БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 570-аас давсан тухай тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо мэдээлсэн байна.
Хятадын 27 бүс нутагт уг вирусийн халдварын 554 тохиолдол бүртгэгдсэн гэж "Жэньминь жибао" сонин урьд нь албаны хүмүүсийн мэдээллээс иш татан уламжилжээ. Халдварсан авсан хүмүүсийн 17 нь нас барсан бөгөөд 95 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Өвчтнүүдтэй ойроос харьцсан 5800 гаруй хүн байгаа бөгөөд тэднийг бүгдийг нь тусгаарлажээ.
Стаститик мэдээнээс үзвэл, шинэ вирусийн халдварын тохиолдлын дийлэнх нь Хубэй мужид бүртгэгджээ. Тус мужийн засаг захиргааны төв болох Үхань хотоос вирусийн халдвар тархсан юм. Хятадын нийслэл Бээжин хотод халдвар авсан хүний тоо дахин дөрвөөр нэмэгдэж, 14 болсон байна.
Хятадын өмнөд нутгийн Гуандан мужид халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бол тус мужийн дараагаар Жэзянь муж, Шанхай, Чунцин болон Тяньжин хот, Гуанси-Жуаны өөртөө засах дүүрэг, Хэнань болон Сычуань муж орж байна. Өмнөд нутгийн Хайнань арлын засаг захиргаа мөн халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн тухай мэдэгджээ. Тэдний гурав нь Үхань хотын оршин суугчид аж.
БНХАУ-ын Засгийн газар уг вирусийн тархалтыг таслан зогсоохын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ОХУ болон бусад улс орнуудтай нягт хамтран ажиллаж байна. Шинэ вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний дэгдэлттэй тэмцэх ажил “хамгийн эгзэгтэй үе шат”-ндаа явж байна гэж Хятадын эрх баригчид мэдэгджээ.