Сэтгэцийн нэгэн төрлийн эмгэг: Агуу ихийн дон

Монголын нийгэмд тулгамдаж байгаа асуудлын нэгд цаг үеээ даган хувьсаж буй нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлт багтана. Өнөөдөр иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ашиглах замаар  олон нийтийг мэдээллээр хангаж, тэдний дэмжлэг туслалцааг авч, буруутай этгээдийн алдаа дутагдлыг засаж, арилгах зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг засан залруулах оролдлогыг хийцгээж буй.
Гэхдээ энэхүү эрх чөлөөг ашиглан агуу ихийн дон хэмээх сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нийгэмд муу үлгэр үзүүлэх, буруу жишиг тогтоох үйл ажиллагаа явуулдаг болохыг сэтгэл судлаачид, сэтгэцийн эрүүл мэндийн салбарынхан үгүйсгэдэггүй аж.
Өөрсдийгөө олны танил, алдартай нэгэн, өөрөөс нь мундаг, өөрөөс нь илүү хүн үгүй хэмээн хэт их итгэсэн хүмүүс нийгэмд байдаг. Мөн өөрийгөө “Шекспир”, “Наполеон”, “Бурхан” гэж боддог хүмүүсийн тухай түүхийг бид олон ч удаа сонсож, үзэж харж байсан билээ.
Агуу ихийн дон гэгч энэ эмгэг тааварлахын аргагүй хүнд ч илрэх нь байдаг гэнэ. Сэтгэцийн энэ эмгэгийн илрэх шинж нь юу вэ, хэрхэн оношлох вэ? Агуу ихийн дон үүсэх шинжийг мэдсэнээр эмч, мэргэжилтнүүдэд хандах ёстой юу гэдгээ тогтоох боломжтой юм.
Агуу ихийн дон: Энэ бол хүний биеэ авч явах байдал өөрчлөж, чухал хүн байх хүслээр илэрдэг сэтгэцийн нэгэн төрлийн эмгэг юм. Энэ өвчний гол шинж тэмдэг нь өөрийнхөө хүч, баялаг, боломжид итгэх бөгөөд харамсалтай нь энэ нь бодит байдалтай нь нийцэхгүй явдал байдаг.
Ийм төрлийн хүн чухам өөрөө ямар хүн болох, эргэн тойронд нь юу болоод байгааг ойлгодоггүй. Өөрийнхөө бодсон бие хүндээ гүн итгэж, хэл яриа нь логикгүй болдог байна. Тиймээс түүнийг мэргэжлийн сэтгэл зүйчид ч илрүүлэхэд хэцүү.
Үндсэн шинж тэмдэг: Агуу ихийн дон өвчний хурцаас шалтгаалан их, бага янз бүрээр илэрч болно. Үүнээс бол нэг хүний шинж тэмдэг илрээд алга болох ч боломжтой гэсэн үг. Гэхдээ дараах шинжүүд илэрдэг.
  • Бусад хүмүүсийг басамжлан, зориудаар доромжилж, тухайн хүнээс бодит амжилт багатай ч өөрийгөө дээш гаргахыг хичээнэ.
  • Бүх хүнд өөрийгөө давтагдашгүй, цорын ганц гэдгээ мэдрүүлэхийг хичээнэ. Үүнийгээ нотлохын тулд бодож олсон чанар, зохиомол “амжилт”-аа гаргаж ирнэ.
  • Түүний төгс байдлыг хүмүүс тайвнаар хүлээн авч, хүндлэхгүй байна гэж байнга гомдоллоно. Хэн нэгэн түүнийг дооглон тохуурхах л юм улам л хүндэрнэ.
  • Эргэн тойрны хүмүүсийн нүдэн дээр төдийгүй өөрийнхөө өмнө боломжоо хэтрүүлэн үнэлдэг. Философийн чулуу, эсвэл бүх өвчнийг эмчлэх эм ч бүтээж чадна гэдэгтээ итгэдэг. Үүнийгээ дагаад өөрийгөө хэт дээгүүр үнэлдэг.
  • Бусдын санаа бодлыг хүлээн авдаггүй. Өөрийнх нь л бодол зөв гэж үздэг.
  • Толгойд нь олон сэдвээр олон санаа эргэлддэг. Ямар нэгэн санааг нь хэрэгжүүлж эхэлж байсан ч өөр нэг шинэ санааг дахин барьж авах сонирхолтой.
  • Нэг өдөр нь сэтгэлээр унаж, гуниглаж, түрэмгийлж байхад маргааш нь хөгжилтэй, хөхиүн, сэтгэл өөдрөг болдог. Сэтгэл өөдрөг үедээ агуу ихийн дон нь илэрдэг байна. Сэтгэл санаа нь өдөр, долоо хоног, сараар үргэлжилдэг.
  • Өөрийнх нь зохиож олсон “титэм”-ийг нь хүлээн зөвшөөрөөгүй хүмүүстэй түрэмгий ханддаг.
Үүсэх шалтгаан: Агуу ихийн дон эцэг эхээс хүүхдэд дамжиж болно. Мөн хүмүүжлээр бий болдог зүйл. Ийм хүмүүс өөрийгөө хэт дээгүүр үнэлж, амьдралынхаа туршид агуу их төлөвлөгөө зохиож байдаг.
Энэ өвчний үед сэтгэл санаа байнга өөрчлөгдөх, сэтгэн бодох чадвар алдагдах, хий юм үзэх, дон шүглэх зэрэг шинж илэрч болно. Агуу ихийн дон түүнчлэн тархины гавлын гэмтэл, эсвэл стрессийн хүчин зүйлсээс болж үүсч мэднэ.
Архи, мансууруулах бодис ч агуу ихийн дон нэмэгдэхэд нөлөөлдөг. Учир нь тархины эсийг гэмтээдэг байна. Хөгшчүүдийн зөнөгрөл, тэмбүүнээс болж тархи гэмтэх нь мөн л мэдрэлийн системд хор учруулдаг таагүй хүчин зүйлсийн нэг юм.
Эмчилгээ: Агуу ихийн дон өвчнийг тусад нь эмчилдэггүй, шалтгаан болсон ерөнхий өвчлөлөөр нь засал хийдэг. Үүний тулд сэтгэл засалч, сэтгэлзүйчид ярилцлага, уулзалт хийх, шалгах замаар оношилно.
Онош тогтоогдсоны дараа сэтгэл зүйн болон эмийн эмчилгээ хийнэ.
Эх сурвалж: wikigrowth.ru
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан