НИТХ-ын 2019 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шинээр хороод байгуулагдсантай холбогдуулан тус хороодод Өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах, салбарлуулан зохион байгуулж ажиллуулах талаар СХД, ХУД-ийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай уулзаж, харилцан санал солилцлоо.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ хороодод ӨЭМТ-ийг зохион байгуулах, салбарлуулах талаар тухайн дүүргүүдийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнууд, шинээр байгуулагдсан хороодын Засаг дарга, хуваагдаж байгаа ӨЭМТ-ийн төлөөлөлтэй хамтарсан уулзалтуудыг зохион байгуулж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан тухай дүн, саналаа танилцуулсан юм.
Түүнчлэн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга, удирдлагууд өөрсдийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн бэлтгэл ажлын өнөөгийн байдал, цаашдын төлөвлөлтийн талаар санал бодлоо хуваалцлаа.
Энэхүү уулзалтаар өнөөдрийн нөхцөл байдалд шинээр байгуулагдсан хороодод ӨЭМТ болон салбарыг зохион байгуулах боломжгүй тул иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах хүрээнд шинэ хороодын дэргэд тухайн хорооны байр, гудамжийг хариуцсан эмч, сувилагч ажиллуулах, эмчийн үзлэг, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг эхлэн зохион байгуулах, цаашид үйл ажиллагааг шат дараатай өргөжүүлэх, холбогдох дүрэм, журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар зөвшилцлөө.
Тус уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа, СХД-ийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар, ХУД-ийн ЗДТГ-ын дарга Б.Энхболд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нар болон бусад холбогдох удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцсон байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР