Хятадын Засгийн газар халдварын тархалтыг хяналтандаа оруулахаар хичээнгүйлэн ажиллаж байгаа тул титэм вирусийн сөрөг үр нөлөө сүйрэл дагуулсан үр дүнд хүргэхгүй гэнэ. Ийнхүү үзэж байгаагаа БНХАУ-ын Боловсролын яамны дэргэдэх Хүмүүнлэг, нийгмийн ухааны үндэсний судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Вань Цинсун Оросын “Валдай” клубт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Хятадад тархсан шинэ төрлийн титэм вирус олон улсын харилцаанд хэрхэн нөлөөлөх талаарх түүний ярилцлагыг товчлон хүргэж байна.
Титэм вирус эсвэл Америк-Хятадын худалдааны дайны аль нь илүү муу вэ?
Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлт Хятад болон дэлхийн эдийн засагт ойрын ирээдүйд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ нь Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын олон улсын нөлөөтэй холбоотой юм. Хятад болон бусад орнуудын хоорондын эдийн засаг, худалдааны харилцаа улам бүр нягт болно.
Гэхдээ халдварын сөрөг үр дүн түр хугацааны шинжтэй бөгөөд Хятадын засгийн газар вирусийн тархалтыг хяналтандаа авахаар шийдэмгий ажиллаж байгаа тул сүйрэл дагуулсан үр дүн гарахгүй. Хятад улс олон улсын хамтаар 2003 онд САРС-ыг ялж байсны адил шинэ төрлийн титэм вирусийг ялна.
Шинжээчдийн үнэлснээр, 2003 онд гарсан САРС –ын дэгдэлтээс үүдсэн дэлхий дахины эдийн засгийн хохирол 40 тэрбум ам.доллар байсан. Үүнийг АНУ, БНХАУ-ын худалдааны дайны үр дагавартай харьцуулж болох уу? Би хувьдаа өөр бодолтой байна.
Шинэ төрлийн титэм вирусийн тархалтыг таслан зогсоох, хянах, эцсийн дүндээ даван туулах боломжтой. Өөрөөр хэлбэл үүнд Хятад ялагч болно.
Хятад, Америкийн хоорондын худалдааны хэлэлцээрийн “эхний үе”-ийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь энэ дайнд одоогоор ялагч болон ялагдагч байхгүй гэдгийг харуулж байгаа юм. Түүнчлэн хоёр орны хоорондын өрсөлдөөн дөнгөж эхэлсэн, тодорхойгүй зүйл олон байгаа гэсэн үг. Хятад, Америк хоёр энэ худалдааны дайнаас сургамж авч, дэлхийн хөгжилд дэмжлэг үзүүлэх олон улсын хариуцлагаа хуваалцаж чадна гэж би найдаж байна.
“Дэлхийн бараа үйлдвэрлэл”-д хомсдол нүүрлэх үү?
Хятадын үйлдвэрлэлийн хүчин чадал дэлхий дахинаа алдартаөй бөгөөд “дэлхийн бараа үйлдвэрлэл” гэж энэ улсыг нэрлэх болсон нь зүгээр ч нэг хэтрүүлсэн нэршил биш. Ойрын ирээдүйд Хятадын үйлдвэрүүд дэлхийн орнуудын захиалгыг гүйцэтгэхийн тулд илүү цагаар ажиллах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зэргээр үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Тиймээс титэм вирусийн улмаас Хятадын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасахгүй. Гадны улс орнууд хэдийнэ асар их хэмжээний бараа бүтээгдэхүүн импортлочихсон. Мөн тэд бусад орнуудаас түр хугацаанд ижил нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортлон авах боломжтой.
Гэхдээ Хятад үйлдвэрлэлийн зорилтуудаа биелүүлэхэд бусад улс орнуудын ойлголцол, дэмжлэг шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэе.
Улс төрийн үр дагавар
Шинэ төрлийн титэм вирустэй тэмцэх зорилгоор Хятадын засгийн газар өвчнийг дэлхий даяар тараахгүйн тулд зэвсэгт хүчнээ хүртэл татан оролцуулж үндэсний хэмжээнд асар их хүчин зүтгэл гарагж байна. Эдгээр арга хэмжээ нь эерэг хандлага, олон улсын зүгээс дэмжлэг хүлээж байгаа. Бусад орнууд ч урьдчилан сэргийлэх шаардлагатай араг хэмжээнүүдийг авч байгаа тул дэлхий даяар тахал нүүрлэхгүй. Мөн анагаах болон техникийн ухааны салбарын дэвшилд бид найдаж болно.
Олон улсын болон бүс нутгийн түвшинд, олон оронд Хятадын жуулчдыг ялгаварлан гадуурхах болсныг бид өнөөдөр харж байна. Иргэд өөрсдийн улс орны засгийн газрууддаа дарамт шахалт үзүүлж байна. Мөн олон орны засгийн газар Хятадын иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хатуу журам авч хэрэгжүүлж байгаа. Энэ үйлдлийг ойлгож байна. Гэхдээ бид титэм вирусээс болж Хятадын иргэдийн эсрэг ялгаварлан гадуурхсан үйлдлээс татгалзаж, Хятадын ард түмэн, Засгийн газарт олон улсын зүгээс ухаалаг, хүлээцтэй хандана гэж бид найдаж байна.
Титэм вирус ба геополитикийн сөргөлдөөн
Хятадад “зовлон бэрхшээлийг хамт туулахаас нааш хүнийг таних боломжгүй” гэсэн утга бүхий зүйр үг байдаг. Өөрөөр хэлбэл “зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн үг.
Нэг талаас, АНУ болон бусад барууны орнууд Хятадад туслахад бэлэн байгаагаа нэг бус удаа зарласан ч одоогоор ажил хэрэг болгоогүй. Нөгөө талаас, энэ өвчний тархалт Хятадын эсрэг барууны хүчийг нэгтгэх сайхан боломжийг бий болгосныг бид харж байна.Барууны зарим хэвлэлүүд, шинжээчид, албан тушаалтнуудын зүгээс Хятадыг чиглэсэн шүүмжлэл ухамсарт түвшнээс хэдийнэ давж, элэглэх, доромжлох, хараах байдлаар ч илэрч байгаа. Барууны орнуудад зарим нэг нь Хятадын эдийн засаг, Засгийн газар сүйрээсэй гэж хүсч байна. Энэ нь бүдэрсэн дээр нь түлхэж байгаа хэрэг. Энэ бол соёл иргэншсэн хүн төрөлхтний арга биш.
Барууны хэвлэлүүд шинэ төрлийн титэм вирустэй холбоотой нөхцөл байдлаас тодорхой ашиг олж байсан ч гэлээ тэд “хүнээ байж”, Хятадын ард түмний сэтгэл зүрхийг шархлуулж байгаа хэрэг.
“Аюул” ба “боломж”
Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлт нь нийгмийн эрүүлийг хамгаалах салбарын хувьд дэлхийн нийтэд сорилт болж байна.
Хятад хэлэнд “хямрал” гэх үг нь “аюул” ба “боломж” гэсэн хоёр утга агуулдаг. Хямрал бүхнийг шалгаж, бүгдийг сорьж байдаг.
Титэм вирусийн улмаас бий болсон хямрал Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн ажлын үр ашиг, хариуцлагыг шалгаад зогсохгүй, дэлхий дахин дэвшилтэт шинжлэх ухааны ололтуудыг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.