Коронавирусээс сэргийлэх вакцин тариулсны дараа сөрөг үр дагавар гарч, Японы иргэдийн эрүүл мэндэд хохирол учирвал нөхөн төлбөр олгох зардлыг Засгийн газар гаргана гэж Nikkei сонин мэдээлжээ.
Одоогийн байдлаар Японы Засгийн газар Америкийн Pfizer болон Британи, Шведийн хамтарсан AstraZeneca эмзүйн компанитай туршилтын 120 сая тун вакцин авах гэрээнд хэдийнэ гарын үсэг зурсан юм. Нийтдээ гадаадын таван компанитай коронавирусээс сэргийлэх вакцин худалдан авах хэлэлцээг Японы эрх баригчид хийж байгаа аж.
Хэлэлцээний хүрээнд, вакцинаас үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагавартай холбоотой нөхөн төлбөрийн бүхий л зардлыг Японы засгийн газар өөрөө хариуцах ёстой гэсэн нөхцлийг гадаадын компаниудын хуульчид тавьж байгааг эх сурвалж онцолсон байна. АНУ болон Европын орнуудад турших үеэр тооцоолох боломжгүй, өвчтөний угсаатны онцлогоос үүдэн зарим төрлийн сөрөг нөлөө гарч болзошгүй гэж вакцин үйлдвэрлэгчид үзэж байгаа юм байна.
Энд дуулгахад, Япон улсад коронавирусийн вакциныг боловсруулан, клиникийн туршилтын хоёр дахь шатандаа явж байгаа юм. Өөр дөрвөн вакцин клиникийн өмнөх судалгааны түвшиндээ явж байгаа аж.
Г.Бямбасүрэн