Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан хамтран хийсэн Нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгаагаар Баян-Өлгий аймагт бага насны хүүхдийн дархлаажуулалтын түвшин баруун бүсийн болон улсын дунджаас доогуур гарчээ.
Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Хяналт, үнэлгээний мэргэжилтэн Д.Хүрэлмаа Өлгий хотод өнөөдөр болсон дээрх судалгааны үр дүнг танилцуулах сургалтын үеэр мэдээллээ.
Тухайлбал 12-23 сартай хүүхдийн суурь дархлаажуулалтын түвшин Баян-Өлгий аймагт 68 хувьтай гарсан байна. Энэ нь улсын дунджаас 19, бүсийн дунджаас 15 хувиар доогуур үзүүлэлт аж. Харин 30-35 хүүхдийн дархлаажуулалтын түвшин 65 хувьтай байна.
“Баян-Өлгий аймагт вакцины хангамж хангалттай түвшинд гарсан. Харамсалтай нь гурван хүүхэд тутмын нэг нь дархлаажуулалтад бүрэн хамрагдаж чадахгүй байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна. Эцэх эхчүүд зохих мэдлэггүй байна уу, хүүхдээ авч ирэх боломжгүй байна уу, Өрхийн эрүүл мэндийн төв ажлаа учир дутагдалтай хийж байна уу зэрэг асуудалд цаашид анхаарал хандуулах шаардлагатай байна” гэж тэрээр хэллээ.