Дэлхий дахинд түгээмэл тохиолддог гажгуудын нэг болох зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд манай улсад жилд дунджаар 1,000 орчим төрдөг. Тэдний 200-300 нь мэс засал хийлгэх нэн шаардлагатай байдаг байна. Бусад өвчинтэй харьцуулахад зөв цаг үед нь мэс засал хийлгэж чадвал бүрэн эдгэрдэг энэ өвчний мэс заслыг Монголдоо амжилттай хийж буй "Улаанбаатар Сонгдо" эмнэлгээс санаачлан хэрэгжүүлж байгаа "Зүрх мартахгүй" төсөлд ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжиж буй хоригдол А.Б-гийн хүү Б.Б хамрагдаж 16 сая төгрөгийн өртөг бүхий хагалгаанд үнэ төлбөргүй орлоо.
Хүү Б.Б нь зүрхний цоорхой гэх оноштойгоор Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвийн эмч нарын байнгын хяналтад эмчлэгдэж байгаад 2021 оны тавдугаар сард зүрхний хагалгаанд орж одоогоор биеийн байдал хэвийн байгаа аж.
"Бяцхан хүү одоогоор “Нандин амьдрал” асрамжийн төвийн багш, ажилчдын халамж анхааралд эрүүл саруул өсөж байна. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бяцхан хүү Б.Б-г өсгөн хүмүүжүүлж буй “Нандин амьдрал” асрах төвийн удирдлага, багш, ажилчдад талархал илэрхийлж 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийт алба хаагчид болон хүмүүжиж буй хоригдлуудын зүгээс сэтгэлийн хандив өргөж, хүүхэд, багачуудад гарын бэлэг гардуулан өглөө" гэж ШШГЕГ-аас мэдээллээ.
Т.Алтанзагас
http://www.toim.mn/article/24c4g81a