ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж, 9 сая хүн өвчилж, 488 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 150 мянган хүн шинээр өвчилж, 4000 хүн нас барсан байна. Европийн зарим орнуудад хөл хориог сулруулсантай холбоотой халдварын тархалт ихсэж, 11 улсад коронавирусийн халдвар нэмэгдсэн байна. Тиймээс ДЭМБ-аас хөл хорионы дэглэмийг сулруулахдаа үе шаттайгаар сулруулахыг анхааруулж байна.
ОХУ-д 24 цагийн дотор 7113 хүн шинээр өвчилж, 92 хүн нас барсан. Тувад өвчлөл 149-өөр нэмэгдсэн байна. Буриадад 43 хүн шинээр өвчилж, нийт өвчлөлийн тоо 2731 болсон. Бид өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн 136 зорчигчийн ачаа тээш, найман тээврийн хэрэгсэлд голомтын халдваргүйжүүлэлт хийсэн.
Манай орны хувьд өчигдөр ажиглалт 126 хүн шинээр орж, 17 хүн гарч, одоо ажилтанд 2566 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байна. Үүнээс 53 хүн нь архаг хууч өвчтэй. Эдгээрээс зургаа нь эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. 24 цагийн хугацаанд 199 дугаарт 164 дуудлага ирсэн. Тэд коронавирусийн эмнэлзүйн онцлог, эмчилгээний талаар зөвлөгөө авсан" хэмээлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны зургадугаар сарын 25-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймагт дахь салбар лабораторид нийт 171 хүнд шинжилгээ хийхэд 168 хүнээс коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд вирус илэрсэн. Зургадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнээс илэрлээ. Тэд 22-23 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнууд байна. Ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гарлаа. Энэ нь 19 настай цэргийн сургуулийн оюутан байна. Нийт батлагдсан тохиолдол 219 боллоо. Мөн өнөөдөр 08:30 минутад ОХУ-ын зэвсэгт хүний тусгай үүргийн онгоцоор 75 цэргийн албан хаагч ирсэн. Тэднийг Багабаян цэргийн амралтанд байрлуулсан байна. Өнөөдөр сорьц цуглуулах ажил эхэлсэн. Маргааш эдгээр хүмүүсийн шинжилгээний хариуг танилцуулна” хэмээлээ.