Чимээгүй үхэл дагуулдаг чихрийн хэрэглээг татвараар боомилъё

  • Сахрын зохисгүй хэрэглээ чихрийн шижин, таргалалт, зүрх судасны эмгэг, зөнөгрөх, шүд цоорох өвчин үүсгэдэг
  • Манай улсад нэг жилд 210 сая литр сахартай ундаа худалдаалагдаж, иргэд 522 тэрбум төгрөг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, нэг хүнд хоногт 367 мл, сард 11.1 литр чихэрлэг ундаа ногдож байна
  • Франц улс 2011 онд чихэрлэг ундааны татварын систем нэвтрүүлж, татварыг гурван хувь байхаар тогтоосон бөгөөд улсын төсөвт нь жилд 120 сая евро төвлөрдөг
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2016 онд чихэрлэг ундаа, хэрэгцээгүй нүүрс ус ихээр агуулдаг бусад бүтээгдэхүүнд 20 хувь болон түүнээс дээш хэмжээний сахрын татвар ногдуулахыг манай улсад зөвлөж байв. Сахрын улмаас үүсэх өвчлөл, хор нөлөөний талаар ч эрчимтэй ухуулж байна. Гэвч манай улс эл асуудлыг огт авч хэлэлцсэнгүй. Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах сахрын хэмжээ нь тодорхой бус, орц найрлага дахь элсэн чихрийг орхигдуулдаг учраас монголчууд сахрыг хоол шиг л хэрэглэж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв гарц бол сахарт өндөр хэмжээний онцгой албан татвар ногдуулах гэдгийг судлаачид дахин дахин сануулсаар.
2030 он гэхэд таргалалттай Монгол хүүхдийн тоо 79 мянгад хүрнэ
Монголчуудын амтархан иддэг баавгайтай чихэр, барбарис болон зарим амттаныг япон найздаа санал болгоход огт идээгүй. Талархлаа илэрхийлээд эвтэйхэн татгалзаад “Танайхан маш их сахартай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ чихэр хэт их сахартай байна. Дутуу боловсруулсан сахар хүний биед хортой” гэсэн япон найзын маань үг санаанаас гардаггүй юм. Үнэхээр ч монголчууд бид мэдлэг мэдээлэл дутуу, сахрыг хэтрүүлэн хэрэглэдгийн улмаас түүнээс үүдэлтэй төрөл бүрийн өвчинд нэрвэгдээд олон жил болж буй. Хүүхдэдээ аль амттайг идүүлж, хийжүүлсэн ундаа, чихрийн агууламж өндөртэй жүүсээр эрхлүүлэх эцэг, эхчүүдтэй ч олонтоо тааралдана. Далд өлсгөлөн, таргалалт, шүдний цоорол, чихрийн шижин гээд халдварт бус өвчний тархалт өдрөөс өдөрт өсөж байна. Тухайлбал, манай улсын 18 хүртэлх насны хүүхдүүдийн 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй бол нийт хүн амын 15 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй байна. Эмчлүүлэх өртөг өндөртэй чихрийн шижин өвчин үүсэхэд илүүдэл жин хамгийн их нөлөөлдөг. Гэтэл “Дэлхийн таргалалтын холбоо” Монгол Улсын 5-19 насны таргалалттай хүүхдийн тоо 2030 он гэхэд 79,648 буюу 19 хувьд хүрнэ хэмээн тооцоолсон бөгөөд үүнд шарж хуурсан түргэн хоол, тэжээллэг чанаргүй элдэв амттан, хийжүүлсэн ундаа зэрэг бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ нөлөөлж буйг анхааруулсан байна. НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаа “Хүн амын хоол тэжээлийн байдлын үндэсний V судалгаа”-наас харахад “Манай улсын иргэдийн таргалалт сэтгэл түгшээсэн асуудал болсон. “7-11 настай хүүхдийн илүүдэл жин, таргалалт 28 хувьд хүрч, 2010 оныхоос долоо дахин нэмэгдсэн. Харин 15-49 насны хоёр эрэгтэй тутмын нэг нь илүүдэл жинтэй, эмэгтэйчүүдийн 46.2 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна” хэмээсэн. 
 Чихэрлэг хүнс донтолт үүсгэж, хоолны дуршил бууруулдаг
Сахрыг чихрийн манжингаас гаргаж авдаг бөгөөд маш олон шат дамжлагаар цэвэрлэдэг. Цэвэрлэгээ хийх явцад түүнд агуулагдаж байсан биологийн идэвхт бодис, эрдэс амин дэмүүд нь бүгд устаж, ямар ч тэжээллэг чанаргүй, өндөр илчлэг болж хувирдаг байна. Гэтэл бид өдөр тутамдаа ямар ч тэжээллэг чанаргүй, илчлэг бүхий эл бүтээгдэхүүнийг шууд болон шууд бус байдлаар хэтрүүлэн хэрэглэдэг. Уг нь ДЭМБ-аас насанд хүрсэн хүн өдөрт ердөө 25 гр, хүүхэд 6-8 гр сахар хэрэглэх нь зохистой гэж зөвлөж буй. Бид төрөл бүрийн хийжүүлсэн болон хийжүүлээгүй ундаа, жимсний чанамал, нарийн боов, иогуртаас эхлээд өдөр тутмын хүнсээрээ дамжуулан далд сахрыг тамтаггүй хэрэглэж байна. Бүр талх, цай, кофендоо хийх зэргээр бараг бүх хүнсэндээ шууд хэрэглэж байна. Ингээд бодохоор зохист хэмжээнээс хэтэрхий хэтрүүлдэг нь тодорхой. Хамгийн наад захын баримт дурдахад, монгол хүүхдийн хоногт хэрэглэх чихэр, чихрэн бүтээгдэхүүнээс авч байгаа сахрын хэмжээ 15 грамм байна. Жишээлбэл, нэг ширхэг ёотон дунджаар дөрвөн гр жинтэй бөгөөд 16 ккал илчлэг ялгаруулдаг. Хэрэв та хүүхдэдээ 500 мл-ын кока кола өгвөл 54 гр сахраас 216 ккал илчлэг авах нөхцлийг бүрдүүлж, зөвшөөрөгдсөн хэмжээнээс ес дахин их чихрээр хордуулдаг гэсэн үг. Сахрын зохисгүй хэрэглээнээс болж нийтээрээ илүүдэл жин, таргалалтад өртөөд зогсохгүй ирээдүй хойч үе маань далд өлсгөлөнд өртөж байгаа нь туйлын харамсалтай. Энэ нь шим тэжээл муутай хоол хүнс хэрэглэхээс гадна илчлэг өндөртэй, хурдан цадах мэдрэмж төрүүлдэг хэр нь ямар ч тэжээллэг чанар, амин дэмгүй амттан, ундаагаар хүүхдээ эрхлүүлдэгтэй шууд холбоотой. Хүүхдийн биед өсөлт бойжилт тогтмол явагдаж буй учир тэжээллэг хүнс хэрэглэх нь нэн чухал. Гэтэл чихэрлэг ундаанд агуулагдах сахарозын улмаас донтолт үүсэж, хоолны дуршил бууран наанаа тарган цатгалан мэт боловч цаагуураа далд өлсгөлөнд өртдөг байна. Манайд үйл ажиллагаа явуулдаг гадаадын түргэн хоолны сүлжээнд ажилладаг нэгэн ажилтных нь яриагаар “Өдөрт бага насны хүүхэдтэйгээ хооллохоор ирдэг эцэг, эхчүүдийг тоолох аргагүй. Манайх 24 цагаар ажилладаг салбар бөгөөд нарийн тоолж байгаагүй ч нэг ээлжид 50-60 орчим эцэг эх, хүүхэдтэйгээ ирдэг. Баярын өдрүүдээр бүр хэд дахин ихэсдэг” гэсэн юм. Бага насны хүүхдэд шарж хуурсан бүтээгдэхүүнийг хийжүүлсэн ундаатай хэрэглүүлэх нь хортой. Энэ мэтээр хоол биш “хор” худалдан авах үзэгдэл баяр бүрээр авч өгдөг ууттай бэлгээс ч тодхон харагдана. НЭМҮТ-ийн хийсэн туршилтаар нэг уут бэлгэнд доод тал нь 412 грамм сахар агуулагдаж буй нь хэдийн батлагдсан.  
 Нэрэн дээрээ бага ч нидэр дээрээ их
Монгол Улсын 10-64 насны хүн амын 70 хувь нь чихэрлэг ундаа, 69 хувь нь хийжүүлсэн ундаа, 45 хувь нь цай, кофендоо сахар нэмэлтээр хэрэглэдгийг АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн судлаачид “Монгол Улсын хүүхэд, насанд хүрэгчдийн чихэрлэг ундааны хэрэглээ” судалгаагаар тогтоожээ. Чихэртэй ундаа үйлдвэрлэгч зарим компани шошгон дээрээ сахрын хэмжээг бичдэг боловч энэ нь хэд дахин багасгасан тоо юм. Тухайлбал, дээрх судалгааг хийсэн судлаачид импортын болон дотоодын үйлдвэрийн 39 нэр төрлийн чихэрлэг ундаанд агуулагдаж буй сахрын хэмжээг тодорхойлоход хийжүүлсэн ундаанд 100 мл-т 11.5 гр, жимсний ун даанд 11 гр, амтлаг усанд 4.8 гр, хүч тамирын ундаанд 14.9 гр сахар агуулагдаж байсан бөгөөд ундааны шошгонд бичсэн сахрын агууламжийг шинжилгээний үр дүнтэй харьцуулахад 13 бүтээгдэхүүний сахрын агууламж шошгонд бичсэнээсээ даруй 20 хүртэл хувиар өндөр байжээ. 
Сахарт онцгой албан татвар ногдуулбал улсын төсвийг 91.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүлэх боломжтой
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2016 онд иргэдийг илүүдэл жин болон чихрийн шижинтэй болох эрсдэлийг бууруулах үүднээс чихэрлэг ундаа мөн хэрэгцээгүй нүүрс ус ихээр агуулдаг бусад бүтээгдэхүүнд 20 хувь болон түүнээс дээш хэмжээний сахрын татвар ногдуулахыг улс орнуудад зөвлөж байв. Дээр дурдсан бүх өвчлөл, эрсдэл үүсгэхэд нөлөөлж буй аюулт хүчин зүйл нь чихэртэй ундаа, амттан болох нь тодорхой байсаар атал манай улс зохицуулж чадахгүй байна. Монгол Улс 2019 онд 46.451 тонн сахар импортолж, 19,831 мянган ам.доллар буюу 52 сая төгрөгөөр худалдан авсан. Сахар манай улсын импортын гол бүтээгдэхүүнд багтдаг. Тийм байхаас ч аргагүй. Учир нь манайд нэг жилд 210 сая литр сахартай ундаа худалдаалагдаж, иргэд 522 тэрбум төгрөг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, нэг хүнд хоногт 367 мл, сард 11.1 литр чихэрлэг ундаа ногдож байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Карин Хулшоф манай сонинд өгсөн ярилцлагадаа “Хүүхдүүд асар их хэмжээний сахартай ундаа, цай, газтай шингэн хэрэглэж байна. Бараг бүх хүүхэд долоо хоногт дор хаяж нэг удаа, чипс, бялуу, печень зэрэг эрүүл мэндэд ямар ч ашиггүй бэлэн хүнс идэж байгаа тул эрүүл бус, сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний сурталчилгааг хязгаарлах, сахрын татварыг яаравчлахыг зөвлөж байв. Хэрвээ манай улс чихэрлэг ундаанд ердөө 20 хувийн онцгой татвар ногдуулбал татварын орлого зөвхөн нэг жилд 98.4 тэрбум төгрөг болох ба улсын төсвийг 91.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтойг АШУҮИС-ийн судлаачид тоо цоолжээ. Мөн үүний үр дүнд жилд нэг хүнд ногдох литр ундааны хэрэглээг 22.8 л-ээр бууруулах юм. 
Франц улс сахрын татвараас жилд 120 сая евро төвлөрүүлдэг
Дэлхийн улс орнууд ч энэ жишгийг хэдийн нэвтрүүлж, иргэдийнхээ эрүүл мэндэд анхаараад эхэлж. Тухайлбал, Франц улс 2011 онд чихэрлэг ундааны татварын систем нэвтрүүлж, татвараа гурван хувь байхаар тогтоосон бөгөөд улсын төсөвт нь жилд 120 сая евро төвлөрдөг гэнэ. Харин Их Британи улс 2018 оноос энэ бодлогыг хэрэгжүүлж, 100 мл шингэнд найман граммаас илүү сахар агуулагдсан тохиолдолд литр тутмаас хоёр шиллингийн татвар авч цугласан орлогыг дасгал хөдөлгөөнийг хөхүүлэн дэмжих, сурагчдын хоол тэжээлийн тэнцвэрт байдлыг хангах хөтөлбөрт зарцуулдаг аж. Гэхдээ сахрын агууламжгүй жүүс болон сүүн ундааг татвараас чөлөөлдөг байна. Өөр нэг сайн туршлага дурдахад, таргалалт болон чихэрлэг ундааны хэрэглээний улмаас нас барсан хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг Мексик улс мөн чихэрлэг ундаанд онцгой албан татвар ноогдуулж, цэвэр усны цорго барьсан түүхтэй. Улмаар жилийн дотор чихэрлэг төрлийн ундаа, шүүсний худалдаа зургаан хувиар буурч, бусад төрлийн татваргүй ундааны худалдаа дөрвөн хувиар нэмэгдсэн байна. 
Та хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа агуулагдах сахрын хэмжээг хянадаг уу?

Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан