УЛААН-ҮД. /baikal daily/. ОХУ-ын Буриад улсад "COVID-19"-ийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна.
Бямба гаргийн байдлаар халдвар авсан хүний тоо 186 байсан бол ням гаргийн өглөө 209-д хүрч, гурван цагийн дараа 217 болж нэмэгджээ. Даваа гаргийн өглөөний 8 цагийн байдлаар лабораторийн шинжилгээгээр “COVID-19”-ийн халдварын 227 тохиолдол батлагдсан гэж тус улсын шуурхай штаб мэдээлсэн байна.
Халдвар авсан өвчтөнүүдийн 70 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол хоёр хүн нас баржээ. Одоогийн байдлаар 143 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагийн зургаа нь хүүхэд байгаа аж. Хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байна. Харин эрчимт эмчилгээний тасагт коронавирусний халдвартай хоёр хүн хэвтэж байгаагаас нэг хүнд амьсгалын аппарат залгажээ.
Одоогийн байдлаар халдвартай хүмүүстэй ойр хавьтсан 1012 хүн байгаа бөгөөд бүгд лабораторийн шинжилгээнд хамрагдсан байна.