Хүйтний эрч чангарч, ханиад томуугийн дэгдэлт нэмэгдэж байгаа энэ цаг үед хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа. Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн Хүүхдийн тасаг үндсэн 80 ортой ба нэмэлтээр хүүхдийн тасгийн сэргээн засах эмчилгээний өрөө, тоглоомын өрөөг суллаж 22 ор, мэдрэл, уламжлалт, хөнгөвчлөх эмчилгээний тасгийг суллаж 58 ор, дотрын 1 дүгээр тасгийн 50 орыг хүүхдийн тасагт шилжүүлэн нийт 210 ортойгоор хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийг хүүхдийн 3 дугаар тасаг, дотрын тасгийг хүүхдийн 4 дүгээр тасаг болгон зохион байгуулж, амбулаториос эмч, сувилагч татан ажиллуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт нийт 162 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хотын захирагч хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд, эцэг эхчүүдийн санал бодлыг сонсож, эмнэлгийн ажилтнуудад эмчилгээ үзүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлтэй нөхцөл байдлыг сонслоо.

