Хавдар Судлалын Үндэсний Төвийн хоёр эмчээс шинжилгээгээр халдвар илэрсэн. Гэхдээ магадлах, баталгаажуулах шинжилгээ хийж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тус эмнэлэг 600 гаруй эмч, ажилтантай. 324 эмч, ажилтнаас тандалт, урьдчилан сэргийлэх хүрээнд шинжилгээ авахад хоёр эмчээс халдвар илэрсэн бөгөөд бусад 300 гаруй эмч, ажилтан болоод үйлчлүүлэгчдийг шинжилгээнд хамруулах ажлыг өнгөрсөн шөнөөс хийж эхэлжээ.
Шинээр батлагдсан зургаан тохиолдлын тоонд Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн эмч, ажилчид багтсан эсэхийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Эрүүл мэндийн томоохон байгууллага, эмнэлгүүд ажилтнуудаа шинжилгээнд хамруулж байгаа. ХСҮТ 600 гаруй ажилтантай бөгөөд эхний 324 хүний шинжилгээг авахад урьдчилсан байдлаар хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Гэхдээ баталгаажуулах шинжилгээг хийж байна. Баталгаажуулах шинжилгээ гэдэг нь сэжигтэй тохиолдол илэрсэн үед тухайн хүн сүүлийн 14 хоногт халдвартай хүнтэй хавьтал болсон уу гэдгийг өргөн хүрээтэй судалж тогтоохыг хэлдэг. PCR шинжилгээний хариу гарсны дараа тухайн хүн хаанаас халдвар авсныг баталгаажуулдаг. Тиймээс энэ хүмүүсийг судалж, давтан шинжилгээ хийж байна. Халдвар батлагдвал бид тэр дор нь зарлана. Сэжигтэй тохиолдол илэрсэн учраас ХСҮТ дээр өнгөрсөн шөнөөс хариу арга хэмжээ авч эхэлсэн.
Мөн үлдсэн 300 орчим ажилтан, тухайн тасгаар үйлчлүүлсэн иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Баталгаажуулах шинжилгээний хариу гарсны дараа зарлана.
БЗД-ийн эмнэлгээс эхтэй халдварын голомтыг харьцангуй цэгцэлчихсэн. Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 10 дахь хоногтоо орж байгаа бөгөөд бид энэ хугацаанд хавьтлуудын давтан шинжилгээгээ хийж, илэрсэн тохиолдлуудаа зарласан. Одоо гурав дахь давтан шинжилгээг хийнэ. Ойрын хавьтлуудыг дөрвөн удаа шинжилнэ.
Тус эмнэлгээр өмнө нь үйлчлүүлсэн 400 гаруй хүнийг түүвэр шинжилгээнд хамруулж үзэхэд халдвар авсан тохиолдол илрээгүй" хэмээн хариуллаа.