Вакцин ахмад настнуудын дундах нас баралтыг бууруулж, Франц АстраЗенека вакцинд хандах хандлагаа өөрчилсөн бол эрдэмтэд хүүхдүүдэд үүсэх ковидын асуудлыг эргэн харахыг уриалжээ. АНУ-д халдварын тоо өссөн хэвээр. Дэлхий дахинаа коронавирусийн цар тахлын нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.
Жон Хопкинсын их сургуулийн мэдээлснээр, цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 115 саяыг давж үүнээс 2.5 сая хүн нас баржээ.
Вакцин ахмад настнуудын дунд нас баралтыг бууруулав
Пфайзер болон АстраЗенека вакцинууд 80-аас дээш насны британичуудын дунд эхний тунг тариулсны дараа л коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдлийг 80 гаруй хувиар бууруулж байна гэж Их Британийн Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах алба мэдэгджээ.
Харин дэлхий дахины статистик дээрх үзүүлэлтээс арай бага байгаа юм. Тодруулбал, 70-аас дээш насныханд Пфайзер вакцины эхний тун өвчин хүндрэхээс 60 хувь хамгаалж байгаа бол АстраЗенека 60-70 хувь хамгаалж байгаа аж. Түүнчлэн Пфайзер вакцин нь ахмад насны хүн амын дунд коронавирусийн халдвараас үүдэх нас баралтыг 80 гаруй хувиар бууруулсан нь тогтоогджээ.
Харин АстраЗенека вакцины хувьд ийм үзүүлэлтийн мэдээлэл хараахан гараагүй байна. Европт АстраЗенека вакциныг ашиглахыг зөвшөөрсөн ч Европын холбооны ихэнх орнууд энэ вакцинаар 65-аас дээш насны иргэдээ вакцинжуулахаас татгалзаж байгаа бөгөөд учир нь энэ насныханд АстраЗенека вакцин хэрхэн нөлөөлөх талаарх эмнэлзүйн судалгаа хангалтгүй гэж үзэж байгаа юм.
Гэхдээ Францын Эрүүл мэндийн яам АстраЗенекаг "ногоон гэрэл"-ээр ашиглахаар боллоо. Тодруулбал энэ вакцин ахмад настнуудад хэрхэн нөлөөлөх мэдээлэл улам бүр дэлгэрэнгүй болж байгаа тул ахмадуудад АстраЗенека вакцин хийхэд аюулгүй гэж үзжээ. Гэвч мөн л бусад вакцинуудын адилаар АстраЗенека вакцины нийлүүлэлт тасалдаж байгаа гэнэ. Францын араас Европын бусад орнууд ч АстраЗенека вакциныг ахмадуудад хийхийг зөвлөх байх гэж ВВс мэдээлжээ.
Хүүхэд ба COVID-19
Хүүхдүүдэд үүсэх коронавирусийн асуудалд эргэн орохыг Британийн эрдэмтэд уриалжээ. Хүүхдүүд халдварт бага өртөж, халдвар авлаа гэхэд хүнд хэлбэрээр өвдөх, халдвар тээгч болох нь ховор гэдгийг хэдийнэ тогтоосон нь энэ насныхан коронавирусийн халдвараас үүдэлтэй үр дагавартай нүүр тулахгүй гэсэн үг биш хэмээн эрдэмтэд анхааруулжээ.
Британийн Үндэсний статистикийн агентлагийн мэдээлснээр, 11-ээс доош насны хүүхдүүдийн 13 хувь, 12-16 насны хүүхдүүдийн 15 хувь нь коронавирусийн халдвартай гэж оношлогдсоноосоо хойш таван долоо хоногийн дараа ч өвчний шинж тэмдэгтэй хэвээр байсан гэнэ.
Эрдэмтдийн өгүүлснээр, коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүүхдүүдэд ядарч сульдах, амьсгалын замын эрхтний үйл ажиллагаанд зарим нэг доголдол гарах зэрэг шинж тэмдгүүд удаан хугацаагаар үргэлжилж байсан аж.
Тиймээс, хүүхдүүдэд зориулсан вакцин гараагүй, өнөөдөр ашиглагдаж буй вакцинууд хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлэх нь тогтоогдоогүй энэ үед Британид сургуулиудыг нээхээс өмнө хүүхдүүдэд үүсдэг үр дагаврыг зайлшгүй бодолцох ёстой гэж эрдэмтэд анхааруулжээ. Британийн сурагчид гуравдугаар сарын наймны өдрөөс танхимаар хичээллэх бөгөөд энэ улсад хүүхдүүд хоёр сар гаруй хугацаанд алсын зайн сургалтад хамрагдсан юм.
Энд дуулгахад, Save The Children хүүхдийн байгууллагын илтгэлд дурдсанаар цар тахал хүүхдүүдийн боловсрол, цаашлаад ирээдүйд нь ноцтой хохирол учруулсан бөгөөд ялангуяа ядуу буурай орнуудад илүүтэй нөлөөлөх гэнэ.
Энэ байгууллагын тооцоолсноор дэлхий даяар хүүхдүүд дунджаар 74 сургалтын өдрийг алдсан байна. Гэхдээ бүс нутгаар, улс орноор нь нарийвчлан харвал хүүхдүүдийн танхимын хичээлд суугаагүй өдрүүд маш олон, илүү гунигтай дүр зураг харагдана гэж Sаve The Children байгууллага мэдэгджээ.
Ядуу буурай орнуудад цар тахлын үед сургуулийн боловсролын орон зайг нөхөхөд тун хүнд болно гэж олон улсын хүүхдийн байгууллагууд үзэж байгаа юм. Барууны орнуудад хүүхдүүд дунджаар 38 өдөр хичээлдээ суугаагүй бол Латин Америк, Зүүн Өмнөд Азийн орнуудад 110 өдрийн сургалт тасалджээ.
Түүнчлэн, улс орон бүрээр нь тусгайлан авч үзвэл хот болон хөдөөд амьдарч буй сурагчид, харилцан адилгүй орлоготой гэр бүлийн хүүхдүүдийн хооронд ихээхэн зөрүү гарч байгааг судлаачид анхааруулсан байна.