Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Нийт 2 сая гаруй иргэн өвчлөөд байна. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 4000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, 44 хүн нас барсан байна. Нийт өвчлөл 47000 гаруй байна.
Коронавирусийн халдвар хоёр, гуравдахь давалгаагаар дахин дэгдэх магадлал маш өндөр байна.
Зургадугаар сарын 1-ний өдрөөс ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг сайн дураараа вакцин хийлгэх хүсэлтээ хүмүүст хийж, туршиж үзнэ. БНХАУ-д эмнэлгээс эдгээд гарсан 161 хүний 22 хүнд коронавирус дахин илэрсэн. Тиймээс вирус 14-37 хоногийн дараа дахин илэрч байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.
Манай 119 утсанд дуудлага ирсээр байна. Ингэхдээ хүмүүс гадуур маш их явж байна. Хөдөлгөөн их байна. Ингэхдээ амны хаалтгүй явж байгааг сануулж өгөөч гэсэн дуудлага дийлэнх нь байна" гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Яг өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1228 иргэн байна. Тусгаарлах байранд 05 насны хүртэлх хүүхэд 45, жирэмсэн эмэгтэй 35, даралт ихсэх өвчтэй хүн 64, зүрхний судасны эмгэгтэй хүн 9, чихрийн шижинтэй 20 иргэн байна.
Тусгаарлах байруудад өнөөдрийн байдлаар 201 эмч, сувилагч ажиллаж байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлийн хэмжээнд 1069 иргэн байна. Өчигдөр 945 иргэн гэрийн тусгаарлалтаас гарсан байгаа.
Өнгөрсөн хугацаанд 6800 гаруй шинжилгээ хийсэн байна. Онош батлагдсан иргэдэд ДЭМБ-аас өгч байгаа заавар зөвлөгөө, эмчилгээ сувилгааг хийгээд явж байна. Гадаадад онош батлагдсан иргэд манай утсаар байнга заавар, зөвлөгөө авч байгаа" гэлээ.
Б.Аз