Ходоод шүдгүй


-Ээж, хоолонд өөх байна, би идэхгүй.
-Аавдаа өг.
-Ээж, энэ бууз чинь тостой байна, та ид.
-Аавдаа өгчих өө...
Монгол айлд хоолны үеэр иймэрхүү яриа өдөр бүр шахам л гарна. Оройд хүний тооноос хэтэрсэн “нуур, далай” шиг их хоол хийчихээд өглөө түүнийгээ халааж иддэг нь бидний тогтсон дадал. Тэр хоолоо хөргөгчид хадгалдаг нь хэд бол. Олонх нь ийм соёлд суралцаагүй. Шөнийн турш тасалгааны элдэв нян, бактеритай холилдож, шөл нь өтгөрч, шим, тэжээллэг чанар нь буурсан хоолыг өглөө халаагаад гэрийнхэндээ идүүлдэг эзэгтэйг би муу хүн гэж “цоллоно”. Хүүхдүүдийнхээ голж, шилснийг “Эцэгтээ өг” гэж муу муухайг нөхөртөө идүүлдэг бол та муу хань. Үр хүүхдээ хооллохдоо зажилж өгдөг, халбага, сэрээг нь долоодог бол бүр ч муу ээж.
Хөөрхий аав яах вэ дээ, эхнэр, хүүхдийнхээ үгнээс гарах биш. Өгсөн болгоныг нь л идчихдэг. Ямар сайндаа л “Аав чинь идэхгүй бол нохойд өг” гэх ёж үг гарах вэ дээ. Гэхдээ энэ инээдэм биш, өдгөө эмгэнэл болчихоод байна. Монгол айлын хооллох ёс, уламжлал буруу явж ирсний гайгаар XXI зууны эхэнд бид ходоодны элдэв өвчин, хавдарт дарлуулах боллоо. Муухайгаар хэлэхэд, монголчууд нохой тоож идэхгүй “юм” байсан ч хоолойгоороо давуулчихдаг нь тоогүй. Үүнийгээ тэд бараг л “Шүүдрийн усаар ундаалж, шүдний махаар хооллож явсан” хээгүй, хэнэггүйн зан гэх.
Нөгөөтээгүүр, хэзээнээсээ л бид махчин ард түмэн шүү дээ. Гэвч бүхэл хоол, махыг худалч хүнд зажлахгүй “цааш” нь харуулчихдаг. Эмч нарын хэлж буйгаар, өвөө, эмээ, аав, ээж анхнаасаа бидэнд хоолоо сайн зажилж, шимж идэх дадал хэвшлийг суулгаагүй гэнэ билээ. Олонх нь ходоодоо шүдтэй юм шиг санаж, бүхэл бүтнээр залгисан хоолыг нь ходоод, гэдэс нь тээрэмдээд, боловсруулчихдаг мэтээр сэтгэж, өдий хүрсэн болж таарав. Гэтэл хүүхдийг дөнгөж бор хоолонд орохоос эхлээд зөв хооллох соёлыг хэвшүүлэх ёстой аж. Эс тэгвээс насанд хүрсэн хойно нь засаж залруулшгүй буруу зуршил болдог байна.
Урт насалдаг үндэстнүүдийн эрхэмлэдэг хамгийн гол зүйл нь хоолыг маш сайн зажилж идэх. Ингэснээр шүлс ихээр ялгаран хоол боловсруулах үйл явц эхэлдэг байна. Хамгийн эхний эл алхам сайн бол ходоодонд өгөх ачаалал багасаж, тэр хэрээр түргэн шингэдэг аж. Хоол судлаач, доктор М.Оюунбилэгийн судалгаанд “Дутуу, хагас зажилсан хоолыг ходоод боловсруулах гэж маш их ажилладгаас гадна дутуу боловсорсон “лагийг” гэдэс рүү явуулж, тэр эрхтнийг бас туйлдуулна. Ингээд бүдүүн гэдэсний хана дутуу боловсорсон үлдэгдлээр зузааран, ходоодны олон өвчний эх үүсвэр болдог. Цаашлаад дутуу “шатсан” хоолонцроос үүссэн хор цусанд шимэгдэж, биеийг мөн хордуулна. Тиймээс хүүхэд байхаас нь л хоолыг маш сайн зажилж, идүүлэх дадалд сургах хэрэгтэй. Тухайлбал, хүүхдийн шүд ургаж эхэлмэгц аав, ээж нь үүнийг үлгэрлэж, дасгах байдлаар уйгагүй сургана. Ингэснээр ходоод өвчлөхгүй байхаас гадна хүн насан туршдаа эрүүл шүдтэй байх боломжтой. Хорхойтох нь ч бага. Цаашлаад эрүүний цусан хангамж сайжирч, шүд зөв ургана. Хацар, нүүрний булчин чангарч, тэнцвэртэй хөгжихөд тустай. Мөн тархины цусан хангамжийг сайжруулан, цадах мэдрэмж эрт төрүүлдэг нь хэт их идэхээс сэргийлдэг” хэмээн дурджээ.
