Хийжүүлсэн ундаа их хэрэглэснээс болж шүд өвчлөх, ясны сийрэгжилт, чихрийн шижин, таргалалт зэрэг өвчин үүсдэг. Гэсэн ч монголчуудын хийжүүлсэн ундааны хэрэглээ улам нэмэгдэж, дээрх өвчлөлүүд ихсэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
НЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар 5-11 насныхны дунд хийжүүлсэн ундааны хэрэглээ өнгөрсөн жилүүдийнхээс эрс нэмэгджээ. Иймд дээрх асуудалд анхаарал хандуулах шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж, “Хийжүүлсэн ундааны хэрэглээ-эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт НАМЭХ-ны Удирдах зөвлөл, эрдэмтэн, судлаач, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн төлөөлөл оролцов. Хийжүүлсэн удааны хор хохирол болон хэрэглээг багасгах талаар НЭМҮТ-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.Өнөрсайхан “Хийжүүлсэн ундааг үйлдвэрлэхдээ нүүрсхүчлийн давхар ислээр баяжуулсан хийжүүлсэн усан дээр баяжмал бүтээгдэхүүн нэмж хийдэг.
Хийжүүлсэн ундааны хор нөлөөний талаар судалгаа олон хийж байгаа ч хэрэглээ нь буурахгүй байна. Хийжүүлсэн ундааг сургуулийн орчинд зарахгүй бараа, бүтээгдэхүүний тоонд оруулсан. Хийжүүлсэн ундаанд донтох явдал бий. Энэ нь нүүрсхүчлийн давхар исэл хийжүүлсэн устай нэгдэж, чихэрлэг, таатай мэдрэмж төрүүлснээр дахин хэрэглэх дадал бий болгодог.
Мөн хийжүүлсэн ундаанд хадгалалтыг уртасгагч, будагч, хүчиллэгжүүлэгч зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй олон төрлийн нэмэлт бодис ордог. Хийжүүлсэн ундаа уусан хүн өдөрт зургаан халбага элсэн чихэр хэрэглэсэнтэй тэнцэх сахар авдаг. Түүнчлэн кофейн агуулдаг учраас хэсэг хугацаанд мансууруулах бодис хэрэглэсэнтэй адил донтдог” гэв.
Манай улсад нэг хүн жилд дунджаар 22.8 литр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг гэх судалгаа гарчээ. Нэг хүнд өдөрт дунджаар 381 мл ундаа ногддог бөгөөд гол хэрэглэгч нь хүүхэд, залуус аж. Ингэхдээ өдрийн шингэний хэрэгцээнийхээ гуравны нэгийг ундаагаар хангадаг гэнэ. Хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнсний хэт их хэрэглээ нь хүүхдийн сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг, нойрсох хугацааг багасгадаг байна. Мөн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлж, ой тогтоолт муудах, ойлголт удаашрах сөрөг үр дагавартай тул хэрэглээг хязгаарлах, хориглох шаардлагатайг энэ үеэр онцоллоо.