Өнөөдрийн байдлаар Итали улс шинэ коронавирус буюу COVID-19 цар тахалд өдөр бүр хэдэн зуугаар тоологдох иргэнийхээ амь насыг алдан тоо нь аль хэдийнээ Хятад улсыг даван 8,000 хүрлээ.
Ердийн улирлын ханиад томуунаас хүний амь эрсдэх үзүүлэлт 100 хүнээс 0.1 хувь нь байдаг бол коронавирусээс хүний амь нас эрсдэх үзүүлэлт дунджаар 2 хувь орчим гэж судлаачид үзэж байна.
Гэхдээ энэ нь ердийн томуунаас дунджаар 20 дахин их хөнөөлтэй гэсэн үг. Хэдийгээр дээрх үзүүлэлт 2 хувь гэсэн хэдий ч коронавирусээс амиа алдсан хүнийхээ тоогоор дэлхийн улс орон бүр харилцан адилгүй байгаа. Энэ үзүүлэлтэд тухайн улсын хүний амын насжилт, өвчлөл, эрүүл мэндийн салбарын чанар, хүрэлцээ, хүртээмж зэрэг олон зүйл нөлөөлж буй нь ойлгомжтой.
Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дийлэнх хэсэг нь хөнгөн тусдаг бөгөөд өндөр настай болон архаг хууч өвчтэй хүмүүс илүү эрсдэлтэй байна гэдгийг статистик үзүүлэлтүүд харуулдаг. Гэхдээ энэ нь эрүүл саруул, залуу хүмүүс энэ өвчнийг тусаад хүндрэх, цаашлаад амь насаа алдах ямар ч эрсдэлгүй гэж ойлговол туйлын буруу.
Хятад улсад халдвар авсан нь тогтоогдсон нийт хүмүүсийн 5 хувь нь сэхээн амьдруулах эмчилгээнд орсон бол Италид энэ үзүүлэлт илүү өндөр 12 хувьтай байгаа.
Итали улсын хувьд 80,000 орчим коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс 8,000 орчим хүнийхээ амийг алдсан гэдэг нь амь насаа алдсан үзүүлэлт дээр дурдсан 2 хувь байтугай 10 хувьд хүрч байгаа нь дэлхий нийтийг цочирдуулж байна.
Итали хүмүүсийг Европын бусад улсуудтай харьцуулахад харьцангуй эрүүл амьдралын хэв горимыг сахидаг гэж үздэг. Үүнээс үүдээд Итали хүмүүс өндөр насалдаг учраас хүн амынхаа дундаж наслалтаар Европ тивдээ дээгүүр ордог. Коронавирусээс амиа алдсан хүмүүсийн тоо Италид өндөр байгаа нь өндөр наслалттай холбоотой байж болох ч нөгөөтээгүүр халдварын тоо хурдацтайгаар өсөж коронавирусээс шалтгаалан сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ шаардагдах өвчтөнүүдийн тоо нь эмнэлгүүдийнх нь хүчин чадлаас хэтэрсэнтэй илүү холбоотой.
Ялангуяа эмч, сувилагч болон хүндрэл учирсан өвчтөнүүдэд нэн шаардлагатай амьсгалын аппаратуудын дутагдалд Итали улс ороод байгаа билээ.
Италид амьсгалын аппаратууд нь хүрэлцээгүй байгаа тул эмч нар өвчтөнүүдээсээ хэнийг нь амьсгалын аппаратад оруулж амь насыг нь аварч хэнийг оруулахгүй үхүүлэхэд хүргэх вэ гэдэг асар хүнд сонголтуудыг хором тутам хийж байна.
Коронавирусийн халдвар авч хүнд өвдсөн хэдий ч амьсгалын аппаратаа өөр залуу хүнд өгч өөрөө амьсгалын аппаратад орохоос татгалзан амь насаа алдсан 72 настай лам Жюсэппэ Берарделийн зүрх шимшрүүлсэн нөгөө талаар хүний сайхан сэтгэлийг харуулсан явдлын тухай мэдээг дэлхийн хэвлэлүүд бичсэн.
Ердийн улирлын ханиад томуунаас хүний амь эрсдэх үзүүлэлт 100 хүнээс 0.1 хувь нь байдаг бол коронавирусээс хүний амь нас эрсдэх үзүүлэлт дунджаар 2 хувь орчим гэж судлаачид үзэж байна.
Эмч сувилагч болон амьсгалын аппаратуудын дутагдлаас үүдэн Италид олон хүмүүс амь насаа алдан зарим хотын буяны байгууллагууд нь талийгаачдаа оршуулж дийлэхгүй армийг дайчлан талийгаачдынхаа цогцсыг бусад хотуудын буяны байгууллагуудад хүргэж өгч буй та дуулсан байх.
Энэхүү коронавирусийн цар тахал нь улс орнуудын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрхэн сайн зохион байгуулсан зэрэг зүйлсийн ялгааг тодоор харуулж байна. Хятад, Солонгос зэрэг улсад чанга дэглэмтэй хөл хорио, уйгагүй тандалт шинжилгээ зэрэг хурдацтай арга хэмжээ авсны үр дүнд вирусийн дэгдэлтийг тодорхой хэмжээнд хорьж чадлаа.
Тайван, Сингапур зэрэг улсууд 2002-2003 дэгдсэн SARS вирусийн дэгдэлтээс авсан сургамжийнхаа дагуу дээд зэргийн зохион байгуулалттай урьдчилан сэргийлсний үр дүнд вирусийн халдварыг бүрэн хяналтдаа авч халдварыг маш бага хэмжээнд тогтоож чадаж байна.
Гэтэл Азийн орнуудтай харьцуулах Америк улс болон Европын орнууд коронавирусийн дэгдэлтэд маш хойрго хандаж урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг чадаагүй тул одоо Америк, Европ тив тахлын голомтууд болоод буй.
Лалын Бүгд Найрамдах Иран улсад гэхэд бараг 30,000 шахуу халдвар, 2,000 гаран амь эрсдэл байгаа гэсэн албан ёсны тоо байгаа ч Иран улс хатуу дэглэмтэй, мэдээлэлд маш хяналттай, улс төрийн тогтворгүй, хаалттай шахуу улс тул жинхэнэ тоог нууцалж бодит байдал дээр үүнээс хэд дахин өндөр байх магадлалтай.
Иран улс эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд, эрүүл мэндийн салбар нь Монгол Улстай зүйрлэж болохоор хэмжээний орон тул манай улсад учирч болох аюулын дүр зураг юм.
Амьсгалын аппарат гэдэг нь уушгины хатгалгаа гэх мэт өвчин туссан хүний уушгины үйл ажиллагаа муудан тухайн өвчтөн амьсгалын дутагдал буюу хүний биед шаардлагатай хүчилтөрөгчийг уушги нь авч чадахгүй байгаа үед нойрсуулагч эмчийн тусламжтайгаар өвчтөний мөгөөрсөн хоолойд гуурс суулган түүгээр нь хүчилтөрөгчтэй агаар шахаж эргээд нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс нь зайлуулдаг тусгай төхөөрөмж юм.
Монгол Улсын хувьд нэн шаардлагатай энэхүү амьсгалын аппаратууд нийтдээ ердөө 160 байгаагаас 100 гаруй нь энгийн үед байнга хэрэглэгдэж байдаг
Цаашид коронавирусийн халдвар вакцин гаргахаас нааш буурахгүй байнга өсөх хандлагатай байгаа тул дэлхийн улс орнууд нэн шаардлагатай энэхүү амьсгалын аппаратуудыг бие биенээсээ өрсөн асар олон тоогоор худалдан авч нөөцөлж байна. Амьсгалын аппаратуудыг үйлдвэрлэгч компаниуд дэлхийд цөөхөн бөгөөд эдгээр үйлдвэрлэгч нар захиалгаа дийлэхгүй хүчин чадлаа хэдэн арав дахин нэмэх шаардлагад хүрээд байгаа билээ.
Гэхдээ энэхүү төхөөрөмжийг үйлдвэрлэхэд өндөр стандарт, нарийн ур чадвар, технологи шаардлагатай тул үйлдвэрлэгч нар хүссэнээрээ хүчин чадлаа нэмэх ямар ч боломжгүй юм. Зарим улс орнууд бусад төрлийн технологи буюу машин, гэр ахуйн цахилгаан бараа гэх мэтийг үйлдвэрлэгч нараа дайчлан тэдгээрийг ашиглан амьсгалын аппаратуудыг олон тоогоор үйлдвэрлэх арга замыг хайж байгаа аж.
Мөн нэг амьсгалын аппаратад хоёр хүнийг зэрэг холбох боломжийг ч судалж байна. Эрэлт нь асар өссөн тул мөнгө нь байгаад ч амьсгалын аппаратууд олдохгүй нөхцөл байдал үүсээд буй. Улс орнууд өөрсдийн үйлдвэрлэгч нараа ч амьсгалын аппарат экспортлохыг хориглосон.
Дэлхийн улс орнуудын одоо буй болон нэмж худалдан авч амьсгалын аппаратуудын талаар хэдэн тоо дурдъя.
Америкийн Нэгдсэн Улс (АНУ) гэхэд нийтдээ 160,000 гаруй амьсгалын аппараттай бөгөөд энэ тоог 750,000 хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай талаар яригдаж байна. Нэмэгдүүлсний дараа 327 сая хүн амтай АНУ-ын хувьд 436 хүнд нэг амьсгалын аппарат ногдож байна.
Тэгвэл одоогийн байдлаар Их Британи 8,000 аппараттай бөгөөд тоогоо 35,000 болгохоор зорьж буй бол Герман улс одоо байгаа 25,000 амьсгалын аппарат дээрээ нэмж 10,000 аппаратыг худалдан авч байгаа аж. Ингэхээр тоогоо нэмэгдүүлсний дараа Их Британид 1,885, Германд 2,342 хүн тутам нэг ширхэг амьсгалын аппарат ногдож буй аж.
Эдгээрээс хамгийн цөөн амьсгалын аппарат шаардагдах Герман улсын жишгээр авч үзэхэд манай улсад коронавирусийн халдвар ихсэхэд 1,280 ширхэг амьсгалын аппарат шаардлагатай гэсэн тоо гарна.
Гэхдээ мэдээж манай улсын хөгжил болоод эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн өөрсдийгөө Герман улстай зүйрлэх нь шударга бус хэдий ч манай улс нэг мянга биш юмаа гэхэд хэдэн зуугаар тоологдох амьсгалын аппаратуудыг бэлдэх нэн шаардлагатай гэсэн үг. Тэгвэл Монгол Улсын хувьд нэн шаардлагатай энэхүү амьсгалын аппаратууд нийтдээ ердөө 160 байгаагаас 100 гаруй нь энгийн үед байнга хэрэглэгдэж байдаг тул ердөө 60-хан хүнийг аппаратад оруулах боломжтой гэсэн үг хэмээн “Оном” сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар гуай ярьж байна.
Коронавирусийн эмчилгээнд нэн шаардлагатай энэхүү амьсгалын аппаратуудын тооны талаар ЭМЯ болон холбогдох албан тушаалтнууд тодорхой зүйлийг огт дурдахгүй байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч энэ талаар хөндөхгүй байгаа нь туйлын харамсалтай.
COVID-19 холбоотой тогтмол явагддаг нэгэн хэвлэлийн бага хурлаар ЭМЯ-ны Эмнэлгийн Тусламжийн Газрын дарга Я.Буянжаргал “Азийн хөгжлийн банк, Засгийн газраас олгосон санхүүжилтээр бид амьсгалын аппаратуудыг нэмж аваад эмнэлгүүдэд хуваарилж байгаа” гэсэн байна. Гэтэл сэтгүүлчид манай улсад хэчнээн аппарат байгаа, хэдийг нэмж авч байгаа болоод хэзээ ирэх, олон улсын жишиг ямар байгаа талаар нарийн тодорхой огт асууж тодруулсангүй.
Мэдээж дэлхийн улс орнууд хамгийн хүнд нөхцөл байдал үүсэхэд хэрхэн хохирлыг бууруулах вэ гэдэг байдлаар бэлдэж байгаа бөгөөд манай улс ч энэ жишгээр бэлдэх ёстой гэж хувьдаа бодож байна.
Манай улс энэ олон тооны амьсгалын аппаратуудыг бэлдэхгүй бодлого баримтлахыг хүсвэл коронавирусийн эсрэг вакцин бий болох хүртэл сэжигтэй тохиолдлуудыг маш нарийн мөшгөн хөөж маш олон хүмүүсийг шинжилгээнд удаа дараалан хамруулах, шинжилгээг хүртээмжтэй болгож өргөн хүрээнд шинжилгээг хийх, халдвартай болон сэжигтэй хүмүүсийг удаан хугацаагаар хяналттай тусгаарлах, тусгай нислэгээс бусад ямар ч тохиолдолд хилээр орж гарах хөдөлгөөнийг байнга хориглох, байнгын хөл хорионд байхаас өөр аргагүй болно.
Эдгээрийг хэрэгжүүлэхгүй бол манай улс олон тооны иргэдээ тахлын голомт болсон гадаадын орнуудаас байнга авчирч буй өндөр эрсдэлтэй өнөөгийн нөхцөл байдалд нууц үе удаантай, маш халдвартай энэхүү коронавирус манай улсад маш хурдан хугацаанд өргөн тархах аюул улам бүр өндөрсөж байна.
Мэдээж коронавирусийн эсрэг эхний хамгаалалт бол манай улсад одоо хэрэгжүүлж буй хөл хорио, тандалт шинжилгээ, тусгаарлалт зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд мөнөөсөө мөн.
Гэхдээ энэхүү хамгаалалт сэтлэгдвэл бидний дараагийн хамгаалалт болох эмчилгээ, сувилгаа зэрэг хохирлыг бууруулах дараагийн арга хэмжээнүүд бэлэн байх шаардлагатай. Энэхүү дараагийн хамгаалалтын гол цөм бол бидний алтан гарт эмч, сувилагч нар тэдэнд биднийг аврахад шаардлагатай өөрсдийгөө хамгаалах эмнэлгийн хамгаалалтын маск, хувцас хэрэглэлүүд, та бидний эмчилгээнд хэрэгтэй амьсгалын аппаратууд зэрэг эмчилгээний төхөөрөмжүүд болно.
Эцэст нь хэлэхэд эдгээр бүх тоо, үзүүлэлтүүдийн цаана та бидний хайртай хүмүүсийн амь нас буй гэдгийг мартаж болохгүй бөгөөд аюул учирлаа гэхэд эмч, сувилагч нар маань хэнийг нь үхүүлэх, хэнийг нь аврах сонголт хийх нөхцөл битгий хүрээсэй хэмээн бичиж байна.
АНУ-ыг үндэслэгчдийн нэг Бенжамин Франклин “Төлөвлөгөөгөө бэлтгэлгүй бүтэлгүйтэх нь бүтэлгүйтэхээр төлөвлөн бэлтгэж буй гэсэн үг юм” гэж хэлсэн байдаг.
З.Оргилхүү /@orgilkhuu/