Цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар 175 сая гаруй хүн халдвар авч, 3,8 сая хүн өвчний хүндрэлийн улмаас нас баржээ. Коронавирусийн халдвартай холбоотой олон улсад гарсан үйл явдлуудын мэдээллийг товчлон хүргэж байна.
Дархлаа суларсан хүмүүст вакцины үр дүн тааруу байна
Германы Берлин хот дахь Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгийн дэргэдэх вакцинжуулалтын байнгын хорооны мэдэгдсэнээр зарим хүмүүс дархлаажуулалтад бүрэн хамрагдсан ч коронавирусээс сэргийлэх хамгаалалттай болж чадаагүй гэнэ. Төрөл бүрийн судалгаанаас харахад эм бэлдмэлийн нөлөөгөөр дархлаа нь суларсан хүмүүст ковидын халдвараас сэргийлэх вакцин төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байгааг комиссын дарга Томас Мертенс мэдэгджээ.
Орос дахин долоон оронтой агаарын харилцаагаа нээв
Орос улс цар тахлын улмаас түр зогсоосон агаарын харилцаагаа үргэлжлүүлэн сэргээж, өнөөдөр буюу зургадугаар сарын 10-ны өдрөөс дахин долоон орон руу нислэг үйлдэж эхэллээ. Тодруулбал, Австри, Унгар, Ливан, Люксембург, Маврики, Марокко, Хорват улстай агаарын харилцаагаа сэргээсэн бол Герман, Грек, Египет зэрэг орнууд руу үйлдэх нислэгийн тоогоо нэмэгдүүлж байгаа аж.
Францын Ерөнхий сайд тусгаарлалтад оржээ
Францын Ерөнхий сайд Жан Кастексийн эхнэрээс авсан коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Улмаар Ерөнхий сайд эхнэрийн хамд долоо хоногийн хугацаатай тусгаарлагдахаар болсон байна. Өдгөө 55 настай Катекс вакцины эхний тунгаа тариулсан бөгөөд түүнээс авсан шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Кипр хязгаарлалтуудаа сулруулав
Зургадугаар сарын 10-ны пүрэв гарагаас Кипр улс хязгаарлалтуудаа сулруулж, хөл хорих цагийг цуцалж байна. Энэ улсад 2020 оны 11 дүгээр сараас эхлэн тасралтгүй долоон сарын хугацаанд хөл хорих цаг үйлчилсэн юм. Хаврын сүүлээс хөл хорих цагийн багасгасан бол сүүлийн 12 өдрийн туршид гагцхүү шөнийн 00 цагаас өглөөний 05.00 цаг хүртэл хөл хорьж байлаа.
Өнөөдрөөс эхлэн хувийн компаниудад ажилтнуудын 50 хувь нь л офист ажиллахаар хязгаарлалт тавьж байсныг цуцалсаны дээр сүүлийн 15 сарын хугацаанд буюу коронавирусийн цар тахал эхэлснээс хойш анх удаа шөнийн клубүүд нээгдэж байна. Шөнийн клубээр үйлчлүүлэхийн тулд коронавирусийн халдварын тээгч биш гэдгийг батлах тусгай SapePass үнэмлэх үзүүлэх аж.
Г.Бямбасүрэн