ЖАРАНТАЙ ГУАЙН ӨВЧНИЙ ТҮҮХ Тахлын үеийн улс төрийн тэмдэглэл-1


Жарантай 2020 оны зургаадугаар сарын 25-ны үүрээр дугхийгээд хар даран сэрэв.
Чихрийн шижингийн хамгийн хожуу үеийн рентген зураг зүүдэлжээ. Ямар муухай ёр вэ? Ер нь өнөөдрөөс хойш юу ярих вэ? 30 жилийн дуусаагүй яриа, биелээгүй мөрөөдлөө үргэлжлүүлэх үү? Үзэл санаа, дүрэм журам, мэдээж өнөөх эв нэгдэл… Жарантай гэж хэн бэ? Эрэгтэй, 60 орчим настай.
1958-1960 онд 40, 50 мянгатад төрсөн, намхавтар нуруутай, холын харааны шил -3, ойрын хараа +3, жингийн илүүдэлтэй, сошиол хаягтай бөгөөд туслах нь хөтөлж, зургийг нь апп-аар янзлаад, sponsored горимтойгоор шэйрлэнэ. Хурган хулиган явсанаа том атаман байсан гэж хольдог бөгөөд өөрөө түүндээ итгэдэг болсон. “Хонхны дуу”-ны дахилтыг гайгүй аялна, утасны дугаар мэдээж 9911…. Гадаадад эмчлүүлдэг.
Монголын бодит амьдралтай интернэт, зурагтаар танилцдаг. 90 оны өвлийг тачигнасан жаврынхаа хэмжээгээр хамгийн их байсан гэж боддог. Өмч хувьчлалаас өөрийн хувьчлалыг хийж амжсан. Түүнийгээ би гадаад паспорт олгосон, би мал, орон сууц хувьчилсан, би чамд эрх чөлөөг өгсөн гэх маягаар илэрхийлнэ. Бондоос боломжийн ашиг хийсэн. С.Зориг агсны хэлсэн үгнээс нэг хоёрыг овоо цээжилсэн. 1980-аад оны төгсгөлд баруунд хэвлэгдэн Монголд хожим орчуулагдсан зарим номны нэрийг дажгүй мэднэ.
Америкт 2000-2004 оны хооронд кредит цаг тооцдоггүй курс дамжаа дүүргэсэн байх магадлалтай… Улстөрийн алтан цаг нь үдшийн 23.50-ийг заана. Намтөрд 30-настайдаа орж намаас төрд, төрөөс намд 30 жил явж байна. 60АН тэрбумын оношилгооны хариу +эерэг Дэнчин: Хятад гарвалтай үг. Юм амалсан, зээлсний баталгаа болгож, барьцаанд тавьсан мөнгө, эд юм.
Дэнчин тавих, барьцаанд тавих Монгол хэлний тайлбар толиос 60 тэрбумын сүнс амилан, АН-д 60АН гэх нэртэйгээр мутацид орж биежсэнийг үе үеийн төлөөлөл нь зарлан мэдээлж байна. АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Мөнх-Эрдэнэ гэдэг залуу 100 саяын төлбөрийн баримтаа дэлгэн харуулж, 2 дахь шатанд 300 саяыг нэмж нэхэмжилсэн тухай зарлаж эхний шүглийг үлээлээ. Дэнчинг эсэргүүцсэн бусад залуучуудын дуу дуугаа авалцсан эсэргүүцлийг АН-ын дарга Н.Алтанхуяг залган авсан. АН-ыг нэг биш ялалтанд хүргэсэн экс дарга намаасаа хөөгдсөн, хасагдсаны аль нэг нь болсон бөгөөд сонгуульд бие даах болсоноо зарлав.
АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа бие даагчийн хөтөлбөрөө аудитад хянуулахаар хүргүүлсэн нь илэрсэнээр АН-д L хүрээний хүнд хэлбэрийн 60АН-ы голомт болсныг нотлов.
