Өвлийн улиралд ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор иргэд сайн гэсэн эмнэлэг бараадаж эмчилгээ хийлгэдэг.
Тухайлбал, Монголын улсын иргэн М хий ханиалгаад байсан болохоор Рафа гэх эрүүл мэндийг дэмжих төв үзүүлж, зүү тавиулсан байна. Гэвч эмчилгээний улмаас уушиг унасан байна. Эмчийн буруугаас уушиг унасан гэх энэ хэргийг шүүх хэлэлцээд Рафа эмэнэлгийн эмч, Солонгос улсын иргэн Ю.Ж нь буруутай гэж үзлээ.
Энэ хэрэгт буруутгагдаад байгаа эмч Ю.Ж нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын иргэн, 1974 онд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын Пхенъян хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уламлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй, “Рафа” эмнэлэгт уламжлалтын эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын Пхенъян хотод оршин суух хаягтай, Монгол улсад Баянзүрх дүүрэгт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй нэгэн ажээ.
Хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би энэ хүн дээр 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн. Миний хоолой сэрвэгнэж ханиалгадаг өвчтэй байсан. Би өвчнөө нуухгүй. Зөвхөн цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл гэдэг нь үнэн байсан. Намайг хоёр онош тавьж эмчилсэн. Мөгөөрсөн хоолойн үрэвсэл, давсагны өвчин байна гэж эмчилсэн. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө эмнэлэг дээр очоод зүү тавиулсан. Зүү тавиулсаны дараа миний баруун мөр өвдөөд байсан. Тэгэхэд миний ар нуруун дээр 3 зүү тавьж өгсөн. Миний хоолой, ар нуруу, гэдэс, хөлөн дээр зүү тавьсан. Би зүү тавиулаад босож ирснээ баруун мөр өвдөөд эхэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөж чадахгүй. Эмчээ “юу болчихвоо” гэж хэлсэн. Тэгээд эмч дахин судас барьж үзээд нуруун дээр 3 зүү тавьсан. Тэгээд “эмчээ дахиад өвдөөд байна” гэж хэлсэн. Надад нэг хар эм өгсөн. Би өвдөөд байхаар нь дахиад тэр эмнээс нь авсан. Тэгээд би гэртээ очоод Төмөр замын эмнэлэг рүү ахыгаа аваад явсан. Тэр хооронд миний амаар цагаан хөөс сахараад ханиагаад байсан. Би тэрийгээ мэдэхгүй байсан. Төмөр замын эмнэлэг дээр ахыгаа үзүүлэх гээд 3 давхарт гарсан чинь муужраад унасан. Эмнэлэгт өвдөөд байхаар нь би шүүгдэгчийн орчуулагч эмч рүү утсаар холбогдоход “хар эмээ хоол идэж байгаад дахиад уу” гэж хэлсэн. Би хоол идэж чадахгүй байсан. Нөхөр ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд би намайг хэвт гэсэн би хэвтэж чадахгүй байсан. Намайг томографикт харуулаад ир гэсэн. Хөдөлгөөнгүй суугаад байхаар зүгээр харин хөдлөх гэхээр өвдөөд байсан. Би “Грандмед” эмнэлэгт очсон. “Грандмед” эмнэлэгт хаана зүү тавиулсанаа хэлж байгаад муужраад унасан. Тэгээд “Грандмед” эмнэлэгт шууд хагалгаанд орсон. Миний уушигинд бөмбөлөг байгаагүй. Би 6.000.000 сая төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна...”
Энэ хэрэгтэй холбоотойгоор ШШҮХ-ээс нийт зургаан удаа шинжээчийн дүгнэлт хийлгэсэн байдаг. Дүгнэлтүүд харилцан адилгүй байсан юм.
Тиймээс энэ хэргийг яллах дүгнэлттэйгээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжшшлсэн. Шүүхээс БНАСАУ-ын иргэн Ю.Ж /Y J/ нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 8-9 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рафа” эмнэлэгт уламжлалт анагаах ухаан судлалын чиглэлээр эмчлэх үйл ажиллагаа зөвшөөрөлтэйгээр иргэн Д.М-д зүү тавих эмчилгээ хийж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс түүний эрүүл мэндэд “баруун уушгины авчилт цээжний хөндийд хий хуралт, баруун мөрний үеийн дээд хэсгийн булчингийн нэвчдэс, хаван хавдар” бүхий хүнд хохирол учруулсан, гэм буруутай гэж үзсэн. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ж /Y J/-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.