Шоколад өдөр бүр идвэл арьс хөгшрөх явцыг удаашруулдаг байна. Флавонол ихээр агуулсан жаахан ч гэлээ хар шоколад идэхэд л хүний нүүрт үрчлээс тогтохоос сэргийлээд зогсохгүй арьсны хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг тухай “European Dermatology London” гэдэг хувийн эмнэлгийн хэсэг эрдэмтний судалгаанаас иш татаж The Telegraph сонин мэдээлжээ. Мэргэжилтнүүд судалгааныхаа явцад хоёр хэсэг болгож хуваасан сайн дурынхны арьсны байдлыг ажиглажээ. Туршилтын эхний хэсэгт орсон хүмүүс гурван сарын туршид флавонол ихээр агуулсан хар шоколад идсэн бол хоёр дахь хэсгийнхэн ердийн шоколад идэж байсан байна. Тэгээд эцэст нь судалгааныхаа дүнг гаргахад эхний хэсгийн сайн дурынхны арьс нарны хортой хэт ягаан туяанаас сайтар хамгаалагдсан байжээ.
Шоколад идэх нь арьсны хорт хавдар тусах магадлалыг ч бууруулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ какао-бобт агуулагдаж байдаг антиоксидант гэдэг флавонолоор баялаг хар, исгэлэн шоколад л тийм чанартай байдаг байна.
Британийн Халла, Йоркийн Анагаах ухааны сургууль, мөн Оксфордын их сургуулийн эрдэмтэд какао ихээр агуулсан шоколад хэт ядрахаас сэргийлж, ой тогтоолтыг сайжруулдаг тухай бичиж байсан юм. Мөн хар шоколад өдөр бүр идэж байвал цусны эргэлтийн системийн өвчнөөс үүдэлтэй элдэв үрэвслийг намжаадгийг Италийн эрдэмтдийн хийсэн судалгаа харуулсныг Оросын “Вокруг Света” сэтгүүлд бичсэн байна.