Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 213 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж 3 сая хүн өвчилсөн байна. 1.9 сая хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
АНУ-ын өвчлөл нэг саяд хүрсэн. Сүүлийн 24 цагт ОХУ-д 6198 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 87 мянган хүн уг халдвараар өвчилсөн БНХАУ-аас давсан үзүүлэлт болж, 50 хүн нас барсан байна. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь архаг хууч өвчтэй хүмүүс байжээ.
Москва хотод тархалт өндөр байгаа тул зургаан эмнэлэг шинээр ашиглалтад оруулж байгаа. ОХУ-д хөл хорионы дэглэмийг улам чангатгаж байгаа. Мөн 0-15 насны хүүхдүүд халдвар тээгч болохыг анхааруулан гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.
119 дугаарын утсанд АНУ-д коронавирусийн халдвар авсан иргэн хандан зөвлөгөө авсан.
Нарны гэрэл коронавирусийн эсрэг байгалийн маш сайн халдваргүйжүүлэгч болж байгаа. Тиймээс угаасан хувцсаа наранд хатаан гэртээ агаарын солилцоог сайн хийх хэрэгтэйг зөвлөж байна” гэв.
Мөн одоогоор 750 иргэн тусгаарлагдан ажиглалтад байна. Нэгдүгээр сараас хойш 5103 хүн ажиглалтад байсан. Ажиглалтын байранд 114 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
Замын-Үүдийн боомтоор БНХАУ-д эмчлэгдэж байсан хүнд иргэнийг хүлээн авсан. Түүнийг Замын-Үүдэд тусгаарлан шинжилгээ авсан ажиглаж байгаа.
Гэрийн тусгаарлалтад нийслэлд 856 иргэн ажиглагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд коронавирусийг илрүүлэхээр нийтдээ 10 мянга гаруй хүнд шинжилгээг хийжээ.
Сингапурын Технологийн их сургуулийн судлаачид CoViD-19-ийн мэдээллийг математик аргачлалд суурилан дэлхийн 131 улсад энэхүү халдвар хэзээ дуусахыг урьдчилсан таамаг дэвшүүлсэн байна. Уг таамгаар
- ОХУ-д ирэх долоодугаар сарын 20-нд
- Германд наймдугаар сарын 1-нд
- Францад наймдугаар сарын 8-нд
- Их Британид 8 сарын 14-нд
- АНУ наймдугаар сарын 24-нд
Дэлхий нийт арваннэгдүгээр сарын 27-нд коронавируст баяртай гэж хэлнэ гэжээ.