Европт хөл хорио тогтоосноор олон сая хүний амь насыг аварчээ



ЛОНДОН./BBC/.Европын орнуудад шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд хөл хорио тогтоосноор гурван сая гаруй хүний амь насыг аварсан гэж Лондоны Хааны коллежийн судлаачид тооцоолжээ.

Хөл хорио тогтоогоогүй бол халдварын улмаас нас барсан хүний тоо маш өндөр байх байсан гэж тэд үзсэн боловч хүн амын багахан хувь нь халдвар авсан байгааг анхааруулаад, цар тахлын эхэн үе үргэлжилж байгааг онцолсон байна. 

Өөр нэгэн судалгаанд тэмдэглэснээр, дэлхийн улс орнуудад тогтоосон хөл хорио түүхэнд байгаагүй бага хугацаанд олон хүний амь насыг аварсан ажээ.

Хааны коллежийн судлаачид Австри, Бельги, Дани, Франц, Герман, Итали, Норвег, Испани, Швед, Швейцар, Их Британи зэрэг Европын 11 оронд тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдийн тавдугаар сарын эхэн үе хүртэлх нөлөөг судалжээ.

Тухайн үед тэдгээр оронд халдварын улмаас 130 мянга орчим хүн нас бараад байсан юм. Судлаачид хөл хорио тогтоогоогүй тохиолдолд хэчнээн хүн нас барах байсныг халдварт өвчний загварчлал ашиглан таамагласан байна.

Тэдний тооцоолсноор, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, хүмүүсийг гэртээ байхыг уриалах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээгүй бол тавдугаар сарын 4 гэхэд 3.2 сая хүн халдвараар нас барах байжээ. Үүнээс үзэхэд хөл хорио 3.1 сая хүний амь насыг аварчээ.

Тодруулбал, Их Британид 470 мянга, Францад 690 мянга, Италид 630 мянган хүн халдвараар нас барж болзошгүй байсан гэж “Nature” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэсэн байна.

Цар тахлын дөнгөж эхэн үеийг туулж байна

Судлаачдын үзэж буйгаар, хөл хорио тогтоогоогүй байсан бол Европт тавдугаар сарын эхэн үе гэхэд 15 сая хүн коронавирусээр халдварлах байжээ.

Одоогийн байдлаар дээр дурдсан орнуудын хүн амын дөрвөн хувь нь халдвар авсан байна.

“Бид цар тахлын дөнгөж эхэн үеийг туулж байна. Хөл хориог цуцалсан тохиолдолд халдвар дахин тархаж эхэлнэ. Халдварын хоёр дахь давлагаа ойрын нэг, хоёр сарын хугацаанд гарах эрсдэл өндөр байна” гэж судлаачид мэдээлжээ.

Мөн Калифорнийн их сургуулийн судлаачид БНХАУ, БНСУ, Иран, Франц, АНУ-д тогтоосон хөл хорионы нөлөөг судалсан бөгөөд тэдний тооцоолсноор, хөл хорионы арга хэмжээнүүд 530 сая хүнийг халдвар авахаас урьдчилан сэргийлжээ.

Хөл хорио тогтоохоос өмнө халдварын тохиолдлын тоо хоёр өдөр тутам хоёр дахин нэмэгдэж байсныг уг судалгаанд онцлон тэмдэглэсэн байна. 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан