ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж, 13.2 сая хүн өвчилж, 547 мянган хүн нас баржээ. 7.6 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарч, 4.9 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд 180 мянга гаруй хүн шинээр коронавирусийн халдвар авч, 3 мянган хүн эндсэн байна.
АНУ-д 60 мянга, Энэтхэгт 28 мянга, Бразилд 20 мянган хүн шинээр халдвар авсан нь хамгийн олон хүн халдварт өртсөн тохиолдол болж байна. Ийнхүү өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор өчигдөр ДЭМБ-ын ээлжит хуралдааны үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал ковид 19-ийн нөхцөл байдалтай уялдуудан дэлхийн орнуудыг дөрвөн нөхцлөөр ангилж байгааг хэлсэн юм. Нэгдүгээрт, өндөр сонор сэрэмжтэй байсан улсууд цар тахал бүртгэгдэж эхлэх үед хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний дүнд хүн амын дунд цар тахлаас сэргийлж чадсан. Эдгээр орнуудад гол төлөв Номхон далайн орнууд орж байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн гол арга хэмжээг баримталж хүн амыг хүчтэй манлайллыг хослуулан ард нийттэйгээ хамтран цар тахлыг хяналтдаа авч байгаа орнууд. Үүнд Европын зарим орнууд орж байна. Гуравдугаарт, дэгдэлтийн эхний оргил үеийг амжилттай давсан боловч хязгаарлалтаа хэтэрхий эрт сулруулснаас дараагийн шинэ давалгаа гарч, тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа орнууд. Эдгээрт гол төлөв Евродын орнууд орж байна. Дөрөвдүгээрт, дэгдэлт нь эрчтэй тархаж байгаа орнууд. Үүнд, Ази, Африкийн орнууд багтаж байна.
ОХУ-д сүүлийн 24 цагт 6537 хүн шинээр коронавирусийн халдвар авч, 104 хүн нас баржээ. Манай олон аймагтай хил залгадаг Буриад, Тува, Читид 36-45 хүн халдвар авсан байна. Эрхүү хотод өвчлөлийн эрч хэвээрээ байна.
Ажиглалтад шинээр 109 хүн орж, 24 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2794 хүн ажиглалтад байгаа. Үүнд 1-5 насны 163 хүүхэд, 104 жирэмсэн эмэгтэй, 307 архаг хууч өвчтэй хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 45 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байна.
119 дугаарт 109 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 2 орноос 2 хүн холбогдож, зөвлөгөө авсан. Иргэдийн хувьд гадуур явж байгаа хүмүүс маск зүүхгүй анхаарлаа сулруулсан байна хэмээн шүүмжилж байна. Иймд өдрөөс өдөрт вирусийн тархалт нэмэгдэж байгаа тул анхаарал сэрэмжээ бууруулж болохгүй" хэмээлээ.