Вакцин хөгжүүлэгч есөн компани вакцин гарган авах ажилдаа шинжлэх ухааны ёс зүйн өндөр стандартыг баримтална гэсэн амлалт өгчээ. Ийм амлалт өгсөн компаниудаас заримыг нь дурдвал “Johnson & Johnson”, “BioNTech”, “GlaxoSmithKline”, “AstraZeneca”, “Moderna”, “Novavax” багтаж байна. Тухайлбал, “Pfizer” компани эмнэлзүйн туршилтын гурван үе шатыг давсныхаа дараа вакцины зөвшөөрөл олгох хүсэлтээ өгнө гэв. Туршилтын хоёрдугаар шатыг явуулсны дараа Оросын “Спутник-V” вакциныг зарим бүлгийн хүмүүст ашиглахыг зөвшөөрсөн юм. Тус вакцины туршилтын гуравдугаар шат удахгүй эхэлнэ.
“Спутник-V” вакциныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний охин болон Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар хийлгэсэн. Харин Хятад Улс өөрсдийн вакцинаа цэргүүд дээр ашиглажээ. Хүний эрүүл мэндэд заналхийлж буй хамгийн том аюулуудын нэгийг арилгахад тусалж буй эдгээр компани нийт 70 гаруй вакцин гарган аваад буй. ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий дахинд одоогоор 180 төрлийн вакцины туршилт хийгдэж байна. Гэсэн ч туршилт явуулахад урт хугацаа шаардагдах учир эдгээрээс алиныг нь ч энэ жилдээ багтан хэрэглэх боломжгүй гэж ДЭМБ үзэж байна. Үүнээс гадна эдгээр вакцинаас аль нь ч дор хаяж 50 хувийн үр дүнг эцсийн байдлаар харуулах ДЭМБ-ын стандартын шаардлагыг хангаагүй байгаа юм. Цар тахал дэгдэж эхлэх үед халдвар авсан хүний олонх нь настай хүмүүс байсан юм.
Гэсэн ч энэ нь коронавирусийн шинжилгээг голдуу эмнэлэгт авч байсантай холбоотой байжээ. Харин залуу хүмүүсийн хувьд эмнэлэгт хүргэгдэх тохиолдол ховор учир статистик мэдээлэл албан ёсны мэдээлэлд орох нь бага байжээ. Харин халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж эхлэхэд дийлэнх нь 20-40 насны хүмүүс байсан төдийгүй өсвөр үеийнхэн болон 40-50 орчим насны хүмүүсээс халдварын маш олон тохиолдол илэрсээр байна.