Хүн бүр дур сонирхол, үзэл бодлынхоо дагуу аз жаргалтай мөч, эртний сайхан дурсамжийг мөнхжүүлж үлдээхийн тулд ой санамжны зөөврийн хаард болох цахим нийгмийн сүлжээнд оруулан хадгалж байна. Ингэснээр өөрт тохиосон сайхан мөчүүдээ цахим орчин дахь найз нөхөдтэйгөө хуваалцана гэж бодож болох юм. Гэтэл энэ нь таныг танилын төдий мэдэх хүмүүст атаархах, ганцаардах, бусдад шүүмжтэй хандах гэхчлэн сөрөг мэдрэмж төрүүлдгийг эрдэмтэд тогтоожээ.
Карнэжи Миллон /Carnegie Mellon/ их сургуулийн сэтгэл судлаач Мойра Буркэ /Moira Burke/ 1200 нүүр ном хэрэглэгчдийн мэдээлэл, хувийн захидал гэх зэрэгт дүн шинжилгээ хийж, тухайн хүмүүсийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байгааг болон аз жаргалын тухай үнэлэмжийг судалж үзээд дараах 2 дүгнэлтэд хүрсэн байна. Үүнд:
- Хүн зөвхөн өөрт нь хамааралтай гэх мэдээлэлд анхаарал хандуулдаг учраас цахим орчинд дотны найз нөхдийн оруулж байгаа аливаа мэдээлэлд илүү төвлөрч мэдрэг ханддаг байна. Түүнчлэн нийгмийн сүлжээгээр дамжуулан хэн нэгнээс танд хандсан бичвэр, зураг зэрэг нь таатай сэтгэгдэл үлдээгээд зогсохгүй таныг аз жаргалтай болгодог байна. Жишээ нь таны харж явдаг залуу эсхүл бүсгүй таны зурганд LIKE дарсан байгааг харснаар аз жаргалтай болох магадлал 75% хүртэл ихсэхдэг ажээ.
- Хэдийгээр цахим нийгмийн сүлжээн дэх мэдээлэл агуулгын хувьд хүнд сөрөг мэдрэмж төрүүлхээргүй байсан ч хүмүүс өөрөө өөрийгөө сөрөг мэдрэмжтэй болгож байна. Энэхүү сөрөг мэдрэмж үүсэхэд цахим сүлжээний шууд оролцоо байхгүй ч түүгээр дамжуулан мэдээллүүдийг олж авч байгаа болохоор холбож ойлгох болсныг Мойра Буркэ /Moira Burke/ онцолжээ.
Тэгэхээр хүн олон нийтийн сүлжээнээс олны танил хүн эсхүл өөрийн танил хэн нэгний гадаад дотоодод аялсан тухай тэмдэглэл, үнэтэй машин хөлөглөж яваа зураг, гоё сайхан арга хэмжээнд оролцсон талаарх мэдээллийг олж харах үед бага ч гэсэн шунал хүсэл сэтгэлд үүсдэг байна. Уг хүслээ бодит амьдрал дээр биелүүлж чадахгүй гэдгээ мэдмэгц бусдад атаархах сэтгэл төрөөд зогсохгүй, аливаад шүүмжтэй хандах хандлагыг өөртөө бий болгодог байна. Энэ хандлага нь яваандаа хүнийг сэтгэл гутралд оруулж ганцаардах мэдрэмж төрүүлдэг болохыг Австралийн сэтгэл судлаачид тогтоосон байна.
Ялангуяа эмэгтэй хүн сэтгэл хөдлөл ихтэй учир магадгүй зүгээр л сэтгүүл дээр мэргэжлийн зурагчины авсан янз бүрийн программын тусламжтайгаар үзэсгэлэнтэй гарсан загвар өмсөгчдийн засварласан зургийг цахим сүлжээнээс сонирхон харснаар өөрийгөө харьцуулан голох нөхцөл байдлыг бүрдүүлдэг байна.
Энэ нь сүүлийн жилүүдэд залуу охидын дунд anorexia буюу хоол голох эмгэгийг бий болгоод байна. Энэ сэтгэцийн эмгэг нь хүнийг өөрийгөө тарган гэж бүрэн итгэснээс болж гүн гутралд оруулаад зогсохгүй хооллохоос айх өвчтэй болгодог байна. Түүнчлэн хоол идэхгүй удаан явснаас болж тэжээлийн дутагдалд ч орно. Иймд өсвөр насныхныг цахим нийгмийн сүлжээнд өөрийн гэсэн сэтгэл зүйн дархлаатай болтлоо нэгдэн орохгүй байх эсхүл мэдээллийг зөв үнэлж байхыг эрдэмтэд дуу нэгтэйгээр анхааруулж байна.
Энэ цаг үед хүн материаллаг зүйлсийг хэт шүтэх нь цахим орчинд хуурамч дүрийг бий болгоход ихээхэн нөлөөлөл үзүүлж байна. Залуучууд эдээр биеэ чимснээр нийгмийн сүлжээнд олон дагагчтай болж олны танил, аз жаргалтай нэгэн болно гэж бодож болох юм. Тэгвэл аз жаргалтай байхад дээрх зүйлс огтхон ч хамаагүй болохыг дараах судалгаа баталжээ.
Харвардын их сургуулийн сэтгэл судлаачид аз жаргалтай байхад юу нөлөөлдөг тухай нууц түлхүүрийг тайлах зорилгоор 700 гаруй хүний амьдралыг 75 жилийн турш ажиглаж, жил бүр асуулга явуулан судалжээ.
Судалгааны үр дүнд хүн нэр алдар, эд баялаг, эрх мэдэлтэй байснаар аз жаргалтай болдоггүй, харин хайртай хүнтэйгээ гэрлэж, дотны хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөөж, жижиг зүйлээс ч сэтгэл ханамжийг авч чаддаг хүн насан туршдаа аз жаргалтай байдаг болохыг тогтоожээ. Харин ганцаардмал хүн өвчлөмтгий, үргэлж сэтгэл гутралд орох аюултай байдаг байна.
Ихэнх хүмүүс уйдсандаа, эсхүл ганцаардсанаас болж цахим ертөнцөөр аялаж байна гэж өөрийгөө боддог байх. Харин цахим нийгмийн сүлжээн дэх мэдээлэл таны сөрөг мэдрэмжүүдийг сэдрээх магадлал өндөр тул та түүнийг нэг ажиглаад үзээрэй. Хэрэв тийм бол цахим орчноос өөрийгөө хөндийрүүлэн хэсэг хугацаанд түүгээр зочлохгүй байхыг танд зөвлөе.
Сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн
Мэдээллийн эх сурвалж