АН-ын ҮБХ-ны гишүүд, дэд дарга нь хүртэл бие даахаар гарч байхад МАХН-аас О.Баасанхүү зөрөөд орлоо. С.Эрдэнэд “Дарвалзсан дурак чинь Шархаданд үзүүл” гэж хэлүүлж байсан хүн эмнэлгээ олжээ. Уг нь хэнийг ч хүчээр намд элсүүлэхийг хориглодог хууль номтой билээ. АН-ын шинэ генсек Ц.Баатархүү намаа шилэн данстай гэж цоллоод, хэдэн хүн хэчнээн мөнгө тушаасан нь бол нууц гэв. Өөрөө яаж 100 саяыг олсоноо дараа ярихаар болсон ч дахиж ярьсангүй. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай найзуудтайгаа хоол идэх хооронд л 100 саяыг олсоноо тайлагнаж, олныг баясгав. АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өөрөө 100 саяыг олоод тушаачихсан байж мэдэх боловч ардчилал үнэ төлбөртэй юм биш гэж ерөнхий маягаар эсэргүүцэхээс өөр аргагүй байдалд оржээ.
С.Эрдэнэ дарга 100 найзаасаа 1 сая төгрөг цуглуулж чадахгүй юм бол улс төрд ороод хэрэггүй гэж муйхарлан зүтгэлээ.
М.Энхболд алд цэнхэр хадаг юугаан дэлгэн барьж С.Эрдэнийн АН-ын даргын суудлыг мялаан ерөөж байсан агшин олон нийтийн ой санамжинд эргэн сэргэв. М.Энхболдын 60 тэрбумын санаархлыг С.Эрдэнэ 60АН тэрбумын бизнес болгон хэрэгжүүлэв үү?
60 тэрбумын төлөвлөгөөг хэлэлцсэн Ц.Сандуй, А.Ганбаатар нар шүүхээс ял авч, М.Энхболд УИХ-ын болон МАН-ын даргаас огцорсон.
Тэгвэл 60 тэрбумын төлөвлөгөөг албан ёсны мөнгөний бүтэц 60АН болгосныг яах вэ? гэдэг асуулт өөрөө урган гарч ирэв.
2016 оны сонгуулийн өмнөх зэвүүн яриа 2020 оны сонгуулиар бүхэл тогтоц систем болжээ.
АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Мөнх-Эрдэнийн батлан хэлснээр дэнчин тушаагаад УИХ-д сонгогдохгүй үлдвэл нам ялсан тохиолдолд улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн бонус байгаа тухай мэдээлэл онцгой анхаарал татаж байна.
60АН тэрбум бол төрийн албан тушаалыг үнэ тарифтай, дэнчин барьцаатай хар зах,ченж арилжаа болгож буй нь илчлэгдсэн. 60АН тэрбумын өвчнийг эмчлэх зайлшгүй шалтгаан 60АН тэрбум хэвтрийн дэглэм, тусгаарлалтын горим сахиулан, заавал эмчлүүлэх шаардлагатай улс төр-нийгмийн онц аюултай халдварт өвчин юм. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан, хүнийг хөрөнгө чинээгээр ялгаварласан, хандив, татвар гэж нэрлэсэн байлаа ч Үндсэн хууль, Улс төрийн нам, сонгуулийн хуулиудыг ноцтой зөрчсөн. Хандив гэвэл 5 дугаар сарын 16-нд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч, дансаа нээхээр эхлэх ёстой хугацаанаас хагас жилийн өмнөх мөнгө.
2019 оны 11-р дүгээр сард АН-ын удирдах байгууллага ҮБХ-ны 400 шахам хүн хаалттай хуралдаад гаргасан албан ёсны шийдвэр. Шилэн данстай гэдэг намаас 60АН тэрбумын шийдвэрээ нуусаар байна. Иргэн 5 сая, компани 20 сая хүртэлх хандив өгч болох хуульд заасан хэмжээг 5-20 дахин нугалаад хэтрүүлчихсэн дүн. Хандив бол сайн дурын хэрэг. Горилогч бүр 100 саяыг тушаа гэдэг нь үнэ тариф, заавал төлөх ёстой шаардлага учраас хандив биш. Сонгуульд өөр олон төрлөөр хандив өргөх боломжийг хаасан учраас сайн дурын үйлдэлд тооцогдохгүй. 2 дахь шатны нууц гэрээний 300-400 сая төгрөгийн нийт дүн 30 тэрбумд хүрнэ. Зөвхөн 2 дахь шатны төлбөр 60 тэрбумын тал нь болно. 180 хүн тушаасан уу, 100 горилогч хураалгасан уу? гэдэг нь сонин биш. Ганц Б.Мөнх-Эрдэнийн мөнгө төлсөн гурван удаагийн шилжүүлгийн баримт сонгуулиас хасагдах хүртэлх хангалттай баримт.
АН-ын гишүүд АТГ, ҮХЦ, СЕХ-нд өргөдөл гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, 60АН тэрбумын мутацид орж амилан биежсэн схемийг хэрэгжүүлсэн нам сонгуульд орж чадах эсэх тухайд хэрэг явдал өрнөж байна. Олон түмэн 60 тэрбумыг дэмжихгүй. МАН дотор сүйрч, үхлийн цохилт амссан 60 тэрбумынхан АН-д зүсээ хувиргаад, төр худалдвал Монгол ялахгүйг хэн ч ойлгоно. 100 сая ямар хэмжээтэй мөнгө вэ? О.Магнайн сайрхсанаар хоол идэх зуур олчихдог мөнгө үү? Жирийн монгол хүнд маш их мөнгө. Сая төгрөгийн цалинтай хүн 5 жил идэж уухгүй, өмсөж зүүхгүй байж хураах хөрөнгө. Хоёр өрөө шинэ сууцны үнэ. УИХ-ын гишүүний 4 жил авах цалин 70 сая төгрөг. 2 дахь шатанд нэхсэн гэх 400 саяыг нэмбэл 70 саяын цалин авах гэж хагас тэрбумыг урьдчилгаа төлбөрт төлсөн байж таарах уу? Төсвийн мөнгөөр цөм хийх дэнчин учраас ийм өндөр үнэтэй. АН-ын зарим хүний амнаас хандив ч биш, дэнчин ч биш татвар гэдэг үг гарч эхэлсэн нь аргаа барсаны илрэл юм. Татвар гэж тайлбарлалаа ч сонгуульд зориулсан учраас сонгуулийн хуулиа зөрчсөн баримт болж байна. Энэ сонгуулиар нэр дэвшигчид Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх хуультай болсон. АН-ын нэр дэвшигчид 100 найз олоод “Чи надад саяыг өгсөн шүү, за юу гэх маягийн” Шиндлерийн бүртгэл бэлтгэх байх. Гэтэл ганцхан Б.Мөнх-Эрдэнийн гар дахь шилжүүлгийн баримтаас 30, 40, 30 саяар нь гурав хуваагаад төлсөн нь илэрсэн.
Дээр нь нэг ч өдөр бизнес эрхэлж үзээгүй зөндөө хүн 100 саяыг, нэмээд 400 саяын дэнчин барьцаа төлсөнийг хэрхэн зөвтгөх нь хэл эвлэхээргүй, хэцүү даалгавар. АН-ын банкин дахь дансны хуулга байхад л тэдний хувьд сонгууль будаа болж мэдэхээр байна. Ардчилсан төрөө сонгох, сонгогдох эрхийг хайгуул, ашиглалтын лиценз болгон үнэлэн худалдсан нь наанадаж мордохын хазгай болголоо. Улс төр нөхөн сэргээлтгүй хариуцлагагүй уул уурхайн голланд өвчин тусчээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуулийн хуулийн дагуу хандиваа авч, цугларсан хэмжээнд нь тохируулаад сурталчилгаагаа хийнэ гэж хариулсан. 60АН тэрбумдаа идэгдсэн АН-тай харьцуулаарай гэсэн улс төрчийн хэлэх л үг, улс төрийн хийх л нүүдэл. МАН дахь 60 тэрбумынханыг унагаж, МАНАН-гийн утааг арилгаж буй улс төрчийн хувьд нэр хүндээр тасархай тэргүүлж байгаа. Харин С.Эрдэнэд нэр төр гэхээр юм үлдээгүйг бүх судалгааны дүнгээс уншиж болно. 60АН-тэрбумын генийн бүтэц “Ардчиллын өргөө” гэдэг байшин өөрийн үйлчилгээний цэстэй. Зочид буудал, баар, караокены меню цэсний архи дарс, массаж, саунаас өөр нэртэй болохоос үндэс зарчим нь яг адилхан. Үндэсний бодлогын хорооны гишүүний сонгуульд ороход 6 сая, жил бүр 3 сая, намын даргын сонгуулийн дэнчин 240 сая гэх мэт. Сум дүүргийн, аймаг, нийслэлийн намын хорооны гишүүний, намын дэргэдэх байгууллагын татвар хураамж гээд бүх шатанд хэрж татсан мөнгөний сүлжээ. Хувь заяаны шоглоомоор уу, угаасаа нэг л угшил гарвалтай тооцоо юу? Энэ бүхний үнэ төлбөрийн нийт дүн 60 орчим тэрбум болж байна.
60АН тэрбум сонгуулийн дэнчингээр илэрсэн болохоос биш бүхнийг зарах, бүгдийг үнэлэх бүтэн тогтолцоо юм.
“Төлбөртэй нэр дэвшигчид” Та дэнчингийн мөнгөө төлсөн үү? гэдэг асуултанд АН-аас горилогчид бүгд барьц алдаж, ээрч муурч байна. Харц, үг хэлнээсээ эхлээд буруу юм, муу зүйл гэдгийг өөрсдөө баталж, гэмшсэн дүр төрх ч анзаарагдаж байгаа. 100+400 саяыг яаж тайлбарлах дээр толгойгоо эргүүттэл гашилгах нь зайлшгүй. 60АН тэрбумыг тайлбарлах гэж орооцолдсоор байтал сонгууль дуусна. 60АН тэрбум АН-аас сонгуульд өрсөлдөгчдөд бүгдэд нь “Төлбөртэй нэр дэвшив” гэдэг хаяг шошго, тэмдэг пайз хадаж зүүж өглөө.
Шившгийн хөндийн таних тэмдэг.
“Төлбөртэй” нэр дэвшигч шударга ёсны талаар хашгирахад сонгогч итгэхгүйд гол хор урхаг нь байна. Өнгө мөнгөний сонгуулийн амьд дүрүүд үнэний төлөө тэмцэгчийн маск зүүсэн ч нуугдаж чадахгүйд гай нь оршино. Ямар ч мөнгөтэй хүнд ихдэх хэмжээний хагас тэрбумд хүрэх дэнчин, барьцаа төлөхдөө АН-аас горилогсод дуртай таатай байгаагүй нь мэдээж. Хувийн мал сүргийг нь улс нийгэмд шахамдуулан хураан авч байснаас ялгаагүй. Өгөх хүн гутарч, авах хүн гялтайх нь жам. Өндөр татвар, их дэнчинд дургүй байдаг нь хүний жам ёсны зан араншин. УИХ-ын сонгуулийн дүнгээс үл хамаарч дэнчин авагч тал баталгаатай хожно. Дэнчин төлөгч талд сэтгэл ханамжийн баталгаа байхгүй, таалагдаггүй улс төрчдийн охь манлай даргатай нам ялаад, улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдэг Марс гараг шиг хол санагдана. Өнгө мөнгөн дээр шударга ёс тогтох уу? “Үнэн худалдагдахаараа үхдэг” гэдэг. Үргэлжлэл бий.
Иргэн Г.Дугар
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан