Аймшигт вирусээр үхчихвэл яах вэ


  • Аливаа зүйлийн нэг талыг хардаг сэтгэл зүй тухайн хүний хандлагад шууд нөлөөлдөг
“Засгийн газрын мэдээ” сонин мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран бэлтгэдэг ээлжит зөвлөгөөгөө хүргэж байна. Коронавирус дэгдэж, дэлхий нийтээрээ тус халдвараас эмээж буй энэ үед АУ-ы доктор, сэтгэл засалч эмч Б.Жаргалтай хамтран халдварт өвчний дэгдэлтийн үед хэрхэн сэтгэл зүйгээ удирдах зөвлөгөөг бэлтгэлээ.
Нөхөр маань намайг өдөр бүр тайван байлгахыг хичээдэг 
-Коронавирусийн халдвараас болж хөл хорио хүртэл тогтоосон нь намайг айдаст автуулаад байна. Нөхөр маань намайг тайвшруулж байгаа ч би айдсаа даван туулж чадахгүй байна. Одоо яах вэ?
-Хүн стресстэй, тайван биш үедээ аливаа зүйлийн сөрөг талыг илүү хардаг. Тухайлбал, “Би вирусээр халдварлавал яах вэ” гэсэн сөрөг бодол төрж байж болно. Тэрхүү агшинд хүн өөрийнхөө биеийг чагнана. Саяхан миний эргэн тойронд ханиад томуутай хүн байсан уу гэсэн бодол орж ирснээр таагүй мэдрэмжүүд ар араасаа илэрч эхэлдэг. Энэ байдал нь таныг айлгаж түгшээгээд байгаа юм. Сэтгэл санаа тайван амгалан байх аваас хүн эрүүл байна. Тиймээс аль болох таагүй мэдээллээс өөрийгөө холдуулах, үнэн зөв бодит мэдээллийг эх сурвалжаас нь олж авах, ном унших, кино үзэх, хүүхдүүдтэйгээ тоглох зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Мөн амьсгалын тайвшруулах дасгал хийж, хөгжим сонсох, гэртээ иога, дасгал хөдөлгөөн хийх, өөрийн сонирхдог, дуртай зүйлээ хийх, сөрөг, таагүй бодлоо эерэг болгох нь чухал. Дээрх алхмуудыг хийгээд үр дүнд хүрэхгүй бол мэргэжлийн эмч, сэтгэл засалчаас зөвлөгөө аваарай.
Ямар хүмүүс худал мэдээлэлд итгэдэг вэ?
-Настай аав, ээж хоёр маань гурилан бүтээгдэхүүн, талхны хомсдол үүснэ гээд дэлгүүрээс сарын хэрэглээгээ базаасан. Хурал мэдээлэлд хэт итгэж, туйлшраад байна. Ямар хүмүүс эмзэг сэтгэл зүйтэй байдаг вэ?
-Бараа бүтээгдэхүүнээ нөөцөлж байгаа хүн айдастай, нөөцлөхгүй байгаа нь тайван гэх мэтээр хэн нэгнийг шүүн хэлэлцэх эрх байхгүй. Сэтгэл зүйн талаас нь авч үзвэл энэ бол стресс. Уг үйлдэл нь аюулаас өөрсдийгөө хамгаалж буй сэтгэл зүйн хариу урвал юм. Хүн стресст ямар хариу урвал үзүүлж, түүнийг хэрхэн даван туулах нь тухайн хүний зан араншингийн онцлог, гэр бүлийн хүмүүжил, биологийн онцлог, нийгэм, хүрээлэн байгаа орчин зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Зарим хүн аливаа зүйлийн нэг л талыг хардаг сэтгэл зүйн онцлогтой байдаг нь асуудалд ингэж хандахад нөлөөлдөг байж болох юм.
Ажилчидаа буруу ташаа мэдээлэл тараахгүй байхад анхаар 
-Би төрийн байгууллагад хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг. Нийгмийн сэтгэл зүй тогтворгүй байгаа үед албан байгууллагууд ямар хариуцлага хүлээж ажиллах нь тохиромжтой вэ?
-Ажлын байран дээрээ таагүй, буруу ташаа мэдээллийг аль болох хоорондоо ярьж, шүүн хэлэлцэхгүй байхыг ажилтнууддаа сануулах хэрэгтэй. Дараагийн чухал алхам бол стресс, айдас, сэтгэл түгшилтийг багасгах, түүнийг амжилттай даван туулах зорилгоор өдрийн цайны цагаар дасгал хөдөлгөөн хийх, тайвшруулах хөгжим сонсох, хамтдаа тоглодог хөгжөөнт тоглоомыг тоглох зэрэг үйл ажиллагааг идэвхжүүлэхийг зөвлөе. Цаашид албан байгууллагууд хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс байгууллага дээрээ спорт тоглоом тоглох, амрах, хоорондоо ярилцах зэрэг тусгай өрөө гаргах нь зүйтэй.
Аймшигт өвчнөөр үхчихвэл яах вэ?
-Би 35 настай. Аймшигт өвчнөөр үхчихвэл хоёр хүүхэд минь яах вэ гээд байнга сэтгэл түгшээд, шөнө унтаж амарч чадахаа болилоо. Өөрийгөө яаж удирдаж сурах вэ?
-Нойр бол хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ. Хүн өдөрт 8-9 цаг хангалттай сайн унтаж амарч байж, тухайн өдрийн ачааллаа сайн даадаг. Нойр хангалттай бол хүний бодисын солилцоо хэвийн явагдаж, дархлаа ч сайжирна. Сүүлийн үед хийсэн судалгаагаар хүн нэг өдрийн нойроо хангалттай аваагүй үед маргааш нь сэтгэл санаагаар унаж, түүнийг дагаад таагүй бодлууд ар араасаа илэрдэг болохыг баталсан байдаг. “Би энэ өвчнөөр өвдөөд үхчихвэл яанаа” гэж бодохын оронд “Би үр хүүхдүүдтэйгээ урт удаан аз жаргалтай амьдрахын тулд дархлаагаа сайн байлгах хэрэгтэй. Үүний тулд илчлэг сайтай хоол идэж, сайн унтаж, тайван байх хэрэгтэй” гэж өөрийнхөө бодлыг удирдан, түүн рүү чиглэсэн зүйлүүдийг хийх нь хамгийн эхний алхам юм шүү.
Хятадаас ирэх найз залуутайгаа уулзмааргүй байна 
-Найз залуу маань Хятадад сурдаг юм. Одоо амралтаараа ирэх гэж байгаа. Гэтэл коронавирус тээсэн байх вий гэж айгаад уулзмааргүй байна. Бид салах нь дээр үү?
-Таны найз залуу халдварын голомттой газраас ирэх гэж байна. Хүн стресст орохоороо нэг бол зугтааж, эсвэл тэмцдэг. Та салах шийдвэрийг гаргах гэж байгаа нь асуудлаас зугтаах гэсэн өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн хамгаалах механизм юм. Мэдээж та шууд салж чадахгүй. Тиймээс тайван байж, уужуу амьсгал аваад түүнтэй ярилцан, вирусийн халдварын үед илэрдэг шинж тэмдгүүд түүнд илэрч байгаа эсэх, эрүүл мэндийнх нь байдал сүүлийн үед ямар байсан талаар ярилцсаныхаа дараа шийдвэрээ гаргаарай.
Мэдээллийг аль болох албан ёсны эх сурвалжаас аваарай 
-Коронавирусийн халдвар маш хурдан газар авч, хүмүүсийг айдаст автуулаад байна. Ийм нөхцөл байдалд гэр бүлийнхнийхээ сэтгэл зүйг хэрхэн тогтвортой байлгах вэ?
-Манай улс энэхүү шинэ вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хөл хорио тогтоох арга хэмжээ авч байна. Мөн ЭМЯ-наас өгч байгаа мэдээлэлд итгэж, тайван байх хэрэгтэй. Мэргэжлийн байгууллага л үнэнийг хэлнэ. Одоогийн байдлаар иргэдийн дунд буруу ташаа мэдээлэл, ойлголт их байгаа нь ажиглагдсан. Үүнээс болж нийгмийн сэтгэл зүй айдас, түгшүүрт автаад байна. Ийм үед аль болох үнэн зөв мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нь авч байх хэрэгтэй.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан