М.Агваан-Очир: Сарлагийн шар тос хүний биед үл орлох хүчил агуулдаг

“Монгол шар тос” компанийн гүйцэтгэх захирал М.Агваан-Очирыг “Бизнес хөгжил” буландаа урьж, үндэсний үйлдвэрлэл, тэр дундаа хүнсний чиглэлийн бүтээгдэхүүний онцлог, хэрэглээний талаар ярилцлаа. 
-Танай байгууллага үйл ажиллагаагаа явуулаад хэр удаж байна вэ. Зорилго бодлогын хувьд юуг эрхэмлэдэг вэ? 
-Анх 2017 онд “Монгол шар тос” компаниа байгуулаад анхны бүтээгдэхүүнүүдээ худалдаанд нийлүүлж эхлүүлж байлаа. Тухайн үед хүмүүсийн шар тосны мэдлэг харьцангуй хумигдмал байсан. Харин одоо бол үр өгөөжийг нь мэддэг болоод  зогсохгүй өргөн хэрэглээндээ хэрэглэж, хүнсний орцондоо оруулж дадаж байна.
 
 
 
Нэг үеэ бодвол хүмүүсийн хандлага маш их өөрчлөгдсөн. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж сонгон хэрэглэх хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна.
 
 
 
Ер нь бол бизнес хамгийн чухал нь хэрэглэгчдийн сэтгэгдэл. Манай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж буй хүмүүстээ бид хамгийн сайн, чанартай бүтээгдэхүүн хүргэхийн тулд хичээж ажиллаж байгаа. Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргахыг эрмэлздэг. Миний бодлоор монгол гэх тодотголыг хамгийн эхээр дэлхийд таниулж онцгойлох зүйл бол мал аж ахуй, түүнээс гаргаж авсан сүү сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир гэх мэтчилэн зүйлсээс урласан бүтээлүүд төлөөлнө. Харин бид үүнийгээ дэлхийд гаргахын тулд бүрэн боловсруулж зах зээлд гаргах, нөгөө талаар төрийн бодлогоор дэмжигдвэл олон улсын зах зээлд танигдах ойрхон байна гэж хардаг.
 
-Шар тос борлуулж байгаа байгууллага, хувь хүн олон. Тэр дундаас танай шар тос юугаараа онцлог вэ? 
-Шар тос нь цагаан идээнээс гаргаж авдаг, монголчуудын хүнс болон ахуйн хэрэгцээндээ өргөн хэрэглэдэг уламжлалт тос. Монгол орны ихэнх нутагт өрөмнөөс шар тос гаргаж авдаг бол зарим газарт айргийг түүхий сүүгээр исгэж бүлээд айргийн тосыг нь ялган авч тэрийгээ шаргааж шар тос гаргадаг. Манай нэрийн бүтээгдэхүүний гол онцлог нь монгол үнээ, сарлагийн өрөмнөөс шар тосоо гаргаж авдаг учраас маш чанартай дээд зэрэглэлийнх гэж тодорхойлж болно.
 
-Дархлааны системд шар тос маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэж сонссон. Энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байдаг уу 
-Сүүлийн үед хүмүүс шар тосыг ихэд сонирхож, бүх зүйлд  сайн гэж хошуурах болсон. Шар тос А, Е, К, D аминдэм, антиоксидантаар баялаг. Найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлаа сайжруулдаг бол дээрх аминдэмүүд нь нүдний харааг сайжруулж, судасны уян хатан чанарыг дээшлүүлдэг онцгой тустай. Мөн холестриний хэмжээг бууруулж, илүүдэл жинг багасган, даралтыг тогтворжуулж хуримтлагдсан хортой нэгдлийг саармагжуулдаг. Тавин наснаас эхлээд өдөрт нэг халбага шар тос идэж хэвшвэл зөнөглөдөггүй ч гэж бидний өвөг дээдэс хөөрөлдөж ирсэн. Заавал ахимаг насныхан гэлтгүй аль ч насныхан шар тосыг хэрэглэхэд тохиромжтой. Шар тосыг байнга хэрэглэснээр судасны хатуурал, ясны сийрэгжилт, бэлгийн болоод бөөрний булчирхайн гормоны алдагдлаас хамгаалж, элэг өөхлөх, судасны хананд илүүдэл тос хуримтлахаас сэргийлдэг гэх мэт олон сайн зүйлүүд байдаг.
 
 
-Шар тос ямар хүнстэй зохицдог эсвэл зохицдоггүй вэ. Тухайлбал, кофенд шар тосыг хольж уудаг болсон. Энэ нь зөв үү? 
-Шинжлэх ухааны түвшинд одоогоор шар тосыг тийм зүйлтэй зохицохгүй гэж ноцтойгоор хориглосон юм байхгүй. Сүүлийн үед кофенд шар тосыг хийж уух нь түгээмэл болсон. Энэ нь  буруу зүйл биш. Дээхэн үед өглөөний цайг нэг халбага шар тостой хамт зооглоод өдрийн турш өл дааж явдаг байсан. Орчин үед өглөөний кофенд хийж уух болсон нь олон давуу талтай. Бид уламжлалт нүүдэлчин соёлтой. Өвөг дээдсийн баримталдаг зарчимтай зарим талаараа холбогдож байгаа юм.
 
-Олон улсын зах зээлд танигдахын тулд брэнд байх учиртай. Гадны улс орнууд шар тосны ач холбогдлыг хэрхэн хүлээж авдаг бол? 
-Монгол шар тосыг сардаа хоёроос гурван удаа 300-500 ширхэгийг АНУ-руу гаргадаг газрууд бий. Үүнээс харахад гадаад зах зээлд монгол шар тосыг таньж  тодорхой хэмжээний хэрэглэгч байгааг харж болно. Мөн монголчуудаас гадна хятадууд ч бас шар тосыг их хэрэглэдэг. Манай компанитай хятадаас хамтарч ажиллах санал ирсэн боловч  үнийн хувьд тохиролцож чадаагүйн улмаас цуцлагдсан. Одоогоор бусад байдлаар судалгаа хийж хятад руу зах зээл хэр байгааг судалж байна.
 
-Шар тосыг эмчилгээний журмаар хэрэглэж болно гэж зөвлөдөг. Эмчилгээний нарийн жор байдаг уу? 
-Эмчилгээний нарийн жорыг надаас илүүтэйгээр уламжлалын эмч нар сайн мэднэ. Шар тосыг тогтмол хэрэглэвэл зүрхний тамирыг сайжруулж, уушгины хатингаралыг арилгаж, үсийг өнгөлөг болгох, царайд өнгө нэмэх, хүйтэнд өлчир, халуунд халууцуулахгүй болгох гэх мэт ач холбогдолтой гэж уламжлалт байдлаар үздэг. Шар тосыг шинжлэх ухаан талаас нь судалсан олон судалгаа бий.
 
 
 
Сарлагийн шар тосонд агуулагдах тосны хүчлийн найрлагыг хроматографийн аргаар судлахад шар тосонд олейны хүчил хамгийн их буюу 41.8 хувь, хүний биед үл орлуулагдах тосны хүчил болох линол, линолейн, стеарины хүчил 15.54 хувь, ханасан хүчил 48.96 хувь, ханаагүй хүчил 51.04 хувь агуулагддаг. Ялангуяа хүний биед үл орлуулагдах тосны хүчил илүү агуулдгаараа чухал ач холбогдолтой.
 
 
 
 
C.УянгаЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан