“COVID-19”-ийн эсрэг вакцин үйлдвэрлэхээр АНУ, БНХАУ өрсөлдөж байна

Эрүүл мэндийн яамнаас дэлхийн улс, орнуудад хийгдэж буй COVID-19 халдварын эсрэг вакцины туршилтын судалгаа, шинжилгээг тоймлон мэдээлснийг хүргэж байна.
ДЭМБ улс орнуудад хийгдэж буй 120 гаруй вакцин бүтээх туршилт судалгааны үр дүнг дараах таван шалгуураар эрэмбэлэн дүгнэхээр болжээ.
Үүнд:
  1. Аюулгүй байдал: Вакцин хийлгэсэн иргэдийн бие махбодод сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх
  2. Үр дүн: Коронавирусээс хамгаалах дархлаа хүний биед үүсгэж байгаа эсэх
  3. Тогтвортой байдал: Энгийн орчинд хадгалахад вакцин чанараа алдах эсэх
  4. Вакцин хийлгэх явц: Хэдэн удаа, ямар тунгаар хийх эсэх
  5. Хүчин чадал: Вакцин их хэмжээгээр үйлдвэрлэх, түгээх чадвартай эсэх багтаж байна.
Туршилт судалгааны тойм (Вакцины туршилтад орсон хүмүүсийн цусанд үүсэх эсрэг биетийн хэмжээ тунгаас нь хамаарч байна)
АНУ-ын “Modern Inc” компани гуравдугаар сараас эхлэн COVID-19-ийн эсрэг вакциныг хүнд туршиж эхэлсэн. Туршилтад орсон найман хүнд 100 болон 25 микрограмм тунгаар вакцин хийхэд эдгээр иргэдийн цусанд COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүсийн цусанд үүссэнээс илүү хэмжээний эсрэг биет үүсжээ. Вакцин хийлгэсэн хүмүүст гаж нөлөө гараагүй давуу тал байгаа аж. Мөн цусанд үүсэх эсрэг биетийн хэмжээ вакцины тунгаас хамаарч буйг тогтоосон байна. 
Чухам хэдий хэмжээний эсрэг биет шинэ төрлийн коронавирусээс бүрэн хамгаалах болон уг эсрэг биет хүний биед хэр удаан хадгалагдах боломжтойг судалж байгаа аж. “Modern Inc” компани хоёр дахь шатны туршилтын эрхээ авсан бөгөөд энэ удаад 50 болон 250 микрограмм тунг ашиглах юм байна.  Харин гурав дахь шатны туршилтыг долдугаар сард эхлүүлж, 2021 оны эцэс гэхэд 50 микрограмм тун бүхий нэг тэрбум нэгж вакцин үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Их Британийн эмийн компани есдүгээр сар гэхэд 30 сая тунг бэлэн болгоно
Их Британи Улсын Оксфордын их сургуулийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилт амжилттай явагдаж байгаа учраас нэмэлт санхүүжилт олгожээ. Уг вакциныг үйлдвэрлэх эрхийг Astra Zeneca эм үйлдвэрлэлийн компани вакцины үйлдвэрлэлийн эрхийг авч, Засгийн газартай гэрээ байгуулж, 30 сая тунг есдүгээр сард бэлэн болгохоор ажиллаж байна.
COVID-19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэх ажиллагаанд АНУ, БНХАУ хүчтэй өрсөлдөж байна
Шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэх ажиллагаа нь АНУ, БНХАУ-ын хооронд хүчтэй өрсөлдөөн болж байна. АНУ-ын Модерн компани ирэх долдугаар сараас шинэ төрлийн коронавирусийн эсрэг “mRNA-1273” вакциныг хэдэн мянган ширхгийг үйлдвэрлэн туршилтад оруулахаар төлөвлөж буй юм. Харин БНХАУ-ын нилээдгүй эмийн үйлдвэрүүд энэ намраас коронавирусийн эсрэг вакциныг хэрэглэхээр төлөвлөн туршилтыг яаравчлан хийж эхлээд байгаа аж.
АНУ-ын компани туршилт амжилттай болвол аравдугаар сар гэхэд 300 сая тун вакцин үйлдвэрлэнэ.
АНУ-ын Модерна компанид 483 сая, “Жонсон ба Жонсон” компанид 500 сая, Францын “Санофи” компанид 50 сая ам.долларын санхүүжилт олгоод байсан бол энэ удаад “АстраЗанека” компанид COVID-19-ийн эсрэг вакцин бүтээхэд зориулж 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон тухайгаа мэдэгдэв. Тус компани клиник туршилт амжилттай болбол энэ оны аравдугаар сар гэхэд 300 сая тун вакцин үйлдвэрлэнэ гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан