Ухань хотынхон коронавирусыг “мартжээ“

Хэдхэн сарын өмнө гудамжиндаа ганц машин байхгүй шахам нам гүм байсан Ухань хотынхон энэ зуны хамгийн том задгай шоугаа хийжээ. Тодруулбал, цэцэрлэгт хүрээлэндээ хийсэн электрон хөгжмийн наадамд олон мянган хүн маскгүйгээр, тэр байтугай хүн хоорондын зайгаа үл баримтлан оролцсон байна. Мөн зургадугаар сарын сүүлээр нээгдсэн Ухань хотын Маяа усан паркт энэ амралтын өдрөөр 15 мянган хүн цугларсан гэж  “Hubei Daily” сонин мэдээллээ. Энэ үеэр тэд дэлхий дахиныг айлгаж, цаг, минут тутмаар нас барагсдын тоо нэмэгдэж байгаа вирусыг мартсан мэт юунаас ч айхгүйгээр хөгжмийн наадмаа баяр хөөртэйгээр тэмдэглэжээ. 60 сая хүн амтай Хубэй мужийн 11 сая хүн амтай Ухань хот 76 хоног хөл хорио тогтоосны дараа дөрөвдүгээр сарын эхээр хэвийн амьдралдаа шилжсэн. Хамгийн сүүлд тавдугаар сарын дундуур орон сууцанд зургаан шинэ тохиолдол бүртгэгдсэн. Гэвч орон нутгийн удирдлагууд ес хоногийн дотор 6.5 сая хүнд шинжилгээ хийж маш түргэн арга хэмжээ авч, тархалтыг зогсоосон хэмээн мэдэгдсэн билээ. Тиймээс олон сар хөл хорионд байсан тус хотын залуус коронавирусыг дарж чадсан баяраа ийн тэмдэглэлээ. Арванхоёрдугаар сард Ухань хотод анхны тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр сарын 23-нд хөл хорио тогтоосон. Бүх нислэг, галт тэрэг, автобусаа хүртэл зогсоож, олон нийтийн газруудаа бүгдийг нь хаасан.  Түүнчлэн иргэдийг хүнсний дэлгүүр орохыг хүртэл хориглож байсан. БНХАУ-ын 84 мянган тохиолдлын 60 орчим хувь нь Уханьд бүртгэгдсэн гэж Хубэй мужийн Эрүүл мэндийн хороо мэдэгдээд байгаа юм.
 
 
Б.ДолжинжавЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан