Дэлхий нийтээр жилд 17 сая хүн тархины цус харваж байгаа бөгөөд зургаан секунд тутамд нэг хүн харвадаг гэсэн судалгаа байдаг аж. Харин Монгол Улсад тархины цус харвалт жилээс жилд нэмэгдэж ДЭМБ-аас гаргасан харвалтын тархалт өндөр орны тоонд багтаад байгаа ажээ. Гуравхан сая хүнтэй манай улсад сүүлийн жилүүдэд харвалт залуужиж, 19,21 настай залуус өртөх болжээ. Энэ нь хүн амын амьдралын буруу хэв маяг, стресс, хөдөлгөөний хомсдол, бодисын солилцооны эмгэг өвчнүүдээс үүдэлтэйг мэргэжлийн эмч нар онцолж байгаа юм. Тэр ч утгаараа харвалт дэлхий нийтэд ДОХ-оос ч илүү аюул дагуулах болжээ. Тиймд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, Мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч Л.Энхсайхантай ярилцлаа.
-Манай улсын хүн амын дунд тархины цус харвах өвчин нэмэгдэж, бас залуужиж 19, 21 настай залуус даралт харваж байна гэж байна. Энэ нь ямар хүчин зүйлтэй холбоотой байна вэ?
-ДЭМБ-аас Монгол Улсыг харвалтад ихээр нэрвэгддэг орон гэж мэдээлсэн байдаг. Сүүлийн жилүүдэд харвалтад хүргэдэг эрсдэлт хүчин зүйл, нас барж байгаа хүний тоогоор манайх дэлхийд дээгүүрт орж байна. Дэлхийн харвалтын байгууллагаас энэ тал дээр анхаарах, энэ аюултай өвчний талаар хүн арддаа зөв мэдээлэл өгч, бодлого боловсруулж байгаа хүмүүстээ ойлгуулж, өөрчлөлт гаргаач гэсэн шаардлага тавьж байгаа. Монгол Улсад жилдээ 5000 орчим шинэ харвалт тохиолдож байна. Үүний 10-20 хувь нь нас барж байна. Манайд 15 жилийн өмнөхтэй харьцуулахад харвалт маш өндөр хувьтай нэмэгдсэн. Монгол Улс харвалтын эрсдэлт хүчин зүйлээрээ өндөр. Учир нь дандаа давстай цай уудаг, өөх тос, өрөм зөөхий иддэг. Мөн үүний дээр сүүлийн жилүүдэд хөдөлгөөн багатай, стресс ихтэй болсон нь харвалтын гол хүчин зүйл болоод байна. Энэ нь харвалтад хүргэх хөрс, суурийг бэлдэж байна. Харвалтын хамгийн гол цусны даралт ихэссэнээс үүдэж байгаа. Мөн тархины судасны хатуурал, чихрийн шижин, стресс зэрэг маш олон зүйл харвалт өгөхөд нөлөөлж байна. Бөөрний архаг өвчин, элэгний хатуурлын төгсгөлийн шатанд харвалт өгдөг.
Сүүлийн үед залуу хүмүүс даралт ихээр харваж байна. Үүний гол шалтгаан нь стресс, амьдралын буруу хэвшилтэй холбоотой гэж хэлж болно.
-Хэт их стресстэх, удаан нойргүй явах нь тархины цус харвалтад нөлөөлж байна гэлээ. Яг яаж нөлөөлдөг юм бол?
-Байнгын санаа зовнилтой, бухимдсан байдалтай байхыг стресстэх гэж хэлээд байгаа юм. Тархи бол хүний бие мах бодийн бүх үйл ажиллагааг зохицуулдаг. Гэтэл байнгын стресстэй, санаа зовнисон ачааллыг өөртөө авахаар мэдрэлийн тогтолцоо алдагдаж, зохицуулах чадвар нь суларч эхэлдэг. Ингээд ирэхээр наанадаж нойргүйдэж, хоолны дуршилгүй болж эхэлнэ. Энэ байдал удаан үргэлжилснээр дотор эрхтний үйл ажиллагаа хямарч эхэлдэг. Тухайлбал, цусны даралт хэлбэлзэж, харвалт өгөхөд нөлөөлнө, хоолны шингэц буурна, ходоод өвдөх зэрэг эрхтэн тогтолцооны өвчлөлүүд илэрч эхэлдэг.
-Нойргүй удаан явах нь сэтгэцийн ямар нэг эмгэгтэй болоход нөлөөлөх үү?
-Нойр бол мэдрэлийн тогтолцоог амраах, чадвартай байдлыг хамгаалах хамгийн том хүчин зүйл юм. Хүний 24 цагийн гуравны нэгд нь амраад үлдсэн хугацаанд ажиллах ёстой байдаг. Гурваны нэг хугацаандаа амарч чадахгүй бол ажиллах ёстой цагууддаа үр бүтээлтэй ажиллаж чаддаггүй. Нойр хүний эрүүл мэндэд маш чухал. Удаан хугацаанд нойргүй явснаар мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт орж, сөргөөр нөлөөлдөг. Наанадаж хурдан бухимддаг, сэтгэцийн төрөл бүрийн өөрчлөлттэй болж эхэлнэ. Удаан хугацаанд нойргүй явснаар сэтгэцийн эмгэгтэй болох эрсдэл өндөр. Гэхдээ энэ нь тухайн хүний хүлээж авах чадвар, бие физиологиос хамаараад өөр, өөр байна. Сэтгэцийн өөрчлөлтөд өртөхөд магадлал өндөр хүмүүс гэж бий. Тийм хүмүүс бол удаан нойргүй явснаар сэтгэцийн эмгэгтэй болно.
-Толгой нүцгэн явахаар тархины судас нарийсна гэж ярьдаг. Тархины судас нарийсахаар харвах эрсдэлтэй юү?
-Чих, толгойгоо хэт их дааруулснаас судас нарийсах нь шууд биш ч гэсэн цус харвалтад нөлөөлөх талтай. Өвлийн хүйтэнд толгой нүцгэн явах нь харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
-Даралт харваж байна гэдгээ яаж мэдэх вэ. Харвалт өгсөн хүнд анхны тусламж үзүүлж байна гээд архи өгдөг. Энэ зөв үү?
-Харвалт өгөх үед ам мурийх, гар сулрах, хэл яриа ээдрэх шинж тэмдэг илэрнэ. Харвалт өгч байгаагаа мэдсэн тохиолдолд дур мэдэн эм, тариа хэрэглэж, архи ууж огт болохгүй. Архи харвалтыг гүнзгийрүүлж, нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг. Тиймд тэр дор нь эмнэлэгт хандаж, яаралтай түргэн тусламж үзүүлэх хэрэгтэй.
-Харвалтаас хэрхэн сэргийлэх вэ?
-Зөв амьдрал, эрүүл байна гэдэг бол бүх зүйл зөв байхыг хэлнэ. Ганцхан зөв хооллож байна гээд эрүүл байна гэсэн үг биш. Зөв хооллож, хөдөлгөөнтэй байж, зөв нойртой байж, стрессээс ангид байж эрүүл амьдрах суурь нөхцөлүүдээ бий болгож чадна. Сүүлийн үед залуус том булчинлаг болох гээд хөдөлгөөн хийж, зарим нь уургийг хэтрүүлэн хэрэглэж байна. Уургийн хэт хэрэглээ нь олон эрхтэнд тухайлбал, элэг, бөөрөнд ачаалал өгч үүнээс үүдэн даралт харвах тохиолдол гарч байна. Тохируулан хийх нь чухал гэсэн үг юм.
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин