АВЛИГАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ИМПОРТЫН БАЛ НОЁЛДОГ
Монгол орон бол зөгийн балны диваажин. Манайхыг Хэнтий, Хангай, Ханхөхийн нуруу, Орхон, Сэлэнгэ, Халх голын ай саваас цэцгийн тоос цуглуулж, 22 мянган тонн зөгийн бал хураан авах боломжтой гэж Зөгийчдийн нийгэмлэг тооцоолжээ. Гэвч зэрлэг цэцэгсийн ертөнц болсон манай улсын дотоодын зах зээлд импортын бал ноёлсоор байна.
Үндэсний статистикийн хорооны тооцоогоор монгол хүн өдөрт дунджаар 30 грамм зөгийн бал хэрэглэдэг байна. Тойм тооцоогоор манай улсын зөгийн балны эрэлт 450 тонноор хэмжигдэж, талаас илүүг нь импортын бүтээгдэхүүн эзэлж байна. Харин манай дотоодын үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд өсөж буй ч зах зээлийнхээ тэн хагасыг чадан ядан бүрдүүлж буй. Монгол Улс өнгөрсөн онд 252 тонн зөгийн цэвэр балыг 1.1 сая ам.доллараар хилийн чанадаас худалдан авчээ. Дэлхийн 10 орчим орон манайд бал нийлүүлдгээс голыг нь Герман нугалж, АНУ, Япон удаалдаг аж.
Хүнсний зах зээлийн “шингэн алт” гэгддэг зөгийн балны экспортыг даган нэлээд хэмжээний валют хилийн чанад руу урссаар байна. Дотоодын лангуун дээр гадаад, дотоодын, экологийн цэвэр бал болон сахар, сироп зэрэг орлуулагч бодисоор баяжуулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн өрөөстэй. Ер нь дэлхийн зах зээлд цэцгээс гаралтай биш, янз бүрийн дүүргэгч, орлуулагч бодисын агууламж өндөр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа нэмэгдэж байгаа нь манайд ч ажиглагдах болсныг энэ салбарын үйлдвэрлэгч нар хэлж байна.
Уг нь монгол зөгийн балд зах зээлийн өргөн боломж бий. Дотоодын эрэлт хэрэгцээ тогтмол өсөж буйн дээр дэлхийд томоохонд тооцогдох органик зах зээлийн хаяанд Монгол Улс оршдог.
Уг нь манай дотоодын ямар ч хольцгүй цэвэр зөгийн балны чанар хаана ч гологдохгүй. НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар Монгол Улсын зөгийн балны 90 хувь нь органик байгааг лабораторийн шинжилгээгээр тогтоожээ. Учир нь манай зөгийн сүрэг бэлчээрийн ургамлаас балаа цуглуулдаг тул шим, шүүс, чанар харьцуулашгүй өндөр байдаг аж.
Тиймээс дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн импортын зарим бүтээгдэхүүн шиг шингэрүүлээгүй, хольцгүй байдгийг мэргэжлийн холбоо онцолсон юм. Гэвч бид хээрийн цэцэгсийн охь дээж болсон бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд брэнд болгох нь бүү хэл хүн амаа экологийн цэвэр балаар хангачихаж чадахгүй сууна.
Уг нь монгол зөгийн балд зах зээлийн өргөн боломж бий. Дотоодын эрэлт хэрэгцээ тогтмол өсөж буйн дээр дэлхийд томоохонд тооцогдох органик зах зээлийн хаяанд Монгол Улс оршдог. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын хүн амын амьжиргаа эрс дээшилснээр чанартай, эрүүл хүнсний эрэлт өсөж, өмнөд хөршийн цагаан идээ, дарс, зөгийн балны импорт огцом өссөөр буй аж. Энэ улсын цэвэр зөгийн балны эрэлт 300 мянган тонноор хэмжигддэг байна. БНХАУ-д органик зөгийн бал нийлүүлэх боломжтой Монгол Улс далай мэт зах зээлийн дээсийг алхаж чадалгүй өдий хүрлээ.
Хятадаас гадна Монгол Улстай эдийн засгийн харилцааны хамгийн дээд хэлбэр болох чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан Япон улс Монголоос зөгийн бал авах асар их сонирхолтой байдаг аж. Гэвч сав баглаа боодол болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх тохиолдол гардаг аж. Үүнийг анзаарсан Японы зарим бизнес эрхлэгчид ховдын хязгаарт “Михачи” нэртэй зөгийн аж ахуй эрхэлж, бараа бүтээгдэхүүнээ арлын орон руу нийлүүлж байна.
Зөгийн аж ахуй нь өрхийн бизнес, жижиг хоршооноос хэтэрдэггүй. Одоогоор 1000 гаруй иргэн, 54 аж ахуйн нэгж зөгий өсгөж байна.
Мал аж ахуйтай харьцуулахад зөгий нь монголчуудад шинэ салбар. 1980-аад онд хөгжлийн замдаа ороод байсан энэ салбар зах зээлийн шуурганд өртөж, зөгийн аж ахуй эрхлэгчид ч цөөрчээ. Харин 2000 оны эхнээс дөнгөн данган сэргэж байгаа аж. Гэсэн хэдий ч өнөө хэр дорвитой хөгжихгүй л байна.
Зөгийн аж ахуй нь өрхийн бизнес, жижиг хоршооноос хэтэрдэггүй. Одоогоор 1000 гаруй иргэн, 54 аж ахуйн нэгж зөгий өсгөж байна. Тэд өнөө маргаашаа аргацахаас бус даацтай, далайцтай хөдөлж чаддаггүй зөвхөн зөгийгөө онд мэнд оруулахад л анхаарч байна. Нөгөөтэйгүүр зах зээлээ тэлэх, борлуулалт, маркетингаа орхигдуулж байна хэмээн аж ахуй эрхлэгч хэлсэн юм. Энэ хэрээр савлах, ариун цэвэр, эрүүл, ахуйн шаардлага ч хөндөгддөг аж.
Олон жижиг тоглогчдоос бүрдсэн энэ зах зээлийг хөгжүүлэхдээ кластер байдлаар хөгжүүлж, бал авах, боловсруулах үйлдвэрийг манай орны балт ургамалтай газруудын байршлыг харгалзан, зангилаа бүсэд байгуулах нь чухал байна. Мөн ингэж нэгдмэл байдлаар үйл ажиллагаа явуулснаар нэг зөгийчний толгой дээр буудаг үйлдвэрлэл, борлуулалт, маркетинг, экспорт зэрэг ажлыг хуваан гүйцэтгэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол зөгийн балны чанар, эрүүл аюулгүй байдал баталгаажна. Цаашлаад монгол зөгийн балны өрсөлдөх чадвар дээшилж, хилийн чанадад ч нүүр бардам гаргах боломж бүрдэнэ.
• Монгол Улс өнгөрсөн онд 252 тонн зөгийн цэвэр балыг 1.1 сая ам.доллараар хилийн чанадаас худалдан авчээ.
• Дэлхийн 10 орчим орон манайд бал нийлүүлдгээс голыг нь Герман нугалж, АНУ, Япон улс удаалдаг аж.
• Хүнсний зах зээлийн “шингэн алт” гэгддэг зөгийн балны экспортыг даган багагүй хэмжээний валют хилийн чанад руу урссаар байна.
• Дэлхийн 10 орчим орон манайд бал нийлүүлдгээс голыг нь Герман нугалж, АНУ, Япон улс удаалдаг аж.
• Хүнсний зах зээлийн “шингэн алт” гэгддэг зөгийн балны экспортыг даган багагүй хэмжээний валют хилийн чанад руу урссаар байна.
Зөгийг “нисдэг эмийн сан” гэж нэрлэдэг нь учиртай. Бие жижиг энэ амьтан зөвхөн хүний эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй эх дэлхийг эмнэдэг. Зөгийн тоосонцор ургамлын ургалтыг сайжруулдаг бөгөөд тосны ургамлын ургацыг 300 дахин нэмэгдүүлдэг аж. Дэлхий дахинд зөгийн аж ахуй эрхлэгчид нийт орлогынхоо 90 хувийг зөвхөн тоос хүртээх замаар олдог байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ургац нь муудаж буй талбайд ч зөгийн “ид шид”-ийг ашиглаж болох нь.
Ингээд үзэхээр зөгийн аж ахуй нь зөвхөн хүнс, хөдөө аж ахуйгаас гадна байгаль орчинд ч хамаатай аж. Гэвч өнөө хэр зөгийн аж ахуйд чиглэсэн урт хугацааны далайцтай бодлого байгаагүй аж. Иймд нийгмийн олон салбартай холбоотой энэ чиглэлийн аж ахуйг илүү нухацтай дэмжих, өнөө маргаашийг аргацаасан биш урт хугацааны, тогтвортой цогц бодлого хэрэгжүүлэх шаардлага байна.
ЗГМ:ТОДРУУЛГА
ХЭРЭГЛЭГЧДИЙН МЭДЛЭГ ДУТМАГ БАЙНА
Зөгийчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Т.Туяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Манай зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн олон улсын чанарын шаардлагыг хэрхэн хангадаг вэ?
-1990 он хүртэл оросын стандарт баримталж байлаа. Харин өдгөө олон стандартад нийцүүлэхээр зорьж байна. Сүүлийн жилүүдэд бал боловсруулах технологио сайжруулах олон улсын төслүүд хэрэгжүүлж байна.
-Зөгийн балны дотоодын хэрэглээ өссөөр буй. Тиймээс гадаадын олон төрлийн зөгийн балыг монголд борлуулж байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд хэрхэн өрсөлдөж байна вэ?
-Одоогоор нэгдсэн бодлого, нэг менежмент байхгүй. Зөгийн балыг өдөр тутам хэрэглэх нь чухал болохыг таниулсан мэдээлэл сурталчилгаа алга байна. Зөгийн бал хэрэглэгчдэд боловсрол олгох хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу. Дотоодын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэж чадаж байгаа гэж би боддог. Харин хэрэглэгчдийн мэдлэг дутмаг байна.
-Хэрэглэгчид мэдлэггүй гэсэн шүүмжлэлийн нөгөө талд дотоодын бүтээгдэхүүний сав баглаа боодол муу, хэрэгцээт мэдээлэл тодорхой бус байх нь түгээмэл. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Сав баглаа боодол таван жилийн өмнөтэй харьцуулахад арай сайжирсан. Харин хэрэглэгчдийн талаарх далайцтай судалгаа хийгүй байна. Өргөн хүрээг хамарсан том хэмжээний судалгаа хийх чадалтай аж ахуйн нэгж үнэндээ цөөн л дөө.
Г.Байгал
"Засгийн газрын мэдээ" сонин