Европын эм бэлдмэлийн агентлаг өөрт байгаа мэдээлэл дээр үндэслэн АстраЗенека вакцин болон вакцин тариулсан зарим хүнд цусны бүлэгнэл үүссэнийг холбох шалтгаан байхгүй гэж дахин мэдэгджээ. Энэ вакцин нь эрсдэл дагуулахаас илүү коронавирусээс сэргийлэх ашиг тус өндөртэй гэж Европын эм бэлдмэлийн агентлагийн тэргүүн Эмер Кук мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна.
АстраЗенека компанийн мэдээлснээр, Европд 17 сая хүн вакцин тариулснаас цусны бүлэгнэл үүссэн 37 тохиолдол илэрсэн гэнэ.
Эдгээр тохиолдлыг нэг бүрчлэн үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж Европын эм бэлдмэлийн агентлаг мэдэгджээ.
"Европын холбоонд олон мянган хүнд цусны бүлэгнэл байдаг гэдгийг бид мэднэ. Мөн тарилга тариулсан хүмүүст ийм тохиолдлууд чухам ямар шалтгаанаар үүссэнийг нарийвчлан тогтоох хүсэлтэй байна. Шалгах ажил үргэлжилж байгаа. Гэхдээ коронавирусээс сэргийлэх, энэ халдварын хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлдэг АстраЗенека вакцины ашиг тус эрсдлээс нь давж байгаа гээдг нь тодорхой" хэмээн Эмер Кук мэдэгджээ.
Албаны байгууллагад ийнхүү мэдэгдэж байгаа ч олон орон АстраЗенека вакцинаас түр хугацаанд татгалзсан хэвээр байна. Энэ нь тун удаашралтай явагдаж байгаа олон улсын дархлаажуулалтын аяны явцад хүчтэй цохилт өгнө гэж шинжээчид мэдэгджээ.
АстраЗенека вакцин тариулсан хэд хэдэн өвчтөнд цус бүлэгнэл үүссэний улмаас болзошгүй эрсдлээс болгоомжлох зорилгоор Герман, Итали, Франц, Испани, Португал, Словени, Исланд, Ирланд, Норвеги, Дани, Нидерланд, Индонези, Венесуэл, Латви, Швед, Литва зэрэг улс орнууд АстраЗенека вакциныг түр хугацаанд ашиглахаа зогсоосон юм.
Тухайлбал, Герман улсад Европын эм бэлдмэлийн агентлагийн шалгалтын дүн гарах хүртэл вакцинжуулалтын хөтөлбөрийг өргөжүүлэх тухай бүс нутаг, мужийн удирдлагын түвшний зөвлөгөөнийг хойшлуулжээ. Германы эрх баригчид дөрөвдүгээр сараас вакцинжуулалтын төвүүдийн тоог нэмэгдүүлж, өрхийн эмч нарыг татан оролцуулан, сард 20 сая тарилга хийхээр төлөвлөж байсан юм. Германы хувьд гол вакцинуудын нэг нь АстраЗенека байсан бөгөөд энэ вакцинтай холбоотой эрсдлийн улмаас ийнхүү албан ёсны шалгалтын дүн гартал вакцинжуулалтыг өргөжүүлэх хөтөлбөрөө хойшлуулахаар болжээ.
Ийнхүү Европын зарим оронд АстраЗенека вакцинаас татгалзаж байгаа бол зарим орон энэ бэлдмэлд итгэхийг уриалж байна. Тухайлбал, мягмар гарагт Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча АстраЗенека вакцин тариулж, ард иргэддээ уриалжээ.
"Вакцинд эргэлзэж байгаа хүмүүс бий. Гэхдээ бид эмч нарт, анагаах ухааны мэргэжилтнүүдэд итгэх ёстой" хэмээн Тайландын Засгийн газрын тэргүүн мэдэгджээ.
АстраЗенека вакцинаас татгалзахгүй гэдгээ Австралийн эрх баригчид ч илэрхийлж, харин Ерөнхий сайд Жастин Трюдо ард иргэддээ хандан энэ вакциныг тариулахыг уриалжээ.
Европын орнууд ийнхүү олноор вакцинаас татгалзсаны дараа ДЭМБ энэ байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлж байлаа. Түүнчлэн ДЭМБ-ын шинжээчид гуравдугаар сарын 16-ны өдөр АстраЗенека вакцины аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр болсон талаарх мэдээлэл гарч байв. Тодруулбал "ДЭМБ-ын вакцины аюулгүй байдал хариуцсан шинжээчдийн комисс мэдээллүүдийг судалж, Европын эм бэлдмэлийн агентлагтай нягт холбоотой ажиллаж байгаагийн дээр маргааш уулзалт зохион байгуулна" гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм. Одоогоор ДЭМБ-ын шинжээчид энэхүү вакцинтай холбоотойгоор хэлэлцсэн үр дүнгийн талаарх мэдээлэл гараагүй байна.