ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж, 10.2 сая хүн өвчилж, 503 мянган хүн нас баржээ. 5.5 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Сүүлийн 24 цагийн хугацаанд 153 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 3000 гаруй хүн нас баржээ. АНУ-д сүүлийн 24 цагийн дотор 43 мянган хүн халдвар авсан байна. Сүүлийн 3 өдөр дараалан Америкт 40 мянгаас дээш хүн халдвар авлаа. Зүүн Европын 11 орон хөл хориогоо эргэн чангатаж эхэллээ.
ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 6791 хүн халдвар авч, 104 хүн нас баржээ. Буриад, Тува, Читид 24 цагийн хугацаанд 24-124 хүн өвчилсөн байна. Тувад 124 хүн шинээр өвчилж, нийт өвчлөлийн 4235 болж, сүүлийн сар гаруйн хугацаанд өвчлөл тасралтгүй нэмэгдэж байгаа аж. Манай орны хувьд ажиглалтад 87 хүн орж, 16 хүн ажиглалтаас гарсан. Одоо ажиглалтад 2716 хүн байна. 24 цагийн хугацаанд 119 тоот дугаарт 154 дуудлага ирж, эмнэлгийн зөвлөгөө авсан. АНУ-ын эрдэмтэд коронавирусийн эсрэг хамгийн үр дүнтэй 3 вакциныг удахгүй туршилтад оруулна хэмээн мэдэгдлээ" хэмээв.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: Зургадугаар сарын 29-ний байдлаар дэлхий дахинд хамгийн их буюу 190 гаруй мянган тохиолдол бүртгэгдлээ. ДЭМБ-ын Ерөнхий захирал хэвлэлийн хурлын үеэр вакцин гартал амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа угаах, хөл хориог нөхцөл байдалд тохируулж авахыг уриалсан. Мөн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь зүйтэйг онцолсон" хэмээлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны зургадугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 216 хүний сорьцод шинжилгээ хийж үзэхэд, 215-д нь вирус илрээгүй. Харин нэг хүний сорьцод вирус илэрлээ. Зургадугаар сарын 10-ны өдөр Нурсултаны онгоцоор ирсэн хүнээс илэрсэн. 10-ны өдрийн шинжилгээгээр вирус илрээгүй. 22-ны өдөр дахин давтан шинжилгээ хийхэд мөн вирус илрээгүй. Харин өнөөдөр гурав дахь давтан шинжилгээгээр вирус илэрлээ. Энэ нь 14 хоногийн хөл хориог 21 болгосон нь онож байгааг дахин харууллаа. Нурсултаны онгоцоор ирсэн хүмүүсээс 10-аас нь одоогоор вирус илрээд байна.
Ингээд нийтдээ батлагдсан тохиолдол 220 болж, үүнээс 175 хүн эдгэрсэн. Одоо 45 хүн эмнэлэгт байна. Үүний 36 нь хөнгөн, 9 хүндэвтэр байгаа. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байна" хэмээлээ.