Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалтай газар дээр нь очиж танилсан байна.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Я.Амаржаргалаар ахалсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн орны ачаалал болон зохицуулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй танилцаж, нөхцөл байдлыг олон нийтэд мэдээллээ.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нийт батлагдсан хүүхдийн 165 ортойгоос өнөөдрийн байдлаар 261 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 96 ор нэмэлтээр дэлгэн зохицуулалт хийжээ. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар өдөрт дунджаар 153 хүн үйлчлүүлж, 30 хувь нь хэвтэн эмчлүүлдэг байна. Одоогоор тус эмнэлэгт дутагдсан эм тариа байхгүй, гурван сарын нөөцтэй байгаа аж. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос өнөөдрийн байдлаар 154 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 78 ор дэлгэн зохицуулалт хийжээ. Насанд хүрэгчдийн 28 орыг хүүхдийн оронд шилжүүлж, Сэргээн засах болон Ажилчдын амралтын өрөө зэрэг бусад нөөц орон зайд ор дэлгэн, хүүхэд хүлээн авч зохицуулалт хийсэн байна.
Энэ үеэр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалтай цөөн хором ярилцлаа.
-Танай эмнэлгийн хүүхдийн амбулаторын ачаалал хэр байна вэ?
-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасаг 200 ортой. Шаардлагатай үед дэлгэх 135 ор бий. Одоогийн байдлаар 254 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Орны ачаалал 20-30 хувьтай нэмэгдсэн байна. Хүүхдийн амбулатори амралтын өдрүүдэд ч 24 цагаар ажиллаж байна. Бусад үед 22.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Түүнчлэн 11-362539 утсаар мэргэжлийн эмч зөвлөгөө өгч байна.
-Баянгол дүүргийн хүүхдийн амбулатори коридорт хүүхдүүдээ хэвтэн эмчилж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ тухай тайлбар хийнэ үү?
-Манай эмнэлэг хүүхдийн хоёр тасагтай. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүүхдийн орныхоо тоог хангалттай нэмсэн. Нэг хоёрдугаар тасаг нийлээд 350 ортой. Цахим хуудаснаа сүүлийн өдрүүдэд хоёр жилийн өмнөх ид ачааллын үеэр ор хүрэлцэхгүйгээс коридорт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн зураг цацах боллоо. Тухайн үед манай хүүхдийн эмнэлэг 140 ортой байсан ч ид ачааллын үеэр 238 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байсан юм. Гэтэл хоёр жилийн өмнөх шалан дээр хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүдийн зургийг өнөөдөр болсон үйл явдал мэт тарааж байна. Энэ худал мэдээлэл цахимаар давалгаалаад эргээд эцэг, эхчүүдийн хандлага хүртэл сөрөг болж эхэллээ. Бид нэг ч иргэнийг газар шалан дээр эмчлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
-Хүүхдүүд ихэвчлэн ямар өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа вэ?
-Өдөрт дунджаар 50-60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нийт үзлэгийн 80 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Мөн суулгалт өвчин их байна. Томуугийн гаралтай суулгалт өвчин бас их гарч байна. Ротовирус нь ам залгиур агаар дуслын замаар халддаг.
-Уртасгасан цагаар үзлэг хийх нь эцэг, эхчүүдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна гэж зарим эмч нар үзэж байгаа. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Тийм тал бий. Гэхдээ халуурч байгаа хүүхдийг сургууль, цэцэрлэгт явуулж болохгүй. Хүүхэд халуурч байгаа тохиолдолд илүү олон хүүхдэд халдварт өвчин дэгдээх бүрэн боломжтой гэж үздэг.
-Өнгөрсөн жилтэй харьцуулахад томуугийн тархалт хэдэн хувьтай байна вэ?
-Өнгөрсөн жилийн томуугийн тархалтын оргил үед 354 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Энэ жилийн хувьд бас ижил байх болов уу гээд эм тарианы нөөцөө бүрэн хангасан. Өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад томуугийн тархалт 0.3 хувийн буурсан үзүүлэлттэй байна. Өмнөх оны арваннэгдүгээр сард 270, 280 ор эргэлтэд байсан. Жил бүр томуугийн өвчлөлийн онцлог байдаг. Өнгөрсөн жилийн өдийд өдөрт 80 хүүхэд хэвтэж байсан. Энэ жилийн хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхэн үеийн байдлаар томуугийн дэгдэлт ихэсч 270-280 хүүхэд хэвтэн эмчлүүлж байлаа.
-Томуугаар өвчилсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Юуны түрүүнд хүүхдийг маш сайн асарч, дулаан хувцаслаж, халуун хоол ундыг хангалттай хэмжээнд өгөх хэрэгтэй. Дур мэдэн эм хэрэглэж болохгүй. Дэлхийд томуугаас сэргийлэх гол арга бол гарын ариун цэврийг чанд сахих байдаг. Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ гарыг тогтмол сайн ариутгаж, угаалгаж хэвших нь урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга. Мөн хүүхдүүд толгой нүцгэн явж болохгүй. Заавал малгай, ороолт өмсгөж байх хэрэгтэй.
-Хүүхдийн дархлааг ямар, ямар аргаар дэмжих нь хамгийн үр дүнтэй вэ?
-Бага насны хүүхдүүдийн дархлаа насанд хүрсэн хүмүүсийнх шиг тогтворжоогүй байдаг. Тэгэхээр бид хүүхдийн насанд тохирсон хоол тэжээл өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, унтуулж амраах шаардлагатай. Үүний үндсэн дээр хүүхдийн дархлаа тогтворждог. Ганцхан витамин уулгаж, эм өгснөөр дархлааг дэмжихгүй шүү. Орчин үеийн хүүхдүүд телевиз үзэх, утсаар тоглох гэх мэтчилэнгээр шалтгаалан унтах цаг нь хойшлогдоод байгаа. Ерөнхийдөө бага насны хүүхдүүд 10-12 цаг унтах бие физиологийн шаардлагатай байдаг. Тиймээс хүүхдээ аль болох оройны 09:00-10:00 цагийн хооронд унтуулах хэрэгтэй. Хүүхдэд шөнийн нойр маш чухал. Хүүхэд шөнө унтаж байх хугацаанд дархлааны бодисууд нь биед идэвхжиж байдаг.Хүүхдийн унтах цаг хойшлох тусам дархлаа дэмжиж ялгарах бодисууд улам багасна гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн нойр чухал ач холбогдолтой.
-Өрхийн эмнэлгийн үйлчилгээнд иргэд хангалтгүй байдаг. Танай дүүргийн хувьд иргэд өрхийн эмнэлгээр үйлчлүүлэхгүй дүүрэгтэй хандах тохиолдол хэр их байдаг вэ?
-Манайх төвийн дүүрэг учраас харилцан адилгүй. Дүүргийн эмнэлэг иргэдтэй ойр байдаг учраас шууд ороод ирдэг. Цаашид ч өрхийн эмнэлгүүдэд хүүхдийн мэргэшсэн эмчийн тоог нэмэгдүүлэх бодлого баримталж байна.
Г.Нямсүрэн