дундах халдварын 88.1 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол гаднаас зөөвөрлөгдсөн хүүхэд өвчилсөн тохиолдол 0.23 хувийг эзэлж байгаа юм.
Хүүхдүүдийн дундах коронавирусийн халдвар өмнө нь нийт тохиолдлын 22.5 хувьтай байсан ч сүүлийн өдрүүдэд нэмэгдсээр 28.2 хувьд хүрээд байна. Энэ нь цар тахлын вирус эргээд вакцинд хамрагдаагүй хүн амын дунд тарах хандлагатай байгааг илтгэж байна.
Хүүхдэд халдварын шинж тэмдэг бага илэрдэг учраас халдвар авснаа мэдэхгүй, бусдад тараах хандлагатай байдаг” гэв.

“Хүүхдүүдийн дундах өвчлөл нэмэгдэж байгаа нь эцэг, эх халдварт өртөж байгаатай холбоотой”

Үргэлжлүүлэн “Өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлд вакцинд хамрагдаагүй хүмүүс орж байгаа.
Тодруулбал, хүн амын хамгийн идэвхтэй бүлэг буюу 18-39 насны иргэдийн нийт хүн амын дундах эзлэх хувь нь хамаагүй өндөр. Харин яг дээрх насны иргэд вакцины нэгдүгээр тундаа ч хангалттай хамрагдаагүй байгаа нь харамсалтай.
Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдаагүй хүмүүс болон вакцины хоёрдугаар тунг хийлгээгүй байгаа хүмүүс болон хүүхдүүд сүүлд илэрч байгаа өвчлөлийн цөмийг бүрдүүлж байна.
Хүүхдүүдийн дундах халдвар нэмэгдэж байгаагийн шалтгаан ч эцэг, эх халдварт өртөж байгаатай холбоотой. Хэрэв эцэг, эх халдвар авсан тохиолдолд хүүхэд шууд халдварт өртөх үндэс болж байгаа юм.
Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакциндаа бүрэн хамрагдах асуудал хамгийн чухал болоод байна. Тэгж байж халдварын гинжин хэлхээ цааш буурах хандлагатай болж ирнэ” гэдгийг онцоллоо.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан