ЗГМ Weekend мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн дугаарт “Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв”-ийн сэтгэлзүйч Б. Алтанзаяа уншигчдын асуултад хариулт өгөв. Хэрэв танд гэр бүл, сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.
Хориглох тусам салахгүй гэж зөрнө
-21 настай, оюутан охин маань өөрөөсөө 12 насаар ах хүнтэй суучихлаа. Тэр хүн нь гэр бүл, хүүхэдгүй юм. Бас их халамжтай, даруу төлөв, архи тамхи хэрэглэдэггүй. Гэхдээ өөрөөс нь олон ах хүн эрт хөгширнө гэж эмзэглэж байгаа тул охиныхоо сонголтыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Одоо ямар арга хэмжээ авах вэ?
-Олон насны зөрүүтэй ч гэр бүл болсон хосууд цөөнгүй бий. Гэхдээ хосын харилцаанд эрэгтэй хүн насаар ах байх нь тийм ч зохимжтой биш. Харин эмэгтэй нь эгч байж болно. Яагаад гэвэл бие мах бодийн хувьд эрэгтэй хүн эмэгтэйгээсээ түрүүлж хөгширнө. Үүнээс гадна бэлгийн чадавхын хувьд эрт мууддаг учраас эрэгтэй хүн ахимаг байхыг төдийлэн зөв гэж үздэггүй. Тиймээс энэ гэр бүл тогтворгүй байх магадлал өндөр. 21 настай хүүхдийн хувьд гэр бүл зохиох нас хараахан биш гэж үздэг боловч үүнд гэр бүлийн зүгээс аль болох оролцохгүй байх нь зөв. “Харилцаагаа шууд тасал” гэж хоригловол хүний төрөлх рефлекс болох зөрүүд зан нь хөдөлж, өөрийгөө хамгаалан салахгүй байх магадлал өндөр байдаг. Тиймээс хэрэв та хүүхдийнхээ ирээдүйг бодож байгаа бол 27 нас хүртэл нь жирэмсэн болохгүй байхад нь анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэснээр тухайн үед үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна.
Ахмад настай хүмүүсийн зонхилох үйл нь ярих болдог
-Аав, ээжтэйгээ таарахгүй байна. Өндөр настнуудтай харилцахдаа юуг анхаарах ёстой вэ?
-Насны зөрүү, нийгмийн ялгаатай байдал зэргээс болж хоорондын үл ойлголцол байх нь бий. Ахмад настай хүмүүсийн зонхилох үйл нь ярих болдог гэсэн судалгаа байдаг. Тухайлбал, 60 настай хүнд өдий наслахдаа хийж бүтээсэн зүйл, амьдралын туршлага бий. Таны насан дээр эцэг, эх тань ид хөдөлмөрлөж байсан болохоор туршлагаасаа хуваалцах гээд байгааг нь ойлгох хэрэгтэй. Энэ нь нөгөө хүндээ яршигтай, төвөгтэй, ядаргаатай санагдаж байж болно. Тийм учраас аль болох ахмад настай хүмүүсийн үгийг сайн сонсож, илүү их яриулах хэрэгтэй. Эсвэл ямар нэгэн уулзалтад явуулж болох юм. Ингэснээр тухайн хүний дотоод эрч буурч, төвөгтэй байхаа болино. Гэхдээ та бас аав, ээжээ илүү их ойлгохыг хичээгээрэй. Бүр болохгүй бол тусдаа байж ч болно. Гэхдээ өдөр бүр очиж, халамжилж байхаа мартаж болохгүй шүү.
Цаашид өөр хүн хайх шаардлагагүй
-Нэг удаагийн шохоорхол, хүслээс болоод огт хайр сэтгэлгүй эмэгтэйтэй амьдраад 10 гаруй жил боллоо. Нэг л өдөр явна гэж бодсоор цаг хугацаа ийн өнгөрсөн байна. Амьдрал урсаад л байдаг ч сэтгэл дундуур байна. Би мөрөөдөж, төсөөлж байсан эмэгтэйгээ сэтгэл дотроо хайсаар байгаа. Цаашдаа ийм харилцаа хэр удаан үргэлжлэх бол?
-Амьдрал зөвхөн хайр сэтгэл дээр тогтдоггүй, хариуцлага гэдэг зүйл мөн байдаг. Тийм учраас хариуцлагаа үүрээд өдий 10 жил явсан бол цаашид өөр хүн хайх шаардлагагүй гэж зөвлөмөөр байна. Үнэхээр хайр сэтгэлгүй гээд хэн хэн нь өөр хүнтэй уулзаад байдаг биш бол энэ харилцаа цааш үргэлжлэх боломжтой. Амьдралд ганцхан хайр сэтгэл л сэтгэл ханамж биш, гэр бүлийн аз жаргал гэдэг зүйл бас бий. Одоо хүүхдүүд тань бас нэлээд том болсон байх. Тиймээс хүүхдүүдээрээ удирдуулж харилцаагаа дээшлүүлэх боломжтой. Эрэгтэй хүнд гэр бүлийн аз жаргал маш чухал. Тэгэхээр та өөрөө өөртөө гутрах, өөр хүн хайх нь буруу зүйл. Судалгаанаас үзэхэд 33-38 насанд эрэгтэй хүмүүс гэр бүлийн харилцаанаас гадуурх харилцааг хүсдэг, сонирхдог үе нь. Тиймээс аль болох өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Гэр бүл бол хариуцлага гэдгийг маш сайн ухамсарлах ёстой юм.
Сэтгэл гутралтай биш бол энгийн үзэгдэл
-Заримдаа хүмүүс хэт их бодолд орж, өнгөрсөн алдаа, бүтэлгүйтэлдээ төвлөрч, түүнтэйгээ зууралдах үе байдаг. Ийм үед яавал дээр вэ?
-Хүн бүр өнгөрсөндөө санаа зовдог. Гэвч энэ бодол хэт давамгайлбал үүнийг сэтгэл зүйн шинжлэх ухаанд сэтгэл гутрал гэж нэрлэдэг. Сэтгэл гутралд орсон үед шөнө гансрах, эсвэл ганцаардах, хэт айдас төрөх зэрэг шинжүүд илэрч байдаг. Сэтгэл гутралд орсноо мэдэх хамгийн энгийн арга бол биеэс эвгүй үнэр үнэртэж байгааг анзаарах юм. Сэтгэл гутралтай хүнээс урьд нь өөрт үнэртэж байгаагүй үнэр гардаг. Үнэр гарахгүй, сэтгэл гутралтай биш гэж үзэж байгаа бол ийм айдас байх нь энгийн үзэгдэл. Өнгөрсөн байж өнөөдөр оршдог. Өнөөдөр байснаар маргаашийн талаар төсөөлж, боддог учир хэвийн зүйл.
Тэр хүн шийдвэрээ гаргасан учир зууралдах хэрэггүй
-Би оюутан, нэг залуутай үерхээд хүүхэдтэй болсон юм. Гэтэл найз залуу маань надаас салж, таван хүүхэдтэй өөрөөсөө өчнөөн эгч хүүхэнтэй суучихлаа. Надад үнэхээр хүнд байна. Би яах ёстой вэ. Заримдаа амиа хорломоор санагдах юм?
-Ийм зүйл дээр амиа хорлох талаар бодох нь утгагүй. Учир нь танаас шалтгаалсан зүйл байхгүй, нөгөө харилцагчийн гаргасан шийдвэр шүү дээ. Мэдээж тухайн хүнд гологдсон, хаягдсан мэдрэмж төрөх нь гарцаагүй. Танд гэж хэлэхэд та залуу байна. Орчин үеийн нийгэм нэг хүүхэдтэй салсан хүмүүсээр дүүрэн байгаа. Тиймээс үүнд эмзэглэх зүйл байхгүй. Таван хүүхэдтэй ч бай, нэг хүүхэдтэй ч бай тэр хүн нэгэнт шийдвэрээ гаргасан болохоор араас нь чаргууцалдах, хөөцөлдөх шаардлагагүй гэж бодож байна. Үүний оронд тэр хүнд үүрэг хариуцлагынх нь талаар ярьж ойлгуулах хэрэгтэй. Одоо та хоёр хосууд биш ч гэсэн аав гэдэг үүднээс хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаанууд хийх хэрэгтэй. Тухайлбал, аавтай нь долоо хоногт нэг удаа уулзуулах, тэтгэмж авах зэргээр хуулийн болон оюун санааны хариуцлагыг хүлээлгэх нь зөв гэж зөвлөмөөр байна.
Нөхөртэйгөө хамт амьдрах нь зөв
-Би дөрвөн сартай жирэмсэн. Нөхөр минь хотод ажил хийдэг, аав ээж маань хөдөө амьдардаг. Гэтэл жирэмсэн болсноос хойш гэрийнхэн “хөдөө ир” гэж шаардаж, нөхөр хамт байхыг ятгах боллоо. Би нөхөртэйгөө хамт байхыг хүсэж байгаа ч аав, ээжээсээ хол хүүхэд төрүүлж өсгөнө гэдэгтээ итгэлгүй байна. Гэсэн атлаа хөдөө явж нөхрөөсөө удаан хол байвал хоорондын харилцаа хөндийрөх байх гэсэн айдастай байна. Аль нь зөв сонголт вэ?
-Хамт байгаа хоёр хүнийг хос гэж нэрлэдэг. Тиймээс ямар ч байдлаар хамаагүй хосууд хамтдаа байх нь илүү дээр. Та өөрөө шийдвэр гаргаж гэр бүл зохиосон. Гэр бүлээ авч явж чадна гэж бодсон учраас хүүхэдтэй болсон байх. Та ганцаараа байна уу, хүнтэй байна уу хамаагүй хүүхдээ өсгөнө гэж бодоод эцэг, эхээсээ холдох хэрэгтэй. Тиймээс нөхрөө дагаад явах нь зөв. Та нэгэнт хүүхэдтэй болно гэж шийдсэн бол өсгөж чадахгүй байх гэсэн айдсаа орхих хэрэгтэй.
Таныг өөр хүний залууг булаасан мэтээр ойлгоно
-Саяхан манай найз уулздаг залуутайгаа намайг танилцуулсан юм. Тэр залуу надад маш их таалагдсан. Яг миний сонирхдог залуу байлаа. Тэгтэл удалгүй нөгөө залуу нь над руу залгаж, мессеж бичиж, бүр үерхэх санал тавьсан. Мэдээж найзтай маань харилцаагаа тасалсан гэсэн. Би тэр залуутай үерхэхийг хүсэж байгаа ч найзаасаа болоод чадахгүй байгаа. Яах вэ?
-Дэлхий дээр өөр залуу олон бий. Нөхөрлөл гэдэг амьдралд үнэ цэнтэй зүйл. Нөхөрлөлөөс дайсан бий болгох тал байдаг учир энэ харилцаанд гарч болох эрсдэлүүдийг бодох хэрэгтэй. Нөгөө хоёр хос бэлгийн харилцаанд орсон эсвэл дотно байсан байж таарна. Та буцаад тэр хүнтэй хардах, өнгөрснийг сөхөх учир тэгж өөртөө ачаалал үүрэх хэрэггүй. Мөн найз тань таныг буруугаар ойлгож, ямар нэгэн байдлаар дайсагнана. Залуугийн хувьд найзтай чинь үерхэж байгаад таныг сонгосон нь шалиг, хүүхэмсэг, хөнгөмсөг гэдгийг илтгэж байгаа юм. Магадгүй энэ залуу тантай байсан ч гэсэн өөр найзад чинь сайн болохыг үгүйсгэх аргагүй учир татгалзах хэрэгтэй. Түүнчлэн нийгэмд гаднаасаа харагдах өнцөг гэж бий. Нөгөө найзтай чинь үерхдэг байсныг хүмүүс мэдэж байгаа. Харин та хоёрын харилцаа бүтсэн, эс бүтсэнээс үл хамааран таныг өөр хүний залууг булаасан мэтээр ойлгоно. Тиймээс зөв сонголт биш гэж зөвлөх байна.
Аргалах бус байхгүй гэдгийг нь бодитоор мэдрүүл
-Нөхөр маань дөрвөн дүүгээ өсгөсөн хүн. Нөхөр бид хоёр хоорондоо олон насны зөрүүтэй болохоор дүү нар нь надаас ах, эгч хүмүүс байдаг. Гэтэл одоо болтол манай нөхрөөс янз бүрийн юм нэхээд үнэхээр хэцүү байна. Манайх саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан учраас нөхрийн олсон хэдэн төгрөг хүрэлцэхээ байсан. Дүү нарт нь яаж ойлгуулах вэ?
-Аливаа хосуудын харилцаанд гэр бүлийн асуудал үргэлж байдаг. Тиймээс хосууд эхэн үедээ гэр бүлийн асуудлыг оролцуулахгүй байх дүрэм журам, зарчмуудыг тохирох хэрэгтэй. Нөхөр тань өөрөөс чинь олон насаар ах гэхээр санхүүгийн боломж илүү байсан байх. Таны нөхөр олон жил айлын том хүүхэд хэмээн үүрэг хариуцлага үүрсэн учраас хариуцлагаа хэзээ ч мартахгүй. Эмэгтэйчүүд ярихаас илүү хийх хэрэгтэй харагддаг. Тухайлбал, гэртээ хоол хүнсгүй болсон тохиолдолд аргалах бус байхгүй гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөхөр хоол хүнс байна гээд илүү гарсан орлогыг өөр тийш зөөх асуудал гаргаад байгаа юм. Тиймээс чи авч явлаа гэж хэлэхийн оронд хоол хүнсээр дутаах, хөргөгчөө хоослох зэрэг бодитоор мэдрүүлбэл ойлгох болно. Гэр бүлийн хоёр талын асуудал дуусахгүй шүү дээ. Тиймээс ойлголцож, гарц гаргалгаа гаргаж сурах нь чухал. Мэдээж дүү нарт нь асуудал байсан байж таарна. Мөн та өөрөө айлын том биш болохоор энэ асуудлыг ойлгохгүй байж болох талтай. Айлын хэд дэх хүүхдээс хамаарч үүрэх хариуцлага гэж бий. Тиймээс аль болох биетээр мэдрүүлж, тусдаа гэр бүл гэдгээ ойлгуулах хэрэгтэй.
Засгийн газрын мэдээ