Та үүнийг мэдэх үү. Бидний хамгийн хөнгөн хүнс хэмээдэг өргөст хэмхийг хүртэл 53, хиамыг 48, бяслагийг 47, алим, будааг 41, махны нухашийг 35, төмснийхийг 34, чанасан өдгийг дор хаяж 33 удаа зажлах ёстойг Японы хоол судлаачид зөвлөдөг. Гэтэл бид төмсний нухашийг бол халбагадаад л шууд залгина, юун зажлах. Өндгийг хоёр, гуравхан хазаад ходоод руугаа “чулуудчихдаг”. Алим, будааг ч ялаагүй, бүхэл бүхлээр нь л зооглоно. Өөрөөр хэлбэл, бид ходоодоо яг л хогийн сав шиг болгодог гэсэн үг. Гэрийн тэжээвэр амьтныхаа үсийг гоё ургуулна, эрүүл байлгана гэж үнэтэй, зориулалтын хоол, хүнсээр тэжээдэг хэрнээ өөрсдийгөө нохой, муурнаасаа дорд үзэх нь утгагүй.
Хоол боловсруулах үүрэгтэй, булчинлаг ханатай, уут мэт эрхтэн бол бидний ходоод. Монголчууд хэдийгээр нүүдэлчин амьдралаасаа холдоогүй ч шинэ зууны буруу хооллолтын давалгаанд туугдаж яваа хүмүүс. Зундаа цагаан, өвөлдөө улаан, хавартаа шар, намартаа ногоон идээгээ зооглон, уудам нутагтаа мал ахуйгаа адгуулан амьдардаг асан хуучны цаг ард хоцорсон гэсэн үг. Хотын соёлд уусахын хэрээр импортын хүнсний бүтээгдэхүүнүүд ихээр хэрэглэж, эдгээр нь бүгд шахам химийн найрлагатай тул эсрэгээрээ хор болж буй. Дээрээс нь өөрсдөө түргэн хоолонд донтож, гахай, шувууны шарсан мах, эсэн бусын орцтой пицца иднэ. Хүүхэд, том хүн гэлтгүй чихэр, давс тоймгүй хэрэглэж, хийжүүлсэн ундаанд нугасгүй болжээ.
Ууж идэхдээ уурганы морь, урагш гишгэхдээ ургаа хад гэдэг шиг “эсэн бусын” юм идчихээд хөдлөхгүй. Нийтээрээ шахам хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт зэрэг нөгөөх л улиг болсон шалтгаанаар насанд хүрсэн хоёр хүн тутмын, сургуулийн насныхны гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй болж. Улсын хэмжээнд халдварт бус өвчний тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт хоол боловсруулах замын эмгэг жагсаж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикаас харахад, өнгөрсөн оны байдлаар 10 мянган хүн тутамд уг эмгэгийн тохиолдол 1548-д хүрчээ. Хот, хөдөөгийн алинд нь ч өвний тархалт тэнцүү.
Бид ходоодоо хайрлахгүй, харин ч нэрмээс болж буйг дээрх баримтууд гэрчилнэ. Ходоодны шархгүй хүн гэж өдгөө бараг үгүй болсон гэх. Улсын том эмнэлгүүдэд эл шалтгаанаар хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн дунд хамгийн залуу нь 10 сартай хүүхэд байв. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Сумъяа “Монголчуудын дунд ходоод, нойр булчирхайн архаг, хурц үрэвсэл, шарх, хавдар, гэдэсний урхаг өвчин их байна. Ходоодны эмгэгийн 85 хувийг архаг үрэвслээс үүдсэн өвчлөлүүд эзэлдэг. Манай улсын хүн амын талаас илүү хувь нь ийм өвчинтэй гэсэн судалгаа бий. Харамсалтай нь, 10-15 хувь нь л эмчид хандаж, эмчлүүлдэг. 
