Их Британийн эрдэмтэд ковидын эсрэг вакциныг хольж тарьвал халдвараас илүү сайн хамгаалж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Оксфордын их сургуулийн судалгаагаар 850 хүнд хоёр өөр вакциныг дөрвөн долоо хоногийн зайтай тарьжээ. Астра Зенека болон Файзер вакциныг хольж тарьсан хүмүүст Астра Зенекаг дангаар нь хийснээс илүү эсрэг бие үүссэн байна.
Их Британийн судлаачид хоёр өөр вакцин хольж хэрэглэх нь вакцинжуулалтын хөтөлбөрийг хөнгөвчлөхөд тусална гэж үзжээ. Мөн Астра Зенека вакцины хоёр тунг хийлгэсэн хүнд гурав дахь удаад өөр вакцин хийснээр дархлааны хариу урвал нь илүү хүчтэй болно гэж Оксфордын их сургуулийн эрдэмтэд үзэж байна.
Испани, Герман зэрэг орнууд вакциныг хольж тарьж эхлээд байгаа аж. Харин аль нэг вакцины гурав дахь тунд ямар вакцин хийх, хэр хугацааны дараа тарих зэрэг нь одоогоор олон улсад судлагдаж байгаа юм.