Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.13/ хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.
Тэрбээр "ХӨСҮТ-д өчигдөр тусгаарлагдсан 20 хүний нэгнээс COVID-19 илэрч Монгол Улсад албан ёсоор батлагдсан тохиолдол 17 боллоо. Үүнээс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 13 хүнд лабораторийн эмчилгээ хийгдэж байна. Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт ажиглалтад орсон иргэдээс коронавирус илрээгүй" гэв.
Өнөөдрийн байдлаар 225 хүн ажиглалт, эмчилгээ, эмчийн хяналт дор байна. Эдгэрч гарсан хоёр хүн ажиглах байранд 14 хоног байгаад гарсан. Давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Одоо гэрийн хяналтад шилжсэн ч 14 хоног шинжилгээг авч, хяналт дороо байлгана" гэсэн мэдээллийг өглөө.
Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 16 тохиолдол:
- Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
- Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
- Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
- Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн буюу 12 дахь тохиолдол болсныг гэж 2020 оны гуравдугаар сарын 28-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- 2020.04.01-ны өдөр тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн.
- 2020.04.06-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.08-ны өдөр Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.