Ходоодны шарх, үрэвсэл нэг нь нөгөөгийнхөө суурь шалтгаан болдог. Тиймээс гэр бүлийн гишүүд тусдаа аяга, халбагатай байх, гал тогооны хэрэгслийг ариутгах, хүнсний бүтээгдэхүүнийг зөв, зохистой хадгалж, боловсруулан хэрэглэх зэрэг наад захын соёлыг амьдралдаа хэрэгжүүлэхээс ходоодны алив өвчнөөс сэргийлэх боломжтой. Түүнчлэн зөв хооллож, давсны хэрэглээгээ багасгахгүй бол горьгүй. Гэтэл манайхан эсрэгээрээ хэт халуун, эсвэл хүйтэн, аргуу, хатуу хоол, хорхог, шарсан, хоносон, халаасан хоол их хэрэглэж байгаа нь маш буруу. Ходоодны үрэвсэл, шархлаа, хавдрын үед ихэвчлэн аюулхай орчимд базалж өвддөг. Мөн ядрах, бие сулрах, нойргүйдэх, цочромтгой, эсвэл хоолонд дургүй болох, жин хэт нэмэх болон буурах, хооллосны дараа хэвлий орчмоор өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай” гэсэн юм.
Мэдэхэд илүүдэхгүй өөр нэг зүйл байна. Амьдралын буруу хэвшлээс болж ходоод ачааллаа даахгүйд хүрснээр хоол боловсруулах эрхтний нэг болох элэг хурдан мууддаг юм байна. Монголчуудыг В, С вирусээсээ болж элэгний өвчинд дарлуулдаг гэж олонх нь боддог биз. Гэтэл ходоод ч гэсэн ачааллаа бусад эрхтнүүдтэйгээ хуваалцдаг, хортой бодисыг нь элэг шүүж, биеэс гадагшлуулах гэж ядарч, цуцдаг аж. Тиймдээ ч өнгөрсөн онд бүртгэгдсэн хоол боловсруулах тогтолцооны эмгэгийн 11.9 хувийг элэгний өвчлөл эзэлжээ.
Хүүхэд биш, хоолоо зажилж иддэггүйгээсээ болоод янз бүрийн хавдар тусаж байгаа нь ичгэвтэр хэрэг гэж эмч нар хэлсэн. Мэдээж энэ нь шууд хавдар болчихгүй ч удаан хугацааны буруу дадал, зуршлын үр дүн аж. Статистик сөхвөл, 2018 онд оношлогдсон нийт хавдрын 36.1 хувийг элэгнийх, 14.8 хувийг ходоодных эзэлсэн байна. Түүн дотор элэг, ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын тохиолдлын олонх нь эрчүүд аж. Тодруулбал, ходоодны хорт хавдрын 901 шинэ тохиолдол бүртгэгдсэний 65 орчим хувь нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй байна. Айл гэрийн ноён нуруу, өрх гэрийн тэргүүн хэмээн хүндэлж, хоол, цайныхаа дээжийг аав, ханьдаа барилгүй л яах вэ. Гэхдээ тогооныхоо хамаг өөх тосыг хамж шимээд идүүлдэг муу зуршлаасаа татгалзъя, эзэгтэй нар аа.
Өдгөө улсын хэмжээнд 20 орчим мянган хүн хорт хавдрын улмаас эмчийн хяналтад байгаагийн 12 хувь нь ходоодны шалтгаантай. Уг эмгэгээр оношлогдсон нийт хүний 30 хүрэхгүй хувь нь л таваас дээш жил насалдаг байна. Учир нь ходоодны хавдрын нийт тохиолдлын 87.5 хувь нь өвчнийхөө III, IV шатанд оношлогддогтой холбоотой. Тиймээс л эмч нар элэг, ходоод, таван цул эрхтнээ хайрла. Сэргийлж болох халдварт бус өвчнөөс гэр бүл болон өөрийгөө хамгаал гэж хоолойгоо сөөтөл зөвлөдөг.
Дэлхий дахинд өдгөө жил бүр 41 сая хүн халдварт бус өвчнөөр нас барж байна. Энэ нь нийт нас баралтын 74 хувийг эзэлж буй. ДЭМБ-ынхан халдварт бус өвчнөөр нас барах эрсдэлийг хамгийн их нэмэгдүүлдэг шалтгаанаар хөдөлгөөний хомсдол, эрүүл бус хооллолтыг нэрлэжээ. Хүн төрөлхтөн энэ бүхнээс хол байснаар нийт нас баралтыг 23 хувиар бууруулж чадна гэж үзэж байна. Тиймээс зөв зохистой хооллох тэр тусмаа шим тэжээлээр баялаг, эрүүл, аюулгүй хүнсийг өдөр тутамд тохируулан хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Гэхдээ дэглэм барих нэрээр ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг ор тас хорьж болохгүй гэсэн. Ялангуяа монгол хүн өдөрт багадаа таван нэр, төрлийн хүнсний бүтээгдэхүүн заавал хэрэглэх шаардлагатай аж. Үүнд үр тариа, гурилан болон мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, сүү, цагаан идээг тохируулан зооглох нь зүйтэй аж.
UNUUDUR.MNскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан