Шөнө хооллохын хор уршгийн талаар шинжээчид ийнхүү өгүүлэв

Д.ЭНХЭЭ
Шөнө орой болсон үед, ялангуяа унтаж амрахын өмнө хоол хүнс хэрэглэх нь организмд хортой гэдэгт РИА Новости агентлагийн санал асуулгад оролцсон бүх шинжээч итгэл дүүрэн байна. Ингэж хэрэглэсэн хоол хүнс архаг өвчин сэдрээх, өөхөлж таргалах, мөн хорт хавдар бий болгоход хүргэж болзошгүй.
Шөнө дөлөөр цадатлаа идэх нь юунд хүргэж болох, телевиз үзэх зуураа хөнгөн хүнс хэрэглэх нь организмд нөлөөлдөг эсэх, ийм хэвшил зуршлыг хэрхэн зохицуулах, унтахын өмнө өлсөөд байгаа бол юу идэж ууж болох зэргийн талаар РИА Новости-гийн материалаас уншаарай.
 
Үдийн хоолны оронд түр зуур аргацаах
 
Оройтож хооллодог хүмүүс хоёр янзын ангилалд хамаарна, нэг дэх нь шөнө хооллохоос өөр аргагүй эрүүл саруул хүмүүс хэмээн Москва хотын эрүүлийг хамгаалах газрын орон тооны бус ерөнхий хоол зүйч, анагаахын шинжлэх ухааны доктор Антонина Стародубова өгүүлэв.
“Энэ бол ажлын байрандаа, эсвэл гэрээсээ гадуур хооллох боломжгүй, эсвэл хүсэлгүй, жишээлбэл, зарим нь өдөржин ажиллаад, ихээхэн оройтож, эсвэл бүр шөнө болсон хойно гэртээ ирдэг хүмүүс юм. Гэхдээ тэд сэтгэцийн болоод сэтгэл зүйн хувьд ямар ч асуудалгүй цоо эрүүл хүмүүс байж болно” – гэв.
Хүмүүс гол төлөв, жишээ нь өглөөгүүр бараг юм идэхгүй, эсвэл өглөө юм идсэн бол өдөржин юу ч идэхгүй бага сага зүйлээр аргацаахдаа илчлэгийг огт харгалздаггүй. Тэгээд оройтож ажил тараад хооллохдоо илчлэг өндөртэй, өөх тос ихтэй хоолыг их хэмжээгээр хэтрүүлж хэрэглэсний улмаас эцсийн дүндээ бялуурч пологтдог хэмээн Стародубова өгүүлэв.
Түүний хэлснээр хоол хүнс хэрэглэх хугацаа хоорондоо урт байх тусам хурц өвчлөл, эсвэл ходоод, гэдэсний замын архаг өвчнийг хурц сэдрээх, шархлаа, гастрит зэрэгт хүргэх бөгөөд харин оройн цагаар хэт цадатлаа идэх нь өөхлөлт, чихрийн шижин, липидийн болон нүүрсусны солилцоог янз бүрээр алдагдуулж, хямруулна. Үүнээс гадна шөнө, оройн цагаар идсэн өөх тос ихтэй хоол хүнс нь нойр алдуулж, хэхрэх, гульгих, шар хөдлөх, гэдэс хэвлийгээр хүндрэх эвгүй мэдрэмж төрүүлнэ.
“Эрүүл мэндэд маш муу учраас ингэж хоолохыг эмч нар мэдээж зөвлөхгүй. Өдөрт наад зах нь гурван удаа, болж өгвөл 5-6 удаа бага багаар хооллох боломжийг яаж ийгээд заавал олох хэрэгтэй”- хэмээн хоол зүйч онцлов.
 
Шөнө хооллох нь хэрэгцээ юү, эсвэл донтолт  уу?
 
Стародубовагийн өгүүлснээр шөнө хооллодог хоёр дахь бүлэг бол сэтгэцийн болон сэтгэл зүйн хувьд асуудалтай хүмүүс аж. Түүний хэлснээр анагаах ухаанд үүнийг хооллох зан үйлийн доройтол, харин англи хэл дээрх ном зохиолд “шөнө хооллох синдром” хэмээн онцолдог гэнэ. Ийм хүмүүс өглөө юм идэх ямар ч дур хүсэлгүй, хоногт авах илчлэгийнхээ 25 гаруй хувийг оройн хоолноос хойш шөнөөр хэтрүүлж идэхдээ авдаг байна.
Ингэж хооллодог хүмүүс бүгд биш ч өөхөлж таргалах магадлалтай. Үүнээс гадна тэдэнд бодисын солилцооны үйл явц байнга алдагдаж, саахарын (глюкозын) төвшинг хянахад төвөгтэй болж, цусан дахь өөх тосны агууламж ихэснэ. Түүний хэлснээр үүн дээр нэмээд тухайн хүн хамгийн сүүлд хооллосноос хойш гүн нойрсох хүртэлх хугацаа хэдийчинээ бага байх тусам зарим төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байгааг судалгаа харуулж байгаа аж.
Москвагийн эрдэм шинжилгээ-практикийн наркологийн төвийн судалгаа, шинжилгээ эрхэлсэн дэд захирал Олек Бузик РИА Новости агентлагт өгүүлснээр зарим хүн өөрт тохиолдсон таагүй явдлаа аргацаахын тулд шөнө хооллож эхэлдэг, дараа нь хэтрүүлж идсэн уусныхаа шанг давхар хүртэж бас шаналдаг байна. Үүнд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг нь ганцаардал байж болох бөгөөд гэхдээ гэр бүлтэй хүмүүс ч мөн шөнөөр хооллох дуртай болсон байдаг хэмээн шинжээч нэмж өгүүлэв.
Түүний хэлснээр хэрэглэж байгаа хоол хүнснийхээ тоо хэмжээг хянах чадваргүй болж, шөнө дөлөөр идэж уусны улмаас донтох (хамаарлын) өвчин тусч мэднэ. Ийм тохиолдолд идэхийн донтой болж хувирна. “Энэ бол идэхээс өөр ухамсарт нь юу ч бодож санах боломж өгөхгүй маш хүндэрсэн төлөв байдал (очень гипертрофированное состояние)” – хэмээн шинжээч тайлбарлав.
Барорецепторууд хэмээн нэрлэдэг мэдрэлийн дохиологч ажиллахаа больчихдог учраас хүн хоол идэж байхдаа ханаж цадсанаа мэдэрдэггүй. “Хэрвээ идэх дур хүслийг л хангахгүй бол тухайн хүн архинд орсон хүнийг санагдуулах шинж байдал (абстинентный синдром) үзүүлнэ. Өөрөөр хэлбэл наркологийн өвчний бүх шинж тэмдэг илэрнэ”- хэмээн Бузик тайлбарлав.
Хүн өөрөө бие дааж шийдвэрлэж чадахгүй болтол хуримтлагдсан сэтгэл зүйн олон асуудлын улмаас аливаа бусад донгийн нэг адил идэх дон үүсч бий болдог. Ийм тохиолдолд, эмчийн онцолсноор, мэргэжилтнүүдэд хандах хэрэгтэй ажээ.
 
Олон ангит кино үзэхдээ чипс идэх нь ашиг тустай юу?
 
Сүүлийн үед, ялангуяа залуучуудын дунд, олон ангит кино, эсвэл спортын тэмцээн үзэж байхдаа элдэв хүнс хэрэглэх үзэгдэл түгээмэл болжээ. Энэ бол эмчийн үзэж байгаагаар буруу муу зуршил аж.
“Спортын арга хэмжээ үзэж байх үед хүнс хэрэглэж байгааг зар сурталчилгаагаар дэмждэг хэдий ч хооллох үедээ телевиз үзэх, эсвэл утасны дэлгэц унших нь угаасаа хортой муу зуршил. Тодорхой тогтсон цагт, дэг жаягтай, тохь тухтай зассан ширээний ард, хоол хүнсээ аягалж таваглан, тодорхой нөхцөл бүрдүүлж, элдэв телевиз, компьютерт анхаарал сарнилгүйгээр хооллож ундлах ёстой. Аягалж тавагласан хоол хүнс амттай, дур хүсэл төрөхөөр гоё сайхан байхаас гадна аюулгүй байх ёстой бөгөөд ингэснээр хоол хүнсний эрүүл ахуй, ариун цэврийг заавал сахих учиртай. Хоолны орцонд хүнсний ногоо, жимс, бүхэл үрийн бүтээгдэхүүн, сайн чанарын уурагтай хүнс багтаж орох ёстой. Энэ бүхэн хооллох соёл хэмээх ухагдахуунд хамаарч байгаа юм”  хэмээн Стародубова онцлов.
Телевиз үзэж байхдаа хүмүүс гол төлөв фаст-фуд хэмээн нэрлэдэг илчлэг өндөртэй, давс, чихрийн агууламж ихтэй, өөх тостой зүйл иддэг.
Артерийн даралт ихэсгэх, зүрх – судасны болон хавдрын өвчлөл, чихрийн шижин, өөхлөлт бий болгох эрсдлийг огцом нэмэгдүүлэн эрүүл мэндэд маш муу нөлөөтэй ийм хүнсийг өдөр бүр огт хэрэглэж болохгүй” хэмээн тэрээр тайлбарлав.
 
Харанга дэлдэхийн хэрэг байна уу?
 
Бузикийн өгүүлснээр шөнө дөлөөр хэтрүүлж хоолохтой холбоотой глобал хэмжээнд хүрсэн тийм асуудал Орос улсад одоогоор байхгүй, харин ганц нэг тохиолдлууд бий. Сэргийлэх арга хэмжээ болгож харин хоногийн дэг горимоо эвдэх, эсвэл стресс ихтэй байвал сэтгэцийн хувьд эмгэгтэй болж магадгүй гэдгийг хүмүүст ярьж тайлбарлах хэрэгтэй хэмээн тэрээр нэмж хэлэв.
Стародубовагийн үзэж байгаагаар шөнөөр хэт хооллохын золиос болохгүйн тулд хүн юуны өмнө илүү зүйл идэж уухгүй байх, тэнцвэртэй, олон янзаар хооллодог, хооллох цагийн дэглэм сайн барих хэрэгтэй ажээ.
Мөн түүнчлэн хэтрүүлж идсэнээс үүддэг өвчнөөс сэргийлэхийн тулд өөх тос, давс, чихэртэй, шарсан хуурсан хоол хүнсийг шөнийн цагаар хэрэглэхгүй байх хэрэгтэй. “Унтаж амрахаас хоёроос дээш цагийн өмнө оройн хоол идэх хэрэгтэй. Амархан шингэдэг, илчлэг багатай хүнсийг оройн хоолонд хэрэглэвэл сайн. Оройн хоолны илчлэг нь хоногийн илчлэгийн 15-20 хувь байх ёстой. Энэ бол, жишээ нь, аарц, төмсний нухаш, эсвэл ногооны хачиртай загас гэх мэт уурагтай хоол байж болно”  хэмээн эмч тайлбарлаад унтахын өмнө тараг, чихэрлэг багатай жимс хэрэглэхийг хоол зүйч нар зөвлөдөг болохыг нэмж хэлэв